
“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхантай ярилцлаа.
-“Эрдэнэс Тавантолгой”-г “Эрдэнэс Монгол” компанийн гол бизнес гэж ойлгодог. Гэтэл Төлөөлөн удирдах зөвлөлд (ТУЗ) нь “Эрдэнэс Монгол”-ын төлөөлөл байдаггүй нь гайхаш төрүүлдэг л дээ. Танайх “Эрдэнэс Тавантолгой”-д яагаад төлөөлөлгүй байна вэ?
-Засгийн газрын эзэмшлийн компаниудын ТУЗ-ийн гишүүдийг яам, агентлагийн албан тушаалтнуудаар бүрдүүлдэг жишиг байсан. Энэ жишиг бизнесийн өрсөлдөөнтэй орчинд компанид сайнаар нөлөөлж чадах уу гэвэл үгүй. ТУЗ-ийн гишүүн бол Компанийн тухай хуулийн дагуу эрх бүхий албан тушаалтан. Эрх бүхий албан тушаалтан тухайн компанийнхаа стратеги, төлөвлөгөө, төсөв зэрэг бүх шийдвэрийг гаргадаг, түүнийхээ төлөө хариуцлага хүлээдэг.
Тэгэхээр тухайн ажлыг гүйцэтгэх цаг завтай байх ёстой. Яам, агентлагийн завгүй ажилладаг газар, хэлтсийн дарга нар компанийн ТУЗ-ийн гишүүн болоод хариуцлагатай ажиллах боломжгүй. Цаг зав нь хүрэлцдэггүй юм байна лээ. Компанийн үйл ажиллагааг тогтвортой, бизнесийн зарчмаар нь явуулахын тулд ТУЗ-ийн гишүүд тухайн салбараа мэддэг, бизнесийн туршлагатай байвал эергээр нөлөөлдөг нь практикаас харагддаг.
Хувийн компаниуд ТУЗ-өө сүүлийн жилүүдэд эрс шинэчилсэн. Хөрөнгө оруулагч хамгийн түрүүнд тухайн компанийн засаглалыг хардаг. Нэг хүн л зааварлаад байна уу, ТУЗ-ийн буюу хамтын шийдвэрээр үйл ажиллагаагаа явуулдаг уу гэдгийг харгалздаг. ТУЗ-өө мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлсэн, засаглал сайтай компаниуд хөрөнгө оруулагчдад найдлага тавьж байна. Бид “Эрдэнэс Монгол” болон охин компаниудынхаа засаглалыг сайжруулахаар ажиллаж байгаа.
Хүний хөгжил сангийн тухай хуульд хоёрдугаар сард өөрчлөлт оруулснаар манайх Компанийн тухай хуулийн дагуу ажиллахаар болсон. Ингэснээр ТУЗ-ийн гишүүдээ сонгон шалгаруулах, тэд нь гүйцэтгэх захирлаа томилох эрх зүйн орчин бүрдсэн гэсэн үг. Эрх зүйн орчиндоо тохируулаад компаниа ашигтай ажиллуулах шийдвэр гаргадаг тогтолцоо бүрдүүлэх шаардлага бий. Хүлээгээд суулгүйгээр, өнөө маргаашдаа хийж болох ажил л даа.
Зах зээл муу байгааг хүмүүс ярьж байна. Зах зээл муудах, сайжрах нь биднээс шалтгаалахгүй. Харин компанийнхаа засаглал, санхүүгийн сахилга батыг сайжруулах, зардлыг багасах нь бидний хийж чадах ажил. Компаниудынхаа ТУЗ-д салбараа мэддэг мэргэжилтэн томилдог зарчим руу шилжиж байна. Сингапурын “Темасек” ч юм уу, эвсэл Казахстаны, “Эрдэнэс Монгол”-той ижил үйл ажиллагаа явуулдаг компанийн хүмүүсийг ТУЗ-дөө ажиллуулах санаа бий. Манай компанийн Стратегийн шинэчлэлийн хөтөлбөрийн гол ажил нь засаглалаа сайжруулах юм.
