Агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрснийг хүлээн зөвшөөрсөн манай улсад гэр хорооллыг дахин төлөвлөн, барилгажуулах, дэд бүтцээр хангах нь тулгамдсан асуудлын нэг болоод байгаа. Хүн амын талаас илүү нь улсын нийслэлдээ бөөгнөрч, тэдгээр өрхийн 58 хувь нь гэр хороололд амьдарч, модон жорлонд бие засаж буй. Иргэдээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээр хангах, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 2012 оноос нийслэлийн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн, барилгажуулахаар төсөл хэрэгжүүлж эхэлсэн.
Энэ хугацаанд эл бүтээн байгуулалт тойрсон хэл ам тасраагүй. Тухтай орчинд амьдрах гэж газраа чөлөөлсөн иргэд хашаа байшингүй, газаргүй түрээсийн мөнгө ч үгүй болж, гудамжинд гарсан нь цөөнгүй. Их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн ч барилгын ажил гацаж, өрөнд орсон компани ч бий. Хонь ч хөөрхий, чоно ч хөөрхий гэдэг шиг ийм байдал хэдэн жил үргэлжлэв.
“Гэр хороолол” хөдөлгөөнөөс Сүхбаатарын талбайд өчигдөр хоёр дахь удаагаа майхан барьж, суулт хийв. Тэд долоо хоногийн өмнө ийм маягаар эсэргүүцлээ илэрхийлж, лоозон барин жагссан. Төв талбайд нэгэн бүсгүй, цагдаа хоёр маргалдан, дүрс бичлэгийг хийн, баримтжуулж байв. Учир байдлыг лавлавал “Гэр хороолол” хөдөлгөөнийхөн жагсаал хийх хүсэлтээ нийслэлийн ЗДТГ-т өгсөн ч зөвшөөрөл олгоогүй аж. Үүнээс болж цагдаа, тус хөдөлгөөний зохицуулагч хоёрын дунд үл ойлголцол үүсчээ. Яагаад дахин жагсах болсон талаар тус хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Я.Мөнгөнцэцэгээс тодруулахад, “Эмч, сувилагчид хэд хоног суулаа.
Гэр хорооллынхон ч гэсэн ялгаагүй ард түмний нэг хэсэг. Тэднийг сайн сайхан амьдрах нөхцөлөөр хангаач, гэр хорооллыг дахин төлөвлөх ажлыг үргэлжлүүл, нийслэлийн Засаг дарга С.Батболдыг огцор” гэсэн шаардлага тавьж, жагсаж байна. Бид энэ сарын 10-нд төв талбайд жагсахдаа хотын захирагчид найман шаардлага хүргүүлсэн. Тэрбээр зөвшилцье гэсэн боловч шаардлагад дурдсанаас огт хамааралгүй асуудлаар хариу өгч, биднийг басамжилсан. Гэр хорооллыг дахин төлөвлөх ажил зогссон. Өмнө нь хашааны газраа 2-4 өрөө байраар сольдог байсан бол одоо орон сууцны урьдчилгаа төдийгөөр тооцож авна гэсэн нь луйвар” гэв.
Гэр хорооллыг дахин төлөвлөх гэдэг тэнд амьдарч буй хэсэг хүний бус, нийслэлчүүдийн асуудал болсон. Яндангийн тоог нэгээр ч болов цөөрүүлж байж, хотын иргэд эрүүл орчинд амьдрах боломж руу ахих билээ. Тиймээс “Гэр хороолол” хөдөлгөөнийнхний тавьж буй шаардлага болон дахин төлөвлөлтийн ажил чухам юу болсон, одоогийн нөхцөл байдал ямар байгааг нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэгээс тодруулсан юм. Тэрбээр “2017 онд Гэр хорооллын төвийн бүсийн дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээний дэд бүтцийн ажилд Хөгжлийн банкны санхүүжилт болон нийслэлийн төсвөөс 104.3 тэрбум төгрөг зарцуулсан.
2018 онд 35 тэрбум төгрөг төлөвлөн ажиллаж байна. Цаашид 2020 он хүртэл шаардлагатай 192 тэрбум төгрөгийг БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хоёр тэрбум юанийн хүрээнд шийдвэрлэхээр Засгийн газрын 179 дүгээр тогтоол гарсан. 2013 онд 21, 2014 онд гурав нийт 24 байршлыг орон сууцжуулахаар 44 компани сонгогдсон. 2016 оны орон нутгийн сонгуулийн өмнө төсөл хэрэгжүүлэгч зургаан компанийн эрхийг цуцалсан юм билээ. Харин энэ оны тавдугаар сарын байдлаар 15 компани барилгын ажлаа эхлүүлээд байна. 2018 онд нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар төсөл хэрэгжүүлэгч 35 компани нэг бүрийн асуудлыг хэлэлцэн, авах арга хэмжээгээ тодорхой болгосон.
