
Өнөөдрөөс яг жилийн өмнө “Баянзүрх” худалдааны төвийн хэдэн лангуун дээр олон хүн эвэртэй туулай үзсэн мэт шавааралдаж байсан юм. Тэр лангууны эзэд нэг талх авсан хүнд ч баримт хэвлэн өгч, “Энэ баримтаа бүртгүүлээд талх авсан мөнгөнийхөө хоёр хувийг буцааж аваарай” хэмээж байв. Энэ бол нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын урамшууллын системийг нэвтрүүлэхийн тулд хийсэн анхны туршилт байв. Ингээд туршилт амжилттай болж, энэ оны нэгдүгээр сарын 1-нээс иргэн бүр баримт өгдөг дэлгүүр хайж, тийм дэлгүүрт л ордог болсон.
Орон нутагт амьдардаг иргэд зөвхөн баримт өгдөг дэлгүүрээс наймаа хийхийн тулд дугаарлаж байсан үе ч бий. Үүнээс нь болж “НӨАТ-ын урамшууллын систем том сүлжээ дэлгүүрүүдийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой. Хүмүүс баримт өгдөг дэлгүүрээс л бараа худалдаж авч байна” гэж зарим жижиг дэлгүүрийн эзэн эсэргүүцсэн удаатай. Тухайн үед албаны хүмүүс “Энэ бол далд орлогыг ил болгож буй хэлбэр. Түүнээс биш хэдхэн хүний ашиг сонирхлын төлөө үүнийг санаачилсан юм биш.
Хэрэглэгч таны худалдан авч буй бараа бүрийн үнэд НӨАТ орсон байдаг. Тиймээс татварын урамшууллаа авах ёстой. Үүнээс гадна баримтан дээрх дугаараар сугалаанд оролцож, саятан болоорой” хэмээн “сэнхрүүлсэн”. Ингээд нэгдүгээр сарын сүүлчээс НӨАТ-ын урамшуулал жигдрэх шатандаа оров. Үйлчлүүлэгчээ алдахгүйн төлөө, дээрээс нь татварын байгууллагаас оногдуулсан үүргээ биелүүлж, дэлгүүрүүд кассын машинтай болов. Үүнийг нь иргэд алга ташин хүлээн авсан юм. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл та, бид урамшууллаа авч, сугалаанд оролцон, мөнгө хожихын тулд өнөөх баримтыг идэвхтэй нь аргагүй бүртгүүлж буй. Гэвч олны талархлыг хүлээж, шунал хөдөлгөсөн энэ ажил нэг л явцгүй болчихлоо.
“ХЭДЭН ДЭЛГҮҮР, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР БАРИМТ ӨГӨХГҮЙ БАЙГААГ МЭДЭХГҮЙ”
“Иргэд ээ, худалдаа хийсэн, үйчлүүлсэн байгууллагаасаа заавал баримтаа нэхэж авах ёстой шүү. Хэрэв баримт өгөхгүй бол бидэнд хандаарай. Бид шалгана. Дэлгүүрүүдийг баримт өгдөг болгоно” хэмээн татварынхан хэлж байсан. Тухайн үед тэдний энэ сүржин үгнээс эмээсэн дэлгүүрүүд өнөөдөр биднээр гуйлган байж баримтаа өгч байна. Ингэж хэрүүл, хэлцэл өрнүүлж авсан баримтынх нь сугалааны дугаар харагдахгүй байх нь элбэг.
Хэд хэдэн дэлгүүрээр орлоо. Ихэнх нь баримт өгсөнгүй. Чухам юуны учир өгөхгүй байгааг лавлахад “Кассын машин эвдэрчихсэн” гэж байна. Зарим нь бүр цагаандаа гарчихсан “800 төгрөгийн бараанаас 16 төгрөг буцаан авах юм билээ ш дээ, та нар. Иймхэн юмны төлөө бид кассын машин авч, илүү зарлага гаргамааргүй байна” гэв. Харин зарим худалдагч шаардлага тавьсан намайг харах ч үгүйгээр баримт чулуудсан юм.
Ийм газар байвал НӨАТ-ын урамшууллын системийн 1800-1288, 7577-7507 дугаарын утсанд хандаж, гомдол мэдүүлэх боломжтой гэх. Гэвч дээрх утсан дээр суудаг операторууд хариу өгөхдөө тун хойрго юм билээ. Нэлээд олон залгуулсныхаа дараа утсаа авч “Хаана байрлалтай, ямар нэртэй дэлгүүр вэ?”, “Ямар зөрчил гаргаж байна” хэмээн гар утасны нэгжийг маань үрж, байцаалт авчихаад “Бид эргээд таньтай холбогдоно” гээд тасалчихав. Гэвч дөрөв хоног өнгөрчихөөд байхад холбоо барьсангүй. Үүний учрыг Татварын ерөнхий газрын мэргэжилтнээс тодруулахад “Яг хэдэн дэлгүүр баримт өгөхгүй байгааг нэгтгэсэн мэдээлэл байхгүй. Бид иргэдийн гомдлын дагуу шалгаж байгаа” гэв.