-Тэгэхээр “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийг ирээдүйд шинэчилнэ гэж ойлголоо.
-Тэгж ойлгож болно.
-“Эрдэнэс Монгол” компани ТУЗ-дөө хараат бус захирал ажиллуулахаар олон улсад сонгон шалгаруулалт зарласан. Ямар шалгуур хангасан хүнийг ТУЗ-дөө ажиллуулах вэ?
-Хувь нийлүүлэгч манай компанийн дүрмийг батлахдаа ТУЗ-д нь хараат бус гишүүн ажиллуулна гэж тусгасан. Хувь нийлүүлэгчийн гаргасан дүрмийн дагуу ажиллаж байна. Манай компанийн гол хөрөнгө уул уурхайн нөөц. Энэ хөрөнгийг зөв зохистой, ашигтай удирдах нь нэгдүгээр зорилт. Үүнийг хийхийн тулд түрүүнд хэлсэнчлэн зардлаа багасгах, санхүүгийн сахилга батаа сайжруулах хэрэгтэй. Тэгэхээр өмнө нь ийм үйл явцад гар бие оролцож байсан туршлагатай хүн байвал зохино.
Манайх уул уурхайн салбараас гадна дэд бүтэц, эрчим хүчний салбарт ажиллах стратеги баримталж байгаа. Дэд бүтэц, эрчим хүчний салбарын том төсөл хэрэгжүүлсэн хүн байх хэрэгтэй. Мэдээж энэ ажлыг хийхдээ хөрөнгө оруулагчид, санхүүгийн байгууллагуудтай нягт хамтран ажиллах ёстой. Тэгэхээр хөрөнгө оруулалт татах чиглэлээр ажилласан байвал сайн. Практикаас харахад, компанийг үр ашигтай ажиллуулах, олон улсын зах зээлд нэр хүндийг нь өсгөхөд том корпорацын ТУЗ-д, эсвэл санхүүгийн захирлаар ажиллаж байсан хүмүүс их хэрэг болдог юм билээ. Сонгон шалгаруулалт ойрын үед дуусах байх.
-Та өнгөрсөн долоо хоногт компанийнхаа Стратегийн шинэчлэлийн хөтөлбөрийг танилцуулсан. Өмнө нь сонсоогүй нэр томъёо байна лээ.
-“Эрдэнэс Монгол” компанийн чадавхыг олон улсын жишигт хүргэхээр Азийн хөгжлийн банктай хамтарсан хөтөлбөр эхлүүлсэн. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд жилийн өмнөөс төлөвлөгөө гаргаад, зарим ажлаа амжуулчихсан байгаа. Бүх ажлаа нэгтгээд харвал, компанидаа стратегийн шинэчлэл хийж байгаа юм. Хөтөлбөрийг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлнэ. Одоогоор нэг жил нь өнгөрчихөөд байна. Хөтөлбөр санхүүгийн эх үүсвэрээ шийдсэн. Цаашдаа улам өргөн хүрээтэй ажил хийнэ.
-“Эрдэнэс Монгол” компанийн захирал Азийн хөгжлийн банкнаас 35 сая ам.доллар зээлээд дэмий үрж байна гэсэн шүүмжлэл гарсан. Хөтөлбөрөөс ямар үр дүн гарах бол?
-Компани санхүүгийн сахилга баттай, өндөр бүтээмжтэй, үр ашигтай ажилладаг болно. Охин компаниудынхаа үр ашгийг 10-15 хувь нэмэгдүүлэх зорилт тавьсан. Том төсөл хэрэгжүүлэх чадавхтай болно. Хөтөлбөрийн хүрээнд бид олон улсын зах зээлээс санхүүжилт босгох юм. Ингэснээр компанийн баланс эрүүлжинэ, шинэ төсөлд хөрөнгө оруулна. Зарим хүн 35 сая ам.доллароор компани шинэчилнэ гэж юу байх вэ гээд явцуу хүрээнд ойлгоод байна л даа.
