
Улсын хэмжээнд энэ оны эхний есөн сард тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал болон ашиглалтын журам зөрчсөн 1000 тохиолдол бүртгэгджээ. Энгийнээр хэлбэл, замын гарц, гарам, гэрэл дохио зөрчсөн гэж болно. Харамсалтай нь, үүний тал орчим нь төмөр замын гарам дээр гарсан аж. Жилээс жилд нэмэгдэж буй уг зөрчлийн тоо ирэх сард мөн л нэмэгдэх хандлагатай.
14 хоногийн өмнө “Баянмонгол” хорооллын зүүн хойно байрлах төмөр замын гарам дээр гарсан зөрчил тэдний нэг нь болох юм. Автомашин, галт тэрэгний зам огтлолцсон тухайн гарам дээр машинууд “түгжирч”, яг галт тэрэгний зам дээр зогсож байсан хоёр машины жолооч нар нөгөө ертөнцөд очсон шахсан билээ. Хэдийгээр өөрсдийнхөө хариуцсан ажлаа хийж 700 метрийн зайнаас тоормосоо татаж, гарам дээр зогсож байсан суудлын тэрэгнээс метр хүрэхгүй зайд галт тэргээ зогсоосон хоёр машинчийг шагнаснаар уг мэдээ замхарсан.
Муухайгаар хэлж буй мэт боловч, тэд галт тэргээ зогсоож амжаагүй, хэд хэдэн хүн бэртэж, гэмтсэн бол “аюултай” гэгдэх төмөр замын гарам дээр дүрэм зөрчдөг хүмүүст сэрэмжлүүлэг болох байв. Мөн осол гарсны дараа “Жолоочийн буруу байсан”, “Машинч ажлын хариуцлага алдсан” гэж өөрсдийгөө өмгөөлдөг хүмүүсийн үнэн төрхийг илчлэх байв. Гэтэл тэгсэнгүй. Уг мэдээллийг цахим сүлжээгээр цацсаны дараа хүмүүс нөгөө л сурсан зангаараа гарам дээр зогссон хоёр жолоочийг тэнэг, мангар гэж элдвээр харааж эхлэв. Ингээд ч зогсохгүй тухайн орчмын хөдөлгөөнийг зохицуулж байсан замын цагдааг ч зүхэж, “Ажлаас нь хал”, “Шийтгэ” гэх зэрэг сэтгэгдлээр булсан юм.
Осол гарах дөхсөн уг зам өдөр бүр ачаалал ихтэй байдаг. Зайсан, Туул гол орчимд орон сууцны хотхон, хороолол олон барьсан учир хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн гэдгийг замын цагдаагийн газрынхан хэлж байна. ЗЦГ-ын Хөдөлгөөний аюулгүй байдлын хэлтсийн дарга, хурандаа Ч.Жаргалсайхан “Гарам дээр зөрчил гарах нь элбэг. Ялангуяа хөдөлгөөний ачаалал ихтэй хэсгийн гарамд шинэ зохицуулалт хийх шаардлага тулгарсан.
Шинэ хонгил хийх ч юм уу, замын огтолцлыг салгах шаардлага бий” гэсэн бол тус газрын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Бөхбат “Өдөр бүр хөдөлгөөний ачаалалтай байдаг энэ зам дээр дахиад ийм асуудал гарахыг үгүйсгэх аргагүй. Осол жолоочийн хариуцлагагүйгээс болсон гэж шууд тэднийг буруутгах нь өрөөсгөл. Замыг нь давхарладаг сан уу, ямар нэг аргаар шинэчлэхгүй бол одоо байгаа нөхцөлийг сайжруулах боломжгүй” гэлээ.
Тэгвэл энэ явдал хэд хэдэн байгууллагад сануулга өгч, стандартаа мөрдөх хэрэгтэйг харуулсан явдал боллоо. Төмөр замын гарц, гарам, хамгаалалтын бүс гээд бүгд стандарттай. Харин түүний хэрэгжилтийг нь хянаж, гарсан зөрчилд арга хэмжээ авах эрх нь Төмөр замын удирдах газрын Хяналтын албанынханд байдаг гэнэ. Гэхдээ гаргасан стандартыг хэрэгжүүлэх нь цөөн аж. Улаанбаатар хотод л хамгаалалтгүй гарам хэд хэд байдгаас үүнийг харж болохыг холбогдох албаны хүмүүс ярив.
