Ахмад дипломатч, түүхийн ухааны доктор, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин, Соёлын гавьяат зүтгэлтэн Т.Төмөрхүлэг Франц улсын Ерөнхийлөгч Эммануэль Макароны зарлигаар тус улсын “Хүндэт легион” одонгоор шагнуулсанд баяр хүргэж, ярилцлагад урьсан юм. Энэ одон бол Францын цэргийн бөгөөд иргэний хамгийн дээд шагнал. Энхийн болон дайны цагт онцгой гавьяа байгуулсан хүндтэй франц хүмүүст олгодог. Бас Францын соёлыг дэлхийн улс түмэнд түгээж, сурталчлахад онцгой хувь нэмэр оруулсан гадаадын иргэдийг шагнадаг.
Т.Төмөрхүлэг гуай Францын үе үеийн суут сэтгэгчдийн бүтээлүүдээс олон арвыг эх хэлнээ орчуулж, уншигчдын хүртээл болгосон соён гэгээрүүлэгч. Монгол, Орос, Хятад улсын харилцааны тодорхой үеийг судалж, хөрш орнуудтай баримтлах Монгол Улсын бодлогод хувь нэмрээ оруулсан хүн. Монгол Улсын дипломат албанд 40-өөд жил зүтгэхдээ гурван улсад Элчин сайдаар ажилласан.
Өдгөө нас 70 гарсан ч, тийм гэхийн аргагүй хөнгөн шингэн, ам нээх бүрийдээ ном эрдэм, хөгжлийн тухай өгүүлэх ажээ.
Орчуулсан болон өөрийн бичсэн номуудаа эгнүүлэн тавьсан байх нь амар аж. Захаас нь барьж авч хэзээ орчуулсан, юуны тухай, сургамж нь юу вэ гэхчилэн асуулаа. Хамгийн сүүлд “Бага орны дотоод зовлон: монголчуудын жишгээр” хэмээх багахан хэмжээтэй ном хэвлүүлсэн аж.
Хурдхан гарчиглав. “Эрх мэдэл, үйлийн үр”, “Шинэ баян”, “Агуу их”-ийн хэнээрхэл, “Эрх эхнэрүүд”, “Цамаан үрэлгэн зан”, “Дуурайх, хуулбарлах сэтгэлэг”, Хулгайч, худалчийн монгол хувилбар”, “Монголд жинхэнэ өрсөлдөөн үүссэн үү” гэх зэргээр дурайж байхаар нь өнөөхийг нь уншиж дуусахаас нааш ярилцах аргагүйд хүрэв. Уншихад өнөөдрийн Монгол, монголчууд бидний нүүр царай, үнэн байдал л тодорч байлаа. Хоёр хоногийн дараа эрдэмтний өөдөөс хараад суулаа.
Франц улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Элизабет Барсак ахмад дипломатч Т.Төмөрхүлэгт “Хүндэт легион” одон гардуулав
-Франц улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Элизабет Барсак “Хүндэт легион” одон гардуулахдаа таны тухай юу гэж ярив. Энэ сонин байна.
-Элчин сайд шагнал гардуулах үедээ намайг дипломат алба, түүх, утга зохиолын салбарт тодорхой бүтээлтэй хувь хүн юм гэж байна билээ. Элчин сайд Монголд томилогдож ирээд хоёр жил болсон ч монголоор ярьж, ном уншдаг болсон байна.
Хэдэн жилийн өмнө гарсан “Монголын асуудал Орос, Хятадтай учир холбогдсон нь” хэмээх улс төр, дипломатын харилцааны сэдэвтэй номыг минь их үнэлж, ярьж байна билээ. Надад аятайхан санагдалгүй яах вэ. Хамгийн гол нь франц зохиолчдын олон бүтээл орчуулж, Францын соёлыг монголчуудад таниулахад хувь нэмрээ оруулсан гэж энэ шагналыг надад хүртээсэн юм байна.
-Та шагнал, алдар нэрийн тухайд юу бодож явдаг вэ?
-Дуудах алдар нэр бол аяндаа замхардаг усны хөөстэй адил гэж бодож явдаг. Харин хийсэн бүтээсэн юмтай бол тэр нь л эзнээ авч явдаг байх.
-Та Францын Bольтер, Шарль де Монтескье, Дени Дидро, Ги де Мопассан, Антуан де Сэнт-Эксюпери, Альбер Камю нарын гүн ухаантан, гэгээрлийн зүтгэлтэн, зохиолчдын сор бүтээлүүдийг орчуулж иржээ. Эдгээрээс алиных нь үзэл санаа, бодол сэтгэлгээ өнөөдөр ч хүчтэй, амь бөхтэй байна гэж боддог вэ?
-Их сэтгэгчдийн туурвил бүтээлийг ялган салгаж дүгнэх нь миний хувьд ахадсан хэрэг байх аа. Яагаад вэ гэвэл, аль ч сэтгэгч тухайн цагийнхаа л хүн. Би бол сэтэгчдийн санаа бодлыг аль болохоор зөв буулгах үүрэгтэй хүн л гэж бодож явдаг. Миний орчуулсан Монтескьюгийн “Хуулийн амин сүнс” зохиолыг хуульчид, их, дээд сургуулийн багш нар уншсан байдаг. Энд тэнд тааралдахдаа урмын үг хэлж л байдаг юм.
