БНХАУ-ын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албанаас “Шинэ торгоны зам, эдийн засгийн бүс” форумыг торгоны замын дагуу орших 15 орны хэвлэл мэдээллийн 23 байгууллагын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй зохион байгуулсан талаар бид мэдээлсэн билээ. Нэгэнт сэтгүүлчдийг хүлээн авсан хойно орон нутгийн хэвлэлийн байгууллагуудтай танилцуулах нь зүйн хэрэг. Хятад улс дэлхийд цаасан сонины хэвлэлтийн хувиар тэргүүн байр эзэлдэг.
Хүн ам ихтэй тул энэ нь аргагүй ч сонины газрын тоо нь харин тэрбум гаруй хүнтэй нь харьцуулахад тун цөөн юм. 31 сая хүнтэй Узбекистан улсад 151 сонин үйл ажиллагаа явуулдаг бол Хятад 1915 сонинтой. Энд нийтдээ 77.670 тэрбум юанийн орлоготой ажилладаг аж. Гэхдээ 1915 сониноос 400 нь намын, 300 нь хот, дүүргийн харьяалалтай. Үлдсэн нь зугаа цэнгэл, спорт зэрэг төрөлжсөн сонин юм байна. Дэлхийн хамгийн олон хувь хэвлэгддэг 100 сонины 20 нь манай урд хөршийнх.
Хятадын Коммунист намын Төв хорооны албан ёсны хэвлэл “Жиньминь жибао” өдөрт 3.143 сая хувь хэвлэгддэг гэхээр том орны хэвлэлийн далайц харагдана. Орчин үеийн Хятадын сонины зах зээлд сүүлийн үед гарсан хамгийн том өөрчлөлт бол сонины газрууд дан ганц цаасан сониноор дагнахаа больжээ.
Ихэнх сонин аж ахуйн тооцоонд орсон тул үзэсгэлэн, яармаг зохион байгуулах, гадаад хэлний сургалт, захиалгатай мэдээлэл, эдийн засаг, санхүүгийн зөвлөгөө өгөх давхар үйлчилгээ явуулж, зарим нь үл хөдлөх хөрөнгийн зах зээл, уул уурхайн салбарт ажилладаг охин компаниудтай болжээ.
Охин компаниуд нь хөрөнгийн бирж дээр хувьцаа гарган, хөрөнгө татах ажлыг ч амжилттай хэрэгжүүлж байна. Өдөр тутмын “Чэнду”, “Хэнань”, “Гуанчжоу” зэрэг сонин мега групп болон хувирч, уул уурхай, худалдааны том компаниудтай ашиг орлогоороо эн зэрэгцэж ирээд байгаа гэнэ. Цахим ертөнц хөгжиж, цаасан сонинг борлуулахад хэцүү боллоо гэдэг ч сонин унших газрыг нь шийдээд өгөхөд хүн худалдаж аваад уншаад байдаг бололтой.
Хөдөө орон нутагт 16.8 тэрбум юанийн хөрөнгө оруулж, сонин уншлагын танхим байгуулсан нь үр дүнд хүрч, цаасан сонин уншигчдын тоо хөдөө тосгодод буурахгүй байгаа гэнэ. Энэ жил радио нэвтрүүлгийн хэмжээ 7.3 сая, телевизийн нэвтрүүлгийн хэмжээ 3.3 сая цагаар нэмэгджээ.
Хатуу хяналтыг давж байж, үзэгчдийн сонорт хүрдэг байсан хуучны системийг зөөллөснөөр сүүлийн үед цэнгээнт нэвтрүүлгийн тоо эрс нэмэгдсэн байна.
“Ханз хэрхэн бичих вэ”, “Супер илтгэгч”, “Хятадын алтан хоолой”, “Би дуучин” зэрэг цэнгээнт нэвтрүүлгийн тогтмол үзэгчдийн тоо хэдэн саяас давжээ. 2015 оны байдлаар хүн амын 97.79 хувь нь радио, 98.42 хувь нь телевиз үздэг гэсэн тоо баримтыг албаны хүмүүс бидэнд өгсөн юм. Энэ бол маш өндөр үзүүлэлт. Өнгөрсөн жил гэхэд шинээр 153 радио станц, 166 телевиз ашиглалтад орсон гэж байгаа ч цаашдаа тоог өсгөх биш чанарыг сайжруулах нь тэдний гол зорилго гэнэ.
Энэ улсын гол телевиз бол Хятадын төв телевиз ССТВ. 1958 оны есдүгээр сард байгуулагдсан энэ телевизийн төв нь нийслэл Бээжин хотод байрлаж, Хонконг, Макао, Тайваньд нэвтрүүлгээ гаргадаг. Нийт 45 сувагтай, дэлхийн хамгийн олон үзэгчтэй телевиз юм. Бээжингийн санхүүгийн төвд орших тус телевизийн оффист биднийг очиход хамгийн түрүүнд нүдэнд туссан зүйл бол барилгын хэв загвар. Нийт 20 га газарт баригдсан тус барилга нь 54, 44 давхар хоёр барилгаас бүрдэнэ.
Барилгуудыг дээд, доод талд нь хөндлөн гүүр хэлбэрийн коридороор холбосон нь нэг ёсны чагт шиг харагдах аж. Голландын алдарт архитекторч Рем Колхас, Оле Шерен нарын зохион бүтээсэн энэ барилга хэлбэрээсээ болоод “өмд” гэдэг хочтой болоод байгаа гэнэ. ССТВ телевизийн кампуст “Mandarin Oriental Hotel Group” зочид буудал байрлана. Нэвтрүүлэгт оролцохоор ирсэн зочид энд байрлахаас гадна төрөл бүрийн үзэсгэлэн, тоглолт хийх театртай.