Эдгээр гармаар нийтийн тээврийн хэрэгсэл байнга явдаг учир нийслэлийн Тээврийн газрынхан судалгаа хийжээ. “Улаанбаатар хотод байдаг төмөр замын гармын 20 гаруй нь зохицуулалттай. Харин дохиолол, хамгаалалтгүй 20 орчим гарам байдаг. Нийслэлд байгаа тэдгээр гармаар нийтийн тээврийн 42 чиглэлийн 365 тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилж байгаа. Тиймээс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулахаар төлөвлөж буй” гэж нийслэлийн Тээврийн газрын эх сурвалж мэдээлсэн юм.
Харин Стандартчилал, хэмжил зүйн газрын мэргэжилтэн “Манай газар гарц, гарамд мөрдөх стандартыг тогтоож өгдөг. “Төмөр замын хамгаалалтын торонд амьтад үхэж байна”, “Хүн галт тэргэнд мөргүүллээ”, “Машин галт тэрэгтэй мөргөлдлөө” гэх мэдээнүүд гарсаар байгаа.
Иргэдийн хайхрамжгүй үйлдлээс болж гарах осол байхад төмөр замынхны алдаанаас үүдсэн байх нь ч бий. Ялангуяа суурьшлын бүс доторх гармыг автомат саад, дохиогоор тоноглох ёстой. Замын хөдөлгөөний дүрэм болон манай гаргасан стандартад энэ тухай нарийн заасан байдаг. Гармаас 10 метрийн зайд автомат саад тавьж, галт тэрэг ирж буйг зарладаг гэх мэт. Гэвч нийслэл дотор гэрэл дохиогүй гарам цөөнгүй. Авто болон төмөр замын огтлолцлыг ямар ч бодлогогүй хийсэн байдаг. Энэ бүгдийг бид биш, тус байгууллагын орон тооны бус мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар шалгаж, арга хэмжээ авах учиртай” гэв.
Төмөр замын цагдаагийн хэлтсийнхний ярьж буйгаар гарам дээр гарах зөрчлийн тоо жилээс жилд нэмэгдэж буй аж. Харин “Улаанбаатар төмөр зам”-ын Хяналтын албаныхан “Ийм зөрчил багассан. Бидний хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд зөрчлийн тоо 40 хувиар буураад байгаа” гэв. Мөн гармын аюулгүй байдлыг сайтар хангасан учраас жолооч нарын буруутай үйлдэл биш л бол осол гарахааргүй болсон хэмээн бусад байгууллагын гаргасан судалгааг үгүйсгэв.
Тэгвэл цагдаагийн байгууллагын эх сурвалж “Нийслэл доторх төмөр замын хамгаалалтын бүс болон гармын стандарт хангалтгүй. Ялангуяа, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг дэх гармуудад осол гарах аюултай. Толгойт орчимд автомат саад, тоноглолтой гарам цөөхөн. Гэтэл ачааны вагон цаг тутам явж байдаг. Шинээр тавьсан замуудад л автомат саад байгаа. Бүгдийг нь тийм саадаар тоноглож байж л гарч буй ослын тоо цөөрнө” гэсэн юм.
Гармынхаа дэргэд автобусны зогсоол мэт халаас гаргаж, замын хөдөлгөөний ачаалалтай үед галт тэрэг явахаар бол тээврийн хэрэгслүүдээ түүн рүү шилжүүлдэг гадаадын улсууд ч байна. Тухайн замд нь осол гарсан бол судалгаа авч, шалтгааныг тогтоон, гарц, гармаа сайжруулах арга хэмжээ авдаг жишигтэй. Гэтэл манайд осол гарвал төмөр зам тавьсан компани, машинч, эсвэл тээврийн хэрэгслийн жолооч болон явган зорчигчийн буруу болдог жишиг тогтсон бололтой. Энэ хэвээр үргэлжилбэл дохиолол, хамгаалалтгүй гарам үхлийн цэг болох нь.