Андрюша, би чамайг хайрладаг шиг чи намайг хайрлаарай. Хайр гэдэг зүйл ямар агуу баялаг болохыг чи мэдэх биз. Зарим хүн миний халамж хайрыг учир дутагдалтай, халгаатай гэдэг. Магадгүй, чамайг тэргүүний сурагч байхад миний хайр халамж саад болдог юм болов уу?
Би чамайг сурагч байхад нэг ч удаа загнаж байл уу.
Санаж байна уу, ангийнхаа самбарын өмнө зогчихоод нүүр амаа үрчийлгэн хүүхдүүдийг инээлгэж, хичээл үймүүлсний чинь төлөө танай багш намайг дуудаж, баахан загнасныг. Тэгэхэд гарцаагүй л чиний буруу байтал багш чинь намайг ангийн буланд зогсоод, яг хүүхэд шиг загнаж байсан. Би ойлгоод л загнуулаад л зогсож байгаа нь багадсан бололтой багш “Бүх хичээл балласан...өөрөө юу ч мэдэхгүй, сурахгүй байж бусад хүүхдэд саад хийсэн...иймэрхүү байвал та хүүхдээ сургуулиас гаргахад хүрэх вий...танай хүүхдэд үг хэлээд ямар ч нэмэргүй...” гээд л. Цамцаа нортол хөлөрсөн би гэртээ хариад чамайг ёстой болгож өгнө дөө гэж бодоод сургуулийн хаалгыг бараг савах шахуу хаяад Комсомольскийн өргөн чөлөөгөөр алхлаа. Уурласандаа болоод унаанд ч суусангүй, алхчихлаа.
Гэтэл ард минь хүүхэд уйлах сонсогдлоо. Эргээд хартал хүнд цүнхээ чирэх шахуу явсан нэгэн эмэгтэй намайг хараад сайхан инээмсэглэлээ. Тэгснээ хүүдээ “Харж байна уу, чиний өмнө Винни-Пух инээгээд зогсож байна шүү дээ” гэсэн.
Танихгүй хүн ч надтай мэндэлж байна шүү дээ... Намрын салхи сэвшин намайг элбэх юм. ингэж явсаар байрныхаа гадаа ирэхэд “Чамайг болгоод өгнө өө” гэсэн бодол минь ч хийсчихжээ. Тэгээд би гэртээ ороод чамаас “Чи хүүхдүүдийг яаж инээлгэсэн гэнэ ээ. За, одоо надад нэг үзүүлээд аль” гээд чи бид хоёр баахан инээснээ санаж байна уу.
Энэ явдлаас хойш багш чинь намайг дахиад л дуудсан. Ээж чинь ямар сургууль руу явж, уулзах биш. Би унтахаар хэвтэж байхдаа “Өөр хотод зураг авалттай байсан учраас чөлөө өгсөнгүй” гэж багшид хэлдэг юм уу гэж бодсон...
Гэтэл өглөө Ванда уйлж, би нислэгээ хойшлуулаад, чиний сургууль руу хар гүйхээр очсон. Дахиад л нөгөө буландаа зогссон.
Ямар шалихгүй зүйлс бидний сэтгэлийг зовооном...
Би энэ захиаг яагаад бичиж байна вэ гэхээр, буруу зүйлийг залруулахыг хүссэн юм. Ингэснээрээ би өөрийн бүтээсэн зарим дүр шиг инээдтэй, дэмий амьтан шиг санагдаж магадгүй. Гэхдээ яалтай билээ, энэ чинь л би шүү дээ!
За, тэгэхээр найз минь, эцгийн сэтгэлийн түгшүүр, зовнил шиг хэцүү юм гэж байдаггүй юм.
Би нэг удаа гадаа алхаж явахдаа чиний асуусан бүхнийг эргэцүүлэн, бодсон. Мэдээж, тэр болгонд чинь би хариулахыг, чамтай ярилцахыг үргэлж хүсдэг ч, бүх зүйлд хариулахад амьдрал гэдэг хангалттай биш. Хамгийн гол нь энэ бүхнийг би ээжийгээ, чиний эмээг нас барснаас хойш мэдсэн юм шүү.
Андрюша минь дээ, чиний амьдралд чамайг үргэлж хамгаалж, жаахан хүүхэд шиг тэнэглэж, алдахад дэргэд чинь л зогсох тийм хүн байна уу? Тэр бол чиний хамгаалагч, бат цаз юм шүү. За, аав нь одоохон гэртээ орлоо.
Ленинград. 1974.10.03. Аав нь.