“Хүндэт легион” одонг Наполеон Бонапарт санаачилсан бөгөөд одоо хүртэл загвар болон материал нь хэвээр байдаг аж
Тантай ярилцахын өмнө “Бага орны дотоод зовлон: монголчуудын жишгээр” номыг тань уншлаа. Монголд өнөөдөр гэгээрэл нэн тэргүүнд шаардлагатай юм байна. Засаглалын аргад хомсдол байдаг бололтой. Таны хэлснээр ерөөс монголчуудын сэтгэхүйд их доголдол байна. Үүнийг засаж гэмээнэ хөгжлийн гарц харагдах бололтой. Үүнд аль хэр хугацаа орох бол?
-Энэ номыг би түрүү жилийн намар эхлээд шинэ оны өмнөхөн дуусгаж, оны эхээр хэвлүүлсэн. Гэхдээ маш олон жилийн ажиглалт, хөтөлсөн тэмдэглэл, өөрийн дүгнэлтэд тулгуурлаж бичсэн. Хэлэх гэснээ нууж хаагаагүй. Юуны өмнө товчхон хэлэхэд манай улс ардчилалд шилжчихсэн юм биш.
Зах зээлийн нийгэмд ч бүрэн орчихоогүй байна. Гагцхүү тийшээ зүглэн зүтгэж яваа гэдгээ ухаарах хэрэгтэй. Эрх чөлөө, ардчилал гэдгийг буруу хэрэглэвэл асар их уршигтай. Үүнийг дэлхийн улсуудын жишээгээр тайлбарлаж болно л доо. Гэхдээ холоос жишээ хайхаар яг өнөөдөр бид ямар нийгэмд амьдарч байгаагаа эрхбиш ойлгох ёстой болов уу.
...Монголчууд бид цөөхүүл. Түүх, нийгэм, зан заншлын хувьд бид гадаад улс орнуудаас ялгагдах онцлогтой гэдгийг умартаж болохгүй. Олонх улс орон капиталист замаар явар арга туршлага хуримтлуулсан, сэтгэл санааны бэлтгэлтэй, эд агуурсын хур өв сантай байсан шүү дээ. Тиймээс бид АНУ болон Баруун Европын улс түмний өнөөгийн жишгийг хиймлээр дуурайх гэвэл бусдын элэг доог болохоос хэтрэхгүй...
-Бид юун дээр алдаж байна вэ?
-Хөгжсөн улс үндэстнүүдтэй зэрэгцэн оршихын тулд монголчууд оюун сэтгэлгээний хувьд тэдэнтэй ойролцоо юм уу, ядахдаа дөхөж очсон байх хэрэгтэй юм. Тусгаар улс үндэстний жинхэнэ ёсоор оршин тогтнохын амин сүнс юунд агуулагдах вэ. Ард иргэд нь сэтгэхүйн хувьд бие даасан, өөртөө итгэлтэй, зовлон гачаал тулгарлаа гэхэд сэтгэлийн бөхөөр ажрахгүй, гаднынхны дайтай амьдарч, хөдөлмөрлөж сурсан байх хэрэгтэй биз дээ.
Үндэсний өвөрмөц шинж хэл, соёл нь өрөөл бусдын соёлын их үерт автахааргүй болж төлөвшсөн байх ёстой. Би бол энд соёл, боловсролын тухай ярьж байна. Гэтэл өнөөдөр яаж байна. Хамгийн наад зах нь монгол хүн өөрөө төрөлх хэлээ мөхөөх бурангуй үйл хэрэгт идэвхийлэн оролцож байна гэхэд хилсдэхгүй. Энэ бол нийгмийн нэг гаж буруу үзэгдэл болоод байгаа юм. Мэдээллийн хэрэгсэл гэдэг хүчирхэг зэвсгээр үзэгчид буюу ард олон руу байнга буруу хазгай үг, өгүүлбэрийн сумаар онилон дайрч байна.
Үүнийг хэн ч анзаардаггүй. Төрийн ч бай, бусад төрлийн мэдээлэл дамжуулж буй хэрэгслүүд нь ийм байхаар гудамжинд яваа хүмүүстэй юу ярих вэ дээ. Аливаа хэлэнд нийтийн дунд тухайн цаг үеийн загвар гэх үү, тэр үедээ түгэн тархаад аажимдаа шахагдан гардаг үг, хэллэгүүд ч байдаг. Харин хэлний ноён нуруу нь бол ганхдаггүй, сонгодог чанараараа байж л байдаг.