Тодорхой үр дүнд хүрэх л гэж компаниа шинэчилж байна. Энэ бол нэг жилийн хугацаанд хийчих ажил биш. Бүх ажлаа системтэйгээр хийнэ. Эцэст нь Монголд том төсөл хэрэгжүүлдэг институт бий болох юм. “Эрдэнэс Монгол”-ыг анх 2007 онд байгуулахдаа уул уурхайн төслүүдээ сайн хэрэгжүүлнэ, үүнээс олсон ашгаараа дэд бүтцийн салбартаа хөрөнгө оруулна гэж зорьж байсан юм билээ. Энэ зорилт л хэрэгжиж байна гэж ойлгох хэрэгтэй.
-Товчхондоо, дараагийн шатанд гарах сууриа бэхжүүлж буй юм байна.
-Монголд дэд бүтцээ хөгжүүлэх, том төслүүдээ хэрэгжүүлэх зайлшгүй хэрэгцээ бий. Зах зээлийнх нь боломж, ашигтай ажиллах нөхцөл нь байгаа. Гагцхүү хэн хэрэгжүүлэх вэ гэдэг асуудал тулгардаг. Азийн хөгжлийн банк, Олон улсын санхүүгийн корпорацын судалгаагаар ийм дүр зураг тодордог юм. Хувийн хэвшлийнхэн том төсөл хэрэгжүүлэх боломж тэр бүр байхгүй. Засгийн газарт ийм байгууллага байна уу? Яам бодлого боловсруулдаг, түүнийгээ хэрэгжүүлдэг, хянадаг. Яамны дор нэгж байгуулаад төсөл хэрэгжүүлдэг ч амжилт олдоггүй.
Амжилт олдоггүй шалтгаан нь төслийн нэгж өөрийн хөрөнгөгүй, хүний нөөцийн чадавхгүй байдагтай холбоотой. Дэд бүтэц, эрчим хүч, уул уурхайн салбарын том төсөл хэрэгжүүлэх институттэй болох хэрэгтэй юм байна, үүний суурь нь “Эрдэнэс Монгол” юм гэсэн зорилго тавиад л ажиллаж явна. Энэ компани хөрөнгө босгох чадвартай, төсөл хэрэгжүүлэх чадавхтай болж чадна. 20 жилийн өмнөөс ярьж эхэлсэн төслөө хэрэгжүүлж чадахгүй байна гэж бид өөрсдийгөө шүүмжилдэг. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Хэрэгжүүлье гэхээр банкны шаардлага хангасан техник, эдийн засгийн үндэслэлтэй төсөл алга” гэж хэллээ.
Аливаа төслийг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалтынх нь таван хувийг суурь судалгаа хийх, бичиг баримт боловсруулахад зарцуулдаг. Суурь судалгаа хийхгүйгээр, дээд хүмүүсийн шийдвэрээр төсөл хэрэгжүүлэх гэхээр бүтэхгүй байгаа юм. Зах зээлээ судлаад, хаана ямар бэрхшээл тулгарахыг тооцоод, шийдлээ тодорхойлоод, хэрэгжүүлэх арга замаа олохоор амьдрах чадвартай төсөл болно.
-Стратегийн шинэчлэлийн хөтөлбөр жил үргэлжилж байна гэлээ. Өнгөрсөн хугацаанд ямар ажил амжуулсан бэ?
-Хамгийн түрүүнд Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлснийг нэрлэнэ. “Оюутолгой” төсөл нэг тийш болоогүй тохиолдолд дараа, дараагийн ажлыг олон улсын түншүүдтэй хамтарч хийх боломжгүй байсан. Үүний дараа “Эрдэнэс Монгол”-ын шинэчлэлийг хийх эх үүсвэр олсон. Шинэчлэл хийхэд эх үүсвэр хэрэгтэй. Мөнгөгүй байж шинэчлэл хийх гэж оролдоод бүтэлгүйтсэн туршлагууд ч бий. Боломжоо судлаад Азийн хөгжлийн банктай энэ хөтөлбөрийг хамтарч хэрэгжүүлэх шийдэлд хүрсэн. Санхүүгийн сахилга баттай байх нь ямар ч компанид тавигддаг шаардлага.
