
Өчигдөрхөн бидний энгийн хэрэглээ байсан зүйлс өнөөдөр үзэсгэлэнгийн танхим чимэх дээрээ тулчихаад байгааг “Ганга нуурын чуулган” сануулж чадсан. Хэн ч тоож хардаггүй байсан хэдрэг, соёо, уур, нүдүүр, араг, савар маань хүртэл тэврээд суумаар дотно сайхан харагдаж байгаа нь нэгийг хэлнэ. Цаг хугацааны аясаар хэрэглээнээс гарч байгаа сампин, цахиур буу, түүнийг дагалдсан хэрэгслүүд, бийр янтайны мөнгөн тоног зэрэгийг эс тооцвол бусад нь одоо ч ахуйдаа ашиглагдсаар байгаа нь олзуурхууштай. Эмээл, хазаар, мөнгөн хэрэгслүүд болон гаанс, хөөрөг зэрэг эд хэрэглэл одоо цагт үнэт эдлэл болон хүн бүр анхаардаг болсон нь сайшаалтай.
Гэтэл Дарьганга эхнэрийн хувцас, сур элдэх төхөөрөмж, хүүхдийн бойтогны хонх, баривчны хүрэл чимэглэлүүд, цагаан идээ, махаа хадгалдаг үлээсэн олгой, гүзээ, эргэнэг, цацлын халбага, модон агаруу хувин, зэс, гуулин гал тогооны хэрэгслүүд маань гойд үнэд ороогүй боловч бидний ахуйгаас бага багаар холдсоор байна. Мөн бидний өдөр тутамдаа босон суун хийдэг байсан арьс, сур элдэх, дээс томох, араг үүрч аргал түүх, нэрмэл архиа нэрэх, хайлмаг хийх, шагайн харваа, ширдэг ширэх, тэмээн тэргээр нүүх гэх мэт ажил, зан үйл үзмэр болон шагшигдаад байгаад сэтгэл эмзэглэхгүй байхын аргагүй.
Энэ бүхнийг авч үлдсэн, үр хүүхдэдээ өвлүүлэн үлдээх ёстой азай буурлуудаа амьд сэрүүн байгаа дээр тэднээс сурч, өвлөж, түгээн дэлгэрүүлж, даяаршиж буй дэлхий ертөнцөд ондоошин үлдэх шаардлагатай байгааг сануулсанд энэхүү арга хэмжээний ач холбогдол оршиж байгаа юм.
Сүхбаатар аймгийн ЗДТГ, “Нью Жуулчин турс” компани, “Соёл, яруу найргийн академи” хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулах болсон “Ганга нуурын чуулган” эвент Дарьгангачуудын өв, соёлыг сурталчилж байгаагийн нэгэн адил монголын бусад үндэстэн, ястнууд өөр өөрийн өвөрмөц онцлог, ахуй соёлоо сурталчилж, түгээн дэлгэрүүлэх аваас дэлхийн аялагч жуулчдыг урин дуудаж, энэ салбараас улсын болон ардын сан хөмрөгт орох мөнгөн орлого нэмэгдэх буй за.








Г.Анжгай