Уншигчид удаа дараа утас цохиж, сурвалжлаач, болиулаач гэж бухимддаг нэг газар бол дархан цаазат Богдхан уулын Зайсангийн аман дахь “Чингисийн өргөө” хэмээх гоё нэртэй, амралт, зугаалгын цогцолбор гэсэн сайхан тодотголтой эвгүй “тойрог” юм. Сүүлийн жилүүдэд ууланд алхагчид олон болсноор хажуугаар нь өнгөрсөн хүн бүр хараандаа өртсөн бохир, зохисгүй бүхнийх нь зургийг авч нийгмийн сүлжээнд тавих болсон. Энэхүү цогцолбор гээчийг байгуулсан “Энигма” компанийн удирдлагыг нэр, овогтой нь дуудаж, хэрэндээ шаардлага тавьсан. Гэлээ гээд ахиц дэвшил бүү хэл, чигчий хуруун чинээ өөрчлөлт гарсангүй.
Дэлхийн анхны дархан цаазат газар гэдгээрээ олон улсад данстай Богдхан уулын арын, дээш өгсдөг хамгийн урт шаттай, зугаалж, салхилахад тав тухтай, нийслэлийг бүхэлд нь харж болох өндөрлөг Зайсан толгой, түүн дээрх Зөвлөлтийн дайчдын хөшөөний утга учраар аваад үзсэн ч, нийслэлчүүдийн, улмаар монголчуудын сэтгэлд ойр, аялал жуулчлалын ач холбогдолтой энэ амыг хогийн тантан болгох эрх “Энигма” компанид баймааргүй сэн. Газрын зөвшөөрөл авахдаа хүлээсэн үүргээ биелүүлээгүйнх нь төлөө эзэмших эрхийг нь ч цуцалж болох биш үү.
Амралт, зугаалгын цогцолбор нэртэй энэ газар иргэдийг ихээр бухимдуулж байна
Зуны эхэн сар гарсан нарлаг өдөр байдал ямар байгааг үзэхээр “Чингисийн өргөө” цогцолборыг зорьсон юм. Хаалгаар нь орохдоо л “За, одоо дунд болон, их, дээд сургууль төгсөгчдийг хоморголон архидуулах нь дээ” гэж шууд бодов. Том хаалганаасаа дутахааргүй том талбайд ”Төгсөлтийн баяр зохион байгуулна” гэсэн зар тавьсан байлаа.
Арваад жилийн өмнө амралтын газар нээх үед барьсан бөмбөгөр цагаан гэрүүд нь ноорхой, навсархай оромж болж хувирчээ. Хаврын хавсарга өрхийг нь хуу татаж хаясныг ойлгоно. Гэтэл гэрүүд суурь, бууриараа яйжигнаж, хэзээ мөдгүй унахад бэлэн мэт харагдах аж. Уулнаас бууж ирсэн хоёр эмэгтэйтэй уулзаж, энэ хавиар явахдаа юу анзаардгийг асуухад “Өнөөдөр лхагва гариг, ажлын өдөр, бага үд болохоор одоо нам гүм байх шиг байна.
Амралтын өдөр энэ хавиар битүү хүнтэй байдаг. Согтуу хүмүүс хашхиралдаж байх нь олонтаа. Зодоон цохион ч хийж байдаг. Эрүүл мэндийнхээ төлөө ууланд алхаж, эрч хүч сэлбэн, баяртай бууж ирээд ийм хүмүүстэй таарахаар сэтгэлээр унадаг. Уг нь энэ сайхан байгальд газар авсных хол, ойрын хүн дурламаар орчин байлгаж болмоор юм” гэж ярив.
Эсгий гэрүүдийн тухайд ийм. Гэтэл тэдгээрээс илүү муухай сэтгэгдэл төрүүлэх шавар гэрүүд байх аж. Эсгий дээвэр, туурга цас, бороонд нороод хэцүү байдаг болохоор шавраар гэр барьж, цагаанаар шохойдсон бололтой юм. Монгол хүн харахад таагүй гэж. Талбайгаа манадаг ногоочин ч ийм байшинд амьдрахаа больсон. Шавар гэр лав монголчуудынх биш. Ядаж байхад тэр эв хавгүй гэрүүдийнхээ өрхийг хааны их гэрийн загвараар хийсэн нь зохицсонгүй. Шавар цагаан “өргөөнүүдийн” хажууд хэдэн ширхэг модон байшин байгаа нь харин арай дээр харагдах аж.