Ингэж хэл хэлэээрээ, соёл соёлоороо үлдэхийн баталгаа нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн соёл, ёс зүй, улс, үндэстнийхээ өмнө хүлээсэн үүрэг нь байдаг. Энэ талд гадаадын томоохон мэдээллийн агентлагуудын үйл ажиллагааг жишээ татаж болно. Гэтэл манайд эсрэгээрээ. Ядаж л МҮОНРТ-ийн сэтгүүлч, редакторууд, хөтлөгчид эх хэлээрээ зөв, оновчтой ярьж баймаар байна.
Тун саяхан даа, “ММ агентлаг”-ийн гадаад мэдээ дуулгадаг эрэгтэй 2-3 минутын мэдээлэл хэлэх хоорондоо нийлмэл өгүүлбэрүүдийн дунд “Дээрээс нь” гэдэг үгийг лав найман удаа давтаж байна лээ. Ядаж л түүнчлэн, бас, тэгээд, мөн гэх зэрэг үг хэрэглэж болно оо доо. Монгол хэлний хууль гэж гарсан. Хэрэгжиж байгаа юм алга.
-Заримдаа үнэхээр бухимдмаар шүү.
-Хөгжилд хүрэхийн тулд хүмүүсийн сэтгэх аргад өөрчлөлт хийх хэрэгтэй гэдэг хоосон үг биш юм шүү. Харамсалтай нь өнөөдрийн байдлаар манайд энэ талд төр, засгийн түвшинд ч, бүх шатны сургалтын байгууллагад ч ажил хэрэгчээр, хүний, хөгжлийн төлөө гэсэн сэтгэлээр хандахгүй байгаа нь тоогүй.
Буруу ярьж, бичиж, эх хэлээ эвдээд байх нь нийгмийнхээ өмнө үүрэх хариуцлагаа умартсан гэсэн үг шүү дээ. Энэ нь ганц хэвлэл мэдээллийнхний ч гай, хөө биш, ялангуяа бага, дунд сургуульд ажил нурсных. Монгол хэлний багш нар одоо юмыг “шинэ” нүдээр харах цаг болсон.
-Яаж?
-Хүүхэд хэлд орохдоо багшаар заалгадаггүй биз дээ. Гэр бүлийн орчин, эцэг эхийн дэргэд, харилцаан дунд хар аяндаа ярьж сурдаг. Түүнтэй адил бага ангийн хүүхдэд хэл, бичгийн хичээл заахдаа зөнгөөр нь, аясаар нь, сонирхолтойгоор зааж сургах арга, хэлбэрээ олох хэрэгтэй болов уу.
Хичээлийн хөтөлбөр энгийн, маш сонирхолтой баймаар. Анги дээшлэх тусам сонирхолтой байдал нь алдагдах ёсгүй. Нэг үгээр хэлбэл, эх хэлээ дурлуулж сургах ёстой байх. Дуртай, дурласан зүйлээ хүн насан турш нандигнан хайрладаг. Тийм биз дээ.
-Засаглал буруу байгаа тухайд та юу хэлэх вэ?
-Луи де Вонал, Монтень, Күнз, Лао Це нарын сэтгэгч ард олныг хэрхэн засаглах, өөрөөр хэлбэл удирдах талаар тухайн тухайн үедээ ончтой хэлсэн байдаг нь өнгөрсөн нийгмүүдийн амь, амьсгаанд шингэсээр ирсэн байдаг. Бид бүгд л эрин цагийнхаа хүүхдүүд. Орчлон ертөнцийн их савлагаа, хувьслыг дагахгүй гээд яах билээ. Савнаасаа гарч яаж ч тонгочих гээд тус нэмрийг олохгүй.
Орчин үед либераль ардчиллын хүрээнд улсыг удирдах гэдэг хямд хоол биш болсныг дэлхий даяар ярьж байна. Өргөн олон нь удирдагчаасаа “Өг, өг” хэмээн шаардах нь олонтаа. Гудамжны архичнаас авахуулаад хэн ч бай улсынхаа тэргүүнийг хүртэл зүхнэ. Манайд ч гэсэн аль ч Засгийн газар бэл бэнчинтэй бол гар татахгүй. Гэтэл засаг төр маань өнөөдөртөө өгөх юмгүй бол яах вэ.
Монголчууд бид цөөхүүл. Түүх, нийгэм, зан заншлын хувьд бид гадаад улс орнуудаас ялгагдах онцлогтой гэдгийг умартаж болохгүй. Олонх улс орон капиталист замаар явах арга туршлага хуримтлуулсан, сэтгэл санааны бэлтгэлтэй, эд агуурсын хур өв сантай байсан шүү дээ. Тиймээс бид АНУ болон Баруун Европын улс түмний өнөөгийн жишгийг хиймлээр дуурайх гэвэл бусдын элэг доог болохоос хэтрэхгүй.
Тэгэхээр, арга ядахад жижиг улсынхаа зовлонг ухаарч ойлгодог, нийтийнхээ өмнө хэн хүнгүй эрхбиш хариуцлага үүрэх учиртай гэж боддог иргэдтэй болъё гэвэл, тэднийхээ оюун сэтгэлийнх нь сүвийг нээх арга хайх аваас алсдаа ч гэсэн аштай юу гэж л боддог хүн дээ, би.