Зүүн гар талаас Д.Самдан, Ч.Ванхүү
Нэг ангиас төрсөн гурван Хөдөлмөрийн баатар Баянхонгор аймгийн Баян- Өндөр суманд аж төрдөг тухай сонсоод тэдэнтэй уулзах сан гэж бодож явсан юм. Өвөл томилолтоор Баянхонгорыг зорихдоо хамгийн түрүүнд “Баян-Өндөр орох уу” гэсэн нь миний хувьд хамгийн “ажил хэрэгч” асуулт байж билээ. Харин нийслэлээс 1000 шахам км-ийн алс дахь тэдний нутгийн наахнаас нь эргэхдээ сэтгэл хоргодсоор байлаа.
Уулзахыг тэгтэл их хүсэж байсан, социализмын үеийн “амьд олдвор” болох гурван баатрын хоёр нь Улаанбаатарт түр саатаад байгаа тухай сонсоод ихэд олзуурхаж, өдөржин хөөцөлдсөөр олж уулзлаа. Явуулын хоёрыг их ажлынх нь хажуугаар барьж авч, “Хотод ирснийх, сайхан тоглолт үзнэ ээ хө” гэсэн тохироог нь нураан байж хэсэгхэн ярилцаж амжлаа. Д.Самдан баатар биднийг уриалгахан угтсан бол Ч.Ванхүү гуай “Залуу байхад туршлага судална гэж сонин, хэвлэлийнхэн их ирдэг байж билээ. Би угаасаа яриа хөөрөөнд муу. Ойрын үед хэвлэлд ярилцлага өгсөнгүй. Сандраад л байна шүү. Одоо тэгээд над шиг муу хөгшний үгийг тоож унших хүн байх уу даа” хэмээн багахан “үнэд оров”.
-Нэг ангийн гурван баатартай уулзах сан гэж бодоод явсан юм. Өвөл танай сумын наахна хүрээд буцахдаа унаанаасаа үлдэх шахсан. Танай нутаг их хол юм билээ. Ядарч ирэв үү?
Ч.В: -Ядрахаар барах уу даа. Залуус та нарт хол санагдаж байгаа юм чинь бид мэтийн “хөлгүй” өвгөд ядарч ирэх нь аргагүй. Сая наашаа явмааргүй л санагдаж байлаа. Малчдын улсын зөвлөгөөнд заавал ир гэсэн гэхээр нь арга буюу зүтгэв. Төрийнхөө ордонд хөл тавих хувь ерөөл дахиж олдоо ч уу, үгүй ч үү гэсэн бодол бас хүч өгсөн.
-Та нар мал малласаар яваа юу, төв суурин бараадсан уу?
Ч.В: -Мал маллах хөг өнгөрсөн. Залуудаа бие хайргүй зүтгэсний “буян”-д нурууны суултаас болоод өрөөсөн хөл мэдээ алдсан. Одоо ганцаараа удаан зогсож, явган явж чадахгүй. Явж байгаад өрөөсөн хөл нугараад уначихдаг болсон. 2008 оноос хойш мал маллахаа больж, сумын төв бараадсан.
Д.С: -Санаа бол хаа ч хүрээд, юу ч хийчихмээр “том”. Даанч хоосон санаа, холхиндог гутал л болж дээ. Хүүхдүүд миний амыг харна, заавар зөвлөгөө авах гэж ирнэ. Тэгэхэд нь дуугүй байхгүй санаатай. Амаараа бол мал маллах байтугай л юм хийчихмээр. Ачир дээрээ аяга цайныхаа дэргэдээс холдож чадахгүй л сууна даа.
Ч.В: -Самдан ч бас намайг бодвол морь, мотоцикл унаад, хүүхдүүддээ тус дэм болоод явдаг юм.
-Төмөр гуай яагаад ирээгүй юм бэ?
Ч.В: -Надаас Самдан нэг, Төмөр тав дүү. Цаадах чинь залуу хүн (залуу гэж буй хүн нь 73-тай. сурв) болохоор хөл гар нь гайгүй, мал маллаад явж байгаа. Мал төллөх үе таараад энэ зөвлөгөөнд ирж амжсангүй. Бид хоёр л ажилгүйгээрээ наашиллаа.
-Та гурав нэг ангийнхан биз дээ. Ванхүү баатар насаа нэлээд дарж байж сургуульд орсон юм аа даа?
Ч.В: -Ээж минь намайг багад нас барсан. Би ээжийнхээ төрхийг ч санадаггүй. Дүү минь өлгийтэй үлдэж байсан юм гэнэ билээ. Нялх нялзрай хүүхэдтэй, ядуу тарчиг аав минь намайг сургуульд оруулахгүйн тулд нас дарж хэд өнжөөсөн юм. Би 12-тойдоо сургуульд орж, 16-тай дөрөвдүгээр анги төгссөн.
1957 онд дөрөвдүгээр анги төгсөөд сургуулиас гарч, гавшгай бригадад ажилласан. Дараа нь хонь хариулж байгаад тэмээ авсан. Үүнээс өмнө тэмээчин болох хүсэлтэйгээ хэлэхэд бригадын дарга “Чи ганцаараа яаж тэмээ маллах юм бэ” гэдэг байлаа. 1971 онд гэр бүлтэй болж, нэгдэл ч хүсээд байсан тэмээн сүргийг маань өгсөн.
Д.С: -Малчин болно гэсэн хүүхдүүд ихэвчлэн дөрөвдүгээр анги төгсөөд сургуулиас гардаг байлаа. Би уг нь номын мөр хөөх санаатай тавдугаар ангид орохоор болсон юм. Нэгдэлжих хөдөлгөөн ид өрнөж, манай нутагт нэгдэл дөнгөж байгуулагдаад байсан үе. Зуны амралтаараа очиход манайх нэгдэлд элсээд тэмээ авчихсан байв. Тэмээ унаад жонжуулж явах сайхан санагдсан юм уу, намар нь би сургуульдаа очоогүй. Миний араас багш нар хоёр удаа очсон ч авч явж дийлээгүй юм даг. Ингээд малчин болох зам шулуудсан.
-Сахилгагүй хөвгүүд байв уу?
Д.С: -Хөдөөгийн, арван хэдтэй эрэгтэй хүүхдүүд юу гэж зүгээр байх вэ. Зүггүйтэж, болох, болохгүй юм юм л хийж явсан.
Ч.В: -Ангидаа насаар хамгийн ахмад нь байсан болохоор энэ хэдийгээ хөөрхөн шоглоод, дөнгөчихнө. Барилдаж ноцолдоод, дээл хувцсаа урах бол энүүхэнд. Эдэнтэй сайн ноцолдсоных биз, нутагтаа бөх гэгдэж, сумын заан цол хүртсэн гэж байгаа.
-Нэг ангиас гурван Хөдөлмөрийн баатар төрнө гэдэг ховор тохиолдол байх. Ер нь гурван Хөдөлмөрийн баатартай анги өөр бий болов уу?
Ч.В: -Байхгүй ээ, улсад байхгүй. (Ингэж хэлэхдээ илт сэргэж, дуунаас нь аархал сонсогдох шиг санагдсан)
-Төмөр гуай 1986, Самдан гуай 1989, Ванхүү гуай 1991 онд алтан соёмбод адислуулжээ. Ар араасаа Хөдөлмөрийн баатар болоод их баярласан байх даа?
Ч.В: -Ямар зүг байх вэ. Тэгэхэд бид царигтай, бие биенийхээ жаргал, зовлонд очдог, баяр хөөрөөс хуваалцдаг байлаа.
Д.С: -Очиж баяр хүргээд л буцна. Тус тусын ажилтай, улсын хөрөнгө толгойгоороо хариуцсан, нэгдлийн “ялтай” малтай улсад үерхэж нөхөрлөж байна гээд нэгнийхээрээ хонож өнжөөд, наргиж цэнгээд явах боломж байхгүй шүү дээ. Тэр тусмаа ямаа, тэмээний бэлчээр таарах биш. Малчин хүн малынхаа аясыг л дагаж, малдаа тааруулж амьдарна уу гэхээс өөрийнхөө тав тухыг боддоггүй юм