
25 настай нэгэн залуу Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Цагдаагийн хэсгийн Албадан саатуулах байранд амиа алдсан хэрэг өнгөрсөн оны есдүгээр сарын 3-нд гарсан юм. Үүнээс хойш цаг хугацаа улирсаар нэг жил болох гэж байхад хэрэг шийдэгдээгүй, мөрдөн байцаалт удаашраад байгаа аж. Хэргийн талаар талийгаачийн эгч Э.Цолмонбаяртай ярилцлаа.
-Та эхлээд болсон явдлын тухай ярьж өгөхгүй юү?
-Талийгаач миний төрсөн дүү, айлын ганц хүү байсан юм. Дүү минь амиа алдсаныг ааваасаа анх сонссон. Тэр даруй бид Улаанбаатараас Бор-Өндөрт очсон. Монгол хүн юм байна, ажил явдлыг нь өнгөрөөгөөд учир байдлыг цагдаагийн байгууллагаас тодруулахыг хүслээ. Дараа нь Болор-Эрдэнэ хошуучтай уулзаж хохирогчийн зүгээс анхны байцаалтаа өгсөн.
Хошуучаас дүү минь ямар шалтгааны улмаас цагдаад ирэх болсныг нь тодруулахад “Цоохүү гэгчийнд байсан дөрвөн залуугийн талаар гомдол ирсэн. Тиймээс цагдаа Эрдэнэтөгс очиж Албадан саатуулах байранд оруулсан. Өглөө 10.00 цагт Албадан саатуулах байранд орсон хүн цагийн дараа буюу 11.00 цагт нас барсан” гэж бидэнд ярьсан.
Тэгсэн хэрнээ 23.00 цагт “Таны хүү цагдаагийн байранд нас барсан байна” гэж аавд минь хэлсэн байдаг. Яагаад нас барснаас нь хойш 12 цагийн дараа ар гэрийнхэнд нь мэдэгдэв. Аав маань Албадан саатуулах байранд очоод хүүхдээ газар тэрийн хэвтсэн байдалтай байхыг л харсан байдаг.
-Албадан саатуулах байрны тухай хууль, журам гэж бий. Таны дүү тухайн байранд амиа алдсан шалтгааныг тодруулахгүй юу?
-Энэ л асуудлын гол нь болоод байгаа юм даа. Төрийн тусгай объектод эрдэнэт хүн ами алдсан байна шүү дээ. Үнэндээ Албадан саатуулах байранд орсон хүнийг төр хамгаалах ёстойгоос гадна тухайн үед гарч байсан ээлжийн жижүүр буюу цагдаа Мөнх-Эрдэнэ журмынхаа дагуу ажиллаж, 30 минут тутамд байраа эргэх ажлаа хийсэн үү, үгүй юү гэдэг ч эргэлзээтэй. Албадан саатуулах байрны тухай хуулийг мөрдөөгүй, ажилдаа хайнга хандсан гэдэг нь анхнаасаа л тод томруун харагдаж байгаа юм. Бас нэг зүйлийг хэлэхэд “Цагдаагийн байранд хүн сандаргаад байна” гэсэн дуудлагыг “Есдүгээр сарын 3-ны 15.59 цагт эмч нарт өгсөн байдаг юм.
Тухайн эмнэлэг нь цагдаагийн байрнаасаа хэдхэн алхмын зайтай. Дуудлага авсан эмч дөрвөн минутын дараа очиход дүү минь амьсгал хураагаад хэдийнэ 4-5 цаг болчихсон, зүрхний цохилт мэдэгдэхгүй, хүүхэн хараа нь тогтчихсон байсан гэсэн. (эмчийн яриаг сонсгов) Тэгвэл яагаад нас барснаас нь хойш “Хүн сандаргаад байна” гэсэн дуудлага өгсөн бэ. Яагаад эмч дуудахдаа ар гэрийнхэнд нь хэл хүргээгүй вэ. Энэ мэт ойлгомжгүй зүйл олон байгаа.
-Хамт байсан гурван найз нь энэ тухай юу хэлдэг вэ?
-Гурван найз нь “Албадан саатуулах байранд ороод унтчихсан учраас юу болсныг мэдэхгүй” гэдэг. Бид шүүх хурал шударга болоосой гэж хүсэж байна. Мөрдөн байцаалт есөн сарын дараа дуусаж, наадмын өмнөх өдөр Хэнтий аймгийн Прокурорын газарт хэргийг шилжүүлсэн. Бид шүүх хурлын үеэр хэргийн материалтай танилцана гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Ер нь Албадан саатуулах тухай хууль гэж байгаа шүү дээ. Энэ бол хуулиа биелүүлээгүй, ажилдаа хайнга хандсанаас хүний амиа алдсан хэрэг. Цагдаагийн алба хаагчид ажлын хариуцлага алдсан нь тодорхой байхад яагаад одоо болтол хариуцлага тооцдоггүй юм бэ.
Мөрдөн байцаалтын явц хэтэрхий удаан, ар гэрийнхнийг нь бодит мэдээллээр хангах тал дээр тоомжиргүй хандсанд гомдолтой байна. Шинжээчийн дүгнэлтийг наадмын өмнөхөн л бидэнд танилцуулсан. Хэнтий аймгийн Цагдаагийн газар руу удаа дараа утасдаж хэргийн явц ямар шатандаа байгааг асууж лавласны үр дүнд есөн сарын дараа хохирогч болох миний бие дахин байцаалт өгсөн. Ингэхдээ шинжээчийн дүгнэлтийг хараад мөн л гайхсан. Учир нь талийгаач дүүтэй минь тухайн үед хамт байсан гурван найз нь эрүүл гэж гарсан байдаг. Гэтэл тэднийг анх эрүүлжүүлэхэд аваачсан хоёр цагдаа хэлэхдээ согтуу байсан гэж нотолдог.
-Та түрүүн цагдаагийн алба хаагчид ажлын хариуцлага алдсан нь тодорхой гэлээ. Тэдэнд байгууллагынх нь зүгээс ямар нэгэн арга хэмжээ авсан уу?
-Цагдаагийн байгууллага нь дотоодын хяналт, шалгалтаа явуулсан гэсэн. Гэхдээ энэ бол бидэнд огт хамаагүй хэрэг. Хэн ажилдаа алдаа дутагдал гаргана түүнд ямар нэгэн хариуцлага тооцдог л биз дээ. Ажилдаа хариуцлага алдаж, Төрийн тусгай объектод хүн амь үрэгдэх нөхцөлийг бий болгосон, алба хаагчдадаа эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад хариуцлагыг нь тооцоод өгөөч л гэж бид хүсэж байгаа. Үнэндээ хавтаст хэрэг ч гэсэн Эрүүгийн хуулийн 272.2-оор үүссэн. Өөрөөр хэлбэл, ажилдаа хайнга хандсан гэж. Тэд хэрвээ ажилдаа хариуцлагатай хандан, хууль, журмынхаа дагуу хүмүүсээ шалгаж оруулсан бол ийм хэрэг гарахгүй байсан.
Иймэрхүү байдал орон нутагт бугшсан уу, нуун дарагдуулаад өнгөрөх сонирхол байна, бүү мэд. Юутай ч Хэнтий аймгийн Прокурорын газарт хэргийн материал хүргэгдсэн болохоор шүүх хурлын тов удахгүй гарах байх гэж найдаж байна. Шүүх шинжилгээ, мөрдөн байцаалтын ажил ингэж удаан явагддаг юм бол жирийн иргэд бид төрийн үйлчилгээг хэзээ ч авч чадахгүй юм байна гэж бодогдох боллоо.