Харамсалтай нь тэднийг шалгаж байх хооронд баримт өгөөгүй дэлгүүрийн худалдагч нар иргэдийн авах ёстой урамшууллыг авч, сугалаанд хожиж байна. Гэтэл ийм зөрчил гаргуулах ёсгүй хүмүүс нь “2016 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд үндсэндээ найман сар гаруйн хугацаа өнгөрчээ. Улсын хэмжээнд сард дунджаар 19 сая баримт хэвлэн гаргадаг. Энэ хугацаанд зарим иргэн сайн ойлгоогүйн улмаас баримтаа авахгүй касс, шатахуун түгээгч, худалдагч нарт үлдээж, тэр хүмүүс нь баримтыг нь өөрийн нэр дээрээ бүртгүүлчихдэг. Гэтэл энэ нь хуулиар хориотой биш.
Иргэд өөрсдөө авалгүй орхиж явснаас болоод их хэмжээний баримт тухайн борлуулагчид хуримтлагдсан гэсэн үг. Ийм л хүмүүс олон удаа азтан болоод байна. Тийм учраас иргэд баримтаа байнга авч, өөрийн нэр дээрээ бүртгүүлэх хэрэгтэй” хэмээн хэвлэлд ярилцлага өгчээ. Үнэндээ иргэд баримтаа авахгүй байгаад бус, өгөөгүйд учир бий.
“БАРИМТУУД БҮРТГЭГДЭХГҮЙ БАЙНА”
Ийм гомдлыг олон хүн гаргадаг юм байна. “Үнийн дүн зөрүүтэй”, “Аж ахуйн нэгж нь илгээгээгүй” гэсэн баримт хэнд ч хэрэггүй цаас болон үлддэг. Аль өнгөрсөн гуравдугаар сард бүртгүүлсэн баримт нь өнөөдрийг хүртэл бүртгэгдээгүй байх тохиолдол ч бий. Ийм асуудалтай нүүр тулсан хүмүүсийн нэг нь Баянзүрх дүүргийн VI хорооны иргэн Ж.Энхтуяа. Тэрбээр “Миний бүртгүүлсэн баримтууд дунд ийм алдаатай нь олон бий.
Хоёрдугаар сарын байр, цахилгааны төлбөрөө “Нарантуул” худалдааны төв дэх Төрийн банкнаас хийсэн боловч өнөөдрийг хүртэл аж ахуйн нэгж нь илгээгээгүй гэсэн алдаатай хэвээр байна. Мөн үйлчилгээний зарим газрын баримт байнга “Үнийн дүн зөрүүтэй” гэсэн алдаа заадаг. Тухайлбал, “Шөлөндөө” сүлжээ хоолны газрыг дурдаж болно. Би Бөхийн өргөөний дэргэдэх салбараар нь өдөр бүр үйлчлүүлдэг. Гэтэл баримт нь ерөөсөө болдоггүй. Хэлэхээр шууд л “Болно” гээд зүтгэчихдэг” гэв.
Мөн тус хорооны иргэн Надмид “Юм худалдаж авснаасаа хойш 15 хоногийн дотор баримтаа бүртгүүлэхгүй бол урамшуулал өгөхгүй гэж сониноос уншсан. Бас сугалаанд оролцуулахгүй гэнэ лээ. Гэтэл зарим баримт нь бүртгэгдэхгүй юм. Сугалааны дугаарыг нь оруулахад, баримт дээрх ДДТБ гэсний арын олон оронтой тоог оруулахыг шаардана. Түүнийг нь хийхээр баримт олдсонгүй гэдэг. Энэ асуудлаа яаралтай цэгцлэх хэрэгтэй шүү дээ. Шийдэх гэсээр байтал нь өнөөх 15 хоног нь дуусчихаж байна” гэсэн юм.
Үүнээс үзэхэд иргэдийн урамшууллын мөнгөө авах гол баримт нь хэнд ч хэрэггүй цаас болж байна. Ялангуяа 9999, 1119 зэрэг бутархай мөнгөөр бараагаа үнэлсэн дэлгүүр, үйлчилгээний газруудын баримт алдаатай байх нь элбэг ажээ. Үүнийг мэдсэн зарим байгууллага худалдан авагчдад НӨАТ-д бүртгүүлж болох үнийн дүнтэй баримт хэвлэж өгдөг юм билээ.