Үүний дагуу төсөл хэрэгжүүлэх чадамжгүй болсон зарим компанийн үйл ажиллагаа явуулах эрхийг цуцалж, заримд нь хугацаатай үүрэг өгч, ажлыг эрчимжүүллээ. Бүх компанийн удирдлагатай уулзаж, хурлын шийдвэрийг танилцуулан, хугацаатай үүрэг даалгавар өгснөө албан бичгээр мэдэгдсэн. БХБЯ, нийслэлийн ЗДТГ-аас ажлын хэсэг байгуулсан. Бид үйл ажиллагаа явуулж буй компанийн борлуулалтыг дэмжих саналыг ажлын хэсэгт танилцуулж, дахин төлөвлөлтийн байршилд барьсан барилгын ипотекийн зээлийн хүүг 7.5, урьдчилгааг нь 20 хувь болгох санал оруулсан. Одоогийн байдлаар дахин төлөвлөлтийн 15 байршилд үйл ажиллагаа эхэлсэн, бусад нь ирэх сараас эхлүүлнэ гэсэн тооцоотой ажиллаж байгаа. Барилгын салбар сэргэх хандлагатай байна. Энэ онд 2500-3000 айлын орон сууц ашиглалтад оруулах тооцоо гарсан.
“Баганат Өргөө” компани эхний ээлжийн 288 айлын хоёр блок барилгаа ашиглалтад оруулж, дараагийн орон сууцны газар шорооны ажлаа эхлүүлсэн. “Гангар инвест” компани 336 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, 168 айлынхыг ирэх сард хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна” гэж ярив. Мөн “Гэр хороолол” хөдөлгөөнийхний ирүүлсэн шаардлагад хариу өгч, энэ даваа гаригт уулзсанаа хэлээд “Гэр хорооллыг дахин төлөвлөх ажлаас хэн, яаж хохирсон ямар компани үйл ажиллагаа явуулахгүй байгаа зэрэг баримттай асуудал хөндөхгүй, хэрүүлийн чанартай зүйл ярьсан” гэдгийг ч тайлбарлав.
Гэр хорооллыг гурван бүсэд хуваан хөгжүүлэхээр ажиллаж буйгаа тэрбээр ярьсан. Төвийн бүсийн гэр хороолол нь шугам сүлжээнд холбогдох, олон давхар барилга барих боломжтой. Үүнээс цаад хэсгийг дундын бүс гэж нэрлэн, төвийн шугам сүлжээнд холбогдох боломжгүй учир хэсэгчилсэн болон бие даасан инженерийн хангамжаар хангах гэнэ. “Сервес центр” барьж, айлуудын хашаа, байшин руу дэд бүтэц оруулснаар айл өрх халаалт, цэвэр, бохирын шугамд холбогдох юм.
Үүний ТЭЗҮ-г хийж, эхний загвар хоёр байршилд тендер зарлан, ирэх долоо хоногоос гэрээ байгуулж, ажлыг эхлүүлэхээр болжээ. Мөн гэр хорооллын байшингийн дулаалгын асуудлыг “Цэвэр агаар” сантай хамтран шийдэх гэнэ. Дулаалгын өртгийн 70 хувийг уг төслөөс, 30 хувийг тухайн айл өөрсдөө гаргах аж. Харин захын бүсийн гэр хорооллыг технологийн бүс гэж зарлаж, нар, салхины сэргээгдэх эрчим хүч ашиглан, айл болгонд дэд бүтэц хүргэх зорилт тавьжээ.
2013-2016 онд 1590 айл газраа чөлөөлж, 957 нь орон сууцанд орсон боловч 633 нь толгой хорогдож байсан газраасаа хөөгдөн, хүнд байдалд оржээ. Учир нь гэрээ байгуулсан тухайн компаниуд түрээсийн төлбөрийг нь төлөөгүй учир ийм байдалд хүрсэн байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн XII хороо Амгалан орчимд “Гранд лайн” ХХК инженерийн шугам сүлжээний 11.5 тэрбум төгрөгийг хууль зөрчин тендергүй авч, 9.1 тэрбум төгрөг халаасалсан ч барилгын сууриас өөр ажил хийгээгүй гэнэ. Мөн “Их өргөө” ХХК 85 айлын газар чөлөөлсөн боловч барилга угсралтын ажил хийгээгүй аж. Компаниудын харицлагагүй байдал, нийслэлийн удирдлагуудын залгамж халаа, төсөв мөнгөний гачигдлаас болж иргэд хохирч байна.