ССТВ-гийн барилга Америкийн Пентагоны дараа орохоор томд тооцогддог бөгөөд 850 сая еврогийн өртгөөр бүтжээ. Энэ телевиз ч Монголд анхаарлаа хандуулж эхлээд байна. Хятад, орос, араб, испани, франц хэлээр нэвтрүүлэг бэлтгэж, нийт 15 хэлээр цахим хуудсаа хөтөлдөг тус телевиз саяхан уйгаржин монгол бичгээр мэдээгээ нийтэлдэг болсон билээ. Удахгүй кирилл монгол хэлээр цахим хуудсаа ажиллуулах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд тэнд ажиллах мэргэжилтнүүдийг Бээжингийн их сургуульд бэлтгэх аж.
Тэгэхээр удахгүй телевизийн нэвтрүүлгүүдээ монгол хэлээр ч гаргаж магадгүй байгаа юм. Дараа нь бид Үрүмчи хотын Шинжаан-Уйгарын ардын радио телевизэд зочиллоо. Хятад, уйгар, англи, турк, казах, киргиз, монгол хэлээр нэвтрүүлэг явуулдаг эл томоохон телевизийн монгол хэлний нэвтрүүлгийн ажилтан Болд хэмээх залуу биднийг угтан авч мэндлээд, “Шинжаан-Уйгарт 100 мянга гаруй монголчууд бий. Баянгол, Бортал, Тарвагатай гэсэн газарт амьдардаг. Тэдэндээ зориулж, 24 цагаар нэвтрүүлэг хийнэ.
Улс төрийн мэдээнээс эхлээд цэнгээнт гээд л төрөл бүрийн нэвтрүүлэг бэлтгэдэг. Манай алба 44 хүнтэй” гэж танилцуулсан юм. Шинжаан-Уйгарын ардын радио телевизийн алдартнуудын самбарт хоёр монгол хүний хөрөг заларсан байлаа. Сонин, сэтгүүл, радио телевизээс гадна интернэт, цахим хэвлэл Хятадад хүчтэй хөгжиж байна. Гудамж талбай, метро, нийтийн унаанд хаа сайгүй ухаалаг утас барьсан хүмүүс таарна.
Ахимаг настнууд ч гар утас, айпад ашиглан, зураг авч, интернэтийн сүлжээнд холбогдох аж. Уламжлал ёсоор фейсбүүк холбогдоход хэцүү ч хятадууд wechat хэмээх өөрсдийн олон нийтийн сүлжээндээ ёстой л донтсон улс харагдсан. Жуулчны автобусын хөтөч ч тайлбар хийх зуураа өөрөг зураг аван, wechat-даа оруулж харагдана. Хятад улс албан ёсоор интернэтэд холбогдсон 1994 оны дөрөвдүгээр сараас хойш 2015 оны зургадугаар сар хүртэл интернэт хэрэглэгчидийнх нь тоо 632 саяд хүрсний 344 сая нь гар утсаар интернет ашигладаг гэнэ.
“Синьхуа”, “Сина” зэрэг том агентлагийн цахим хуудсууд өдөрт 10 мянган шинэ мэдээ хэрэглэгчдэдээ хүргэдэг. Хэвлэл мэдээллийн байгууллагуудын нийт орлогын 30 хувийг цахим хуудсууд эзэлдэг байна. Хятадын хэвлэл мэдээллийн салбарт нэг сая хүн ажилладгийн 263.1 мянга нь сонин, 109.1 мянган нь сэтгүүл, 600 мянга нь радио, телевизэд ажиллаж байна. Гэхдээ тэд бүгд сэтгүүлч биш. Хятадад сэтгүүлчдийг тусгай шалгалтад оруулж, үнэмлэх өгдөг бөгөөд хэр барагтай хүн авахад хэцүү.
Үнэмлэх дээр цээж зураг, тодорхойлолт бичнэ. Ийм үнэмлэхгүй хүн сэтгүүлч гэж тооцогдохгүй. Хэн дуртай нь сэтгүүлч гэж өөрийгөө нэрлэдэг манайхтай харьцуулахад энэ нь сэтгүүлч мэргэжлийн нэр хүндийг өсгөх зөв алхам мэт санагдлаа. Хятадын сэтгүүлч хэний ч өмнөөс үнэмлэхээ гарган, “Би сэтгүүлч” гэж омог бардам хэлж байгаа нь үүнтэй холбоотой. Хэвлэлийн салбарт ажиллаж байгаа нэг сая хүний 258 мянга нь л сэтгүүлчийн үнэмлэхтэй.
Үүнээс 100 мянга нь сонин, долоон мянга нь сэтгүүл, 145 мянга нь радио, телевиз, 400 нь кино студи, 700 нь Засгийн газрын цахим хуудсанд ажилладаг аж. Тийм болохоор худал, захиалгатай мэдээлэл тараах, хүн гүтгэх, нэр хүндэд нь халдах хэрэг харьцангуй бага гардаг гэнэ. Гэхдээ улсаас сэтгүүлчийн ёс журмыг зөрчих явдлын талаарх хуулийг удахгүй чангатгах гэж буй аж.
Хятадад сэтгүүлчдийн ажлын зарчмыг “Хурдан шуурхай, үнэн зөв, ил тод” гэж тогтоосон бөгөөд янз бүрийн явдал тохиолдсон үед төрийн байгууллага, албан газруудыг сэтгүүлчдийн өмнө заавал мэдээлэл хийж байхыг хуульчлан тогтоосон байна. Ингэснээр сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын нэр хүндийг өсгөж, олон нийтэд мэдээлэл дамжуулах үндсэн үүргээ биелүүлэхэд нь тус дэм болж байгаа юм.
М.СУГАР-ЭРДЭНЭ