“УРАМШУУЛЛЫН МӨНГӨ АЛГА БОЛЧИХООД БАЙНА”
Энэ онд нийтдээ 18 удаа сугалааны тохирол явуулна гэсэн тооцоо гарчээ. Өнөөдрийн байдлаар 14 удаа сугалааны тохирол явуулж, азтанаа шалгаруулжээ. Гэтэл өнгөрсөн гуравдугаар сард 100.000 төгрөг хожсон хүн одоо болтол хонжвороо аваагүй байна. Энэ нь тухайн хүн ebarimt.mn сайтад бүртгүүлэхдээ дансны дугаараа буруу бичсэнээс болсон гэдэг тайлбарыг албаны хүмүүс өгөв.
Тэгвэл сугалааны хонжвор нь дансанд нь орохгүй байгаа хүмүүс “Бид дансны дугаараа буруу бичнэ гэж байхгүй шүү дээ. “Мөнгө орохгүй байна” гэхээр “Татварын ерөнхий газарт ир” гэдэг юм билээ. Улаанбаатар хотод амьдардаг хүн очиж болох ч орон нутагт байдаг нь 100.000 төгрөг авахын төлөө, яг тийм хэмжээний мөнгөө зарлагадаад очно гэж байхгүй” гэв.
Үүнээс гадна 10 хоногийн өмнө урамшууллын мөнгө гэнэт алга болжээ. Хэд хэдэн хүний авах ёстой урамшууллаас 100.000 төгрөг алга болсон бол заримынхаас нь 5-50 мянган төгрөг дутжээ. Хэд хоногийн дараа хуримтлагдсан урамшууллын мөнгө эргээд нэмэгдсэн ч зарим хүнийх өнөөдрийг хүртэл ороогүй байгаа аж. Чухам юуны учир урамшууллын мөнгө багассан талаар холбогдох албаныхнаас тодруулах гэсэн боловч мэдэх хүн алга. Тайлбарлах гэж оролдсон нь “Системд саатал үүссэн байх” гэхээс өөр зүйл хэлсэнгүй.
Энэ мэтээр НӨАТ-ын урамшууллын системд гажуудал их байгаа аж. Уг нь энэ ажиллагаа амжилттай болбол далд орлого ил болох том давуу талтай. Тиймээс далд орлогыг ил болгоход уг урамшууллын системийн ач холбогдол оршиж буй. Гэвч урамшууллын мөнгийг олгож эхлэх үеэр “бөөн бужигнаан” болохыг баттай эх сурвалж мэдээлэв.
Иргэд НӨАТ-ын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр улиралд авна. Ингэхийн тулд ebarimt. mn сайт руу орж, бүртгүүлэх юм. Ингэснээр иргэд хувийн дугаартай болно. Тэрхүү дугаарыг иргэн бүр авч болно. Гэхдээ өнөөдөр нэг өрх дундаа нэг дугаар авч, түүгээрээ бүх баримтаа бүртгүүлж буй. Холбогдох албаны хүмүүс “Гэр бүлийн гишүүд дундаа бүртгэлийн нэг дугаар авах боломжтой” гэж буй. Гэтэл уг систем нь албан байгууллагын нуусан орлого бус хувь хүмүүсийн орлогыг ил болгож, татвар нэмэх суурь болно гэдгийг Татварын ерөнхий газарт ажиллаж байсан эх сурвалж ярьж байна.
Хэрэв та сард 500 мянган төгрөгийн цалин авдаг атлаа 600 мянган төгрөгөөр юм худалдаж авсан бол илүү 100.000 төгрөгийг яаж олсноо батлах шаардлагатай гэсэн үг. Хэрэв баталж чадахгүй бол орлогоо худал мэдүүлсэн болох магадлалтай. Нэрээ нууцлахыг хүссэн хуульчийн хэлснээр НӨАТ-ын буцаан олголт нь жижиг, дунд бизнес эрхэлж буй иргэдээ урхинд оруулах гэсэн башир арга ч байж болзошгүй юм байна. Учир нь томоохон аж ахуйн нэгжүүд шахуулж шаардуулалгүйгээр татвараа төлдөг гэдгийг татварын байгууллагынхан ч хэлдэг.
Харин жижиг бизнес эрхэлдэг хүмүүсийн бодит орлогыг тогтоох боломжгүй байдаг аж. Орлого, зарлагын хар дэвтрээс өөр нотлох баримт байдаггүйгээс тэр аж. Татвараа төлөх нь хүн бүрийн хуулиар хүлээсэн үүрэг. Гэхдээ урамшууллын системээр урхи тавьж, тэдэнд ногдуулах татварыг нэмж, бизнесийн талбараас шахан гаргах магадлалтай гэнэ.