“Чингисийн өргөө” хэмээх энэ хэдэн гэрт одоо оюутан, сурагчдыг “Төгсөлтийн баяраа хийнэ үү” хэмээн урин дуудаж, захиалгыг 24 цагаар авч буй юм байна
Гэр, байшингуудын үүдээр үхэр, баатар зэргийг дүрсэлсэн баримал байх бөгөөд үхэр нь чихгүй, баатар эрийн өрөөсөн гар тасархай. Гоё нэртэй амралт, зугаалгын цогцолбороо яагаад ийм байдалтай байлгадаг юм, хүмүүсийг ийм орчинд амраах нэрээр архидуулж мөнгө олж л байвал нийслэлийн өнгө үзэмж гандаж, оршин суугчдын уур бухимдал дээд цэгтээ тулж байх хамаагүй юу гэж асуухаар байгууллагынхантай уулзах гэсэн боловч нэг ч хүн олсонгүй. Татсан хаалга бүхэн цоожтой. Магадгүй ажилтан, ажиллагсад ажил тарах үед цуглаж, архидахаар зоригсдыг хүлээж авдаг байж болох юм.
Дээхнэ боломжийн харагддаг байсан дугуй, шилэн рестораных нь үйл ажиллагаа хэвээрээ, эсэх нь ойлгомжгүй. Үүдэн хавьцаа нь “RECEPTION 24 hour” хэмээх бичиг байна. Орох аргагүй, түгжээтэй. Дотогш шагайж харвал ундуй сундуй.
Ойр орчмоор нь нэлээд явж харлаа. Уулын голын суваг, шуудуу архины шил болон элдэв хогтой. Ажилчдынх нь байр байх магадлалтай хэдэн гэр оромж харагдана. Гэрүүдийн үүдэнд панераар хийсэн бололтой амбаар байх бөгөөд бүгд яйжийсан. Арчаагүй гэдэг үг бий. Энэ амралтын газарт энэ үг л таарах ажгуу.
Энэхүү амралтын газрыг байгуулагсад арваад жилийн тэртээ анхны гэрүүдээ барьж байх үеийн байдлыг мэдэх юм. Дээхнэ талд нь байх Элэгний эмгэг судлалын эмнэлгийн харьяа Випашяна бясалгалын төвийнхөнтэй газрын асуудлаар маргалдаж байлаа. Эмч, эмнэлгийн ажилтнуудаас бүрдсэн багийг есөн шидээр далайлгасаар өнөөдрийн энэ том талбайг өөрийн болгосон түүхтэй. Маргаан хэдэн жил үргэлжилсэн, бясалгалын төв эгээ л хашаагаа тавиад туучихаагүй.
...Байгаль дэлхий, өөрөөр хэлбэл амьд бүхэн зохицолтой амьдрах далдын болоод ил харагдах шүтэлцээтэй байдаг гэдэг. Зайсангийн амаа цэвэрлэж, цэгцлэх сэн. Эхний ээлжинд архигүй, архичингүй, зодоон нүдээн, орилоон бахираангүй болгоё...
Тус бясалгалын төвийг байгуулсан элэгний эмч, Ардын эмч Ж.Хатанбаатар нэгэн цагт мөрөөдлөө хуваалцаж байсан юм. Ирээдүйд бий болгох, Энэтхэгийн томоохон хот бүрт байдаг бясалгалын төвтэй адил, иргэд амарч, алжаал тайлдаг хүрээлэн бий болгох төсөл, төлөвлөгөө, бүтээн байгуулалтынхаа шавыг тавихдаа ч урьсан. Тухайн үед Зайсангийн ам одоогийнх шиг бохир, буруу замын байсангүй. Уул нь эрүүл, ус нь цэнгэг, өвс ургамал нь ногоон торго дэвссэн мэт өтгөн, зөөлөн байлаа. Ардын эмч ууланд алхагсдын машины зогсоолоос дээш чанх урагшаа 500 орчим метрт мөрөөдлийн буюу Зайсангийн амыг амар амаргалангийн бүс болгох шав тавих үедээ ийн хэлж билээ.
“Бясалгал иргэдийнх нь оюун санаанд чухал байр суурьтай гэж үздэг улс орон бүрт хотынхоо ойр орчмын байгалийн үзэсгэлэнт газрыг түшиглэн бясалгагчдын болон бусад оршин суугчдын очих, алхах, тоглох, амрах дуртай орчин бий болгосон байдаг. Бүтээн байгуулалт хийхдээ байгалийг төдийлөн хөнддөггүй. Харин хүмүүс явах зөрөг жим олныг маш цэвэрхнээр гаргаж, амарч суух сандал, ойр зуур цайлахад нь зориулсан ширээ зэргийг хангалттай тоогоор үзэмжтэй байгуулсан байдаг. Шаардлагатай худалдаа, үйлчилгээний цэгүүд байх ёстой. Гол нь амар амгалан байдлыг хангах үүднээс ийм бүсэд барилга байгууламж барьдаггүй, машин тэрэг хөлхүүлдэггүй.
Амрагчид байгалийн анирыг, эсвэл өөрсдийгөө сонсож, бодлоо хоосолж, оюунаа амраах зориулалттай орчин байх ёстой юм” гэж байсан. Ийнхүү ярьж байхдаа эмчийн нүд гялалзаж, хэзээ мөдгүй хүслээ биелүүлэх гэж байгаа мэт баяртай байсан. Гэтэл үүнээс хойш удалгүй Зайсангийн амыг эдүгээ хогийн тантан, архичдын үүр болгоод байгаа нөхөд газар ухаж, суваг шуудуу татаж эхэлсэн түүхтэй. Ж.Хатанбаатар эмч шав тавьж байх үедээ санаж бодсон төслийнхөө тухай “Хотын захиргаанд өгсөн, удахгүй шийдвэр гарах байх” гэж байсан билээ. Гэтэл бүх юм түүний санаснаас эсрэгээр явсан. Олон түмний эрүүл, амар тайван амьдралын төлөө санаагаа чилээж, цагаа үрж явсан тэрбээр бас ч гэж төслөө бүтээчих санаатай өчнөөн удаа шүүхдэлцсэн ч нэмэр болоогүй.
Бүтээгүй ч, хэрэгжүүлбэл нийслэлийн оршин суугчдад бурхны бэлэг мэт үнэ цэнэтэй тэрхүү төслийн тухай, утга учрыг нь гадарлахын хувьд бас нэгэн зүйлийг хэлье. Ж.Хатанбаатар эмч бясалгал төвтэй олон нийтийн амралтын бүс байгуулах газрыг чухам Зайсангийн ам байх ёстой гэж зүгээр ч нэг цэг хатгаагүй. Тэрбээр нийслэлийн түүх, судлалын үүднээс авч үзээд чухамхүү тэнд хэмээн шав тавьсан.
Эртний ном эрдэмтэй лам хуврагууд Монгол Улсын нийслэлийг Богдхан уулын ар хөндий, дөрвөн уулын дунд байгуулах нь зохистой хэмээн газар заасан юм билээ. Ингэхдээ Чингэлтэй уулын оройн төв цэгээс чанх урагш шулуун татахад Богдхан уултай огтлолцох цэгийг хамгаалж, ариун дагшнаар нь байлгах ёстой хэмээн захиж үлдээсэн байдаг юм байна. Ардын эмчийн тухайн үед хэлж байсныг үг, үсгээр нь санахгүй байгаа ч утга бол ийм байсан.
Чухамхүү ийм учраас өвгөдийн захиас, эрдэмтэн мэргэдийн үзэл, сургаалийг бодсон ч Зайсангийн амыг ариун дагшин байлгах аваас нийслэлд, оршин суугчдад өлзий ерөөлтэй, эерэг энергийн асар их хуримтлалтай байх нигууртай юм билээ. Гэтэл өнөөдөр энэ амыг эмх замбараагүйн туйл болгочихоод байдаг. Байгаль дэлхий, өөрөөр хэлбэл амьд бүхэн зохицолтой амьдрах далдын болоод ил харагдах шүтэлцээтэй байдаг гэдэг. Зайсангийн амаа цэвэрлэж, цэгцлэх сэн. Эхний ээлжинд архигүй, архичингүй, зодоон нүдээн, орилоон бахираангүй болгоё.