Сахилга батыг сахиулахад удирдлагын систем нь чухал. Компаниудын маань санхүүгийн удирдлагын бодлого, систем олон улсын жишигт хүрээгүй байсан. Нэгэнт л хөрөнгө оруулалтын менежмент хийж буй холдинг компани учраас тайлан балансаа нэгтгэж гаргах хэрэгтэй. Манай компаниуд нэгдсэн тайлан баланс гаргадаг болсон. Мөн тайлангаа олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу гаргадаг боллоо. “Эрнст энд Янг” компаниар өнгөрсөн гурван жилийн санхүүгийн тайландаа аудит хийлгэлээ. Ингэснээр хөрөнгө оруулагчид, банкуудаас санхүүжилт татах боломж бүрдээд байна. Хөрөнгийн удирдлагад бага боловч ахиц гарч, “Багануур”, “Шивээ-Овоо” компани дараа жилээс ашигтай ажиллах нөхцөл бүрдлээ.
Зээлжих зэрэглэлтэй болохоор ажиллаж байна. Зээлжих зэрэглэл бол манай компанийг хаана явааг олон улсын стандартын дагуу хэмжих үзүүлэлт. Хөрөнгө оруулалтын түвшний зээлжих зэрэглэлтэй болох нь бидний нэг зорилт юм. Нэг тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөө мэдчихлээ. Түүнийгээ олон улсын стандартын дагуу тайлагнадаг боллоо. Хөрөнгө оруулагчид “Хэрэгжүүлэх төслөө аваад ир” гэдэг. Нэг жишээ хэлэхэд, “Багануур” компани олон улсын банкуудын шаардлагыг хангах ТЭЗҮ хийж байгаа. Процесс нь бүтэн жил үргэлжилж байна.
Банкуудын шаардлага хангах ТЭЗҮ-ийг хагас жилд хийчихдэггүй юм байна. Мэргэжлийн хүмүүс ирнэ, судалгаагаа хийнэ, тооцоогоо гаргана, нягталж үзнэ гээд маш нарийн процесс үргэлжилж байна. ТЭЗҮ хийхэд ямар урт хугацаа шаарддагийг эндээс харж болно. Маш олон ажил зэрэг эхлүүлээд явж байна. Үүнийг л нийтэд нь стратегийн шинэчлэлийн хөтөлбөр гэж томъёолоод, ТУЗ-өөс хэрэгжүүлэхийг дэмжээд явж байна.
-Та “Эрдэнэс Монгол” компани 10 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болно гэж хэлсэн. Ямар тооцоо судалгаанд үндэслэж ингэж хэлсэн бэ?
-Бүс нутгийн эдийн засгийн уялдаа холбоог сайжруулах төслүүдийг бизнесийн том боломж, дараагийн шат гэж харж байгаа. Жишээ нь, хятадууд “Нэг бүс, нэг зам” санаачилга гаргаад, хэрэгжүүлэхээр зорьж байна. Монгол, Орос, Хятад гурван улс эдийн засгийн коридор байгуулах санаачилгаа хэрэгжүүлэхээр боллоо. Гурван улсын Ерөнхийлөгч ойлголцолд хүрсэн. Үүний хүрээнд дэд бүтцийн томоохон төслүүд хэрэгжүүлнэ. Монгол Улсын ойрын ирээдүйн эдийн засгийн өсөлтийг хангахад 60-70 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай.
Үүний дийлэнх нь суурь бүтцийн том төслүүд, мөн уул уурхайн салбар руу орно гэсэн тооцоо байдаг. Манай бүс нутагт найман их наяд ам.долларын хөрөнгө оруулалтын хэрэгцээ байгаа. “Эрдэнэс Монгол” өөрийн хөрөнгөө ашигтай удирдаад, нэмэлт санхүүжилт татаад, томоохон төслүүд хэрэгжүүлэхэд 10 тэрбум ам.долларын үнэлгээтэй болох боломж бий. Манайх эрчим хүчний том төсөл хэрэгжүүлэхээр эхлүүлчихсэн яваа. Усан хангамж, зам тээвэр зэрэг том төсөл хэрэгжүүлнэ.
-Хятад руу эрчим хүч экспортлох аварга станц барих гэж байгаа бил үү?
-Шивээ-Овоогийн уурхайг түшиглээд том оврын цахилгаан станц барьж, бүс нутгийн зах зээлд нийлүүлэх санаачилга гарсан. ТЭЗҮ-ийг нь хийж байна. Барих, эсэх нь нарийвчлан судалсны дараа тодорхой болно.
-Шинэчлэл хийхэд ямар бэрхшээл тулгарах бол. Засгийн газар эрх мэдлээр далайлган төрийн өмчит компаниудын үйл ажиллагаанд оролцдог нь бэрхшээл учруулж мэднэ гэж хардаж байна.
-Сэтгэлгээний явцуурал бэрхшээл учруулж магадгүй. Бид өнөөдөр өмнөө байгаа зүйлийг хуваах гэж үйлээ үздэг. Өнөөдрийн хөрөнгөө ашигтай ажиллуулах нь чухал. Гэвч зах зээл томроод байхад, ялангуяа бүс нутгийн зах зээл томроод байхад зүгээр сууж болохгүй. Шинэ бизнес бий болгоё, том төслүүдээ хэрэгжүүлье. Мөнгөгүй нь асуудал биш. Мөнгө зах зээлд хаа сайгүй байна. Сайн төсөл боловсруулбал мөнгө олдоно. Жишээ нь, “Оюутолгой”-д 14 банк зээл олгочихлоо. Дараагийн Оюутолгойнуудаа бий болгох талаар бодох хэрэгтэй. Бүх боломж нээлттэй байгаа.
-“Эрдэнэс Монгол”-ыг Сингапурын “Темасек”-ийн загвартай харьцуулан шинэчилж байгаа. Чадварлаг мэргэжилтнүүд ажиллуулсанд “Темасек”-ийн амжилтын нууц оршдог гэдэг. Танай компани чадварлаг мэргэжилтнүүд урьж ажиллуулах уу?
-Тэгэхийг л зорьж байна. Амжилттай байх, эсэх нь хэр чадвартай баг удирдаж байгаагаас шалтгаалдаг. “Багануур”, “Шивээ-Овоо”, “Эрдэнэс Тавантолгой” компанид хамгийн чадварлаг мэргэжилтнүүд авч ажиллуулах шаардлагатай. Шинэ төсөл хэрэгжүүлэхдээ ч зах зээлийн шаардлагад нийцсэн чадавх авч ажиллуулбал хурдан бөгөөд ашигтай ажиллах болно. Зөвхөн “Темасек” ч биш, олон загвар судалж үзсэн. “Женерал элетрик” гэж Америкийн том компанийн засаглал, удирдлагын тогтолцоог судалж байгаа.
Дэлхийн том компаниуд тэднийхээс суралцах гэж олон жил хамтарч ажилладаг юм. Манай түнш “Рио тинто” гэж мундаг компани байна. “Рио тинто” уул уурхайн бизнесийг хамгийн бага зардлаар хийж, ийм хүнд үед ашигтай ажиллаж байгаа. Тэдний туршлагаас судалж байна. “Темасек” шиг болно гэж буруу ойлгож болохгүй. Зөв стратеги төлөвлөлттэй, үр ашигтай ажилладаг, чадварлаг мэргэжилтнүүдтэй институт бий болгох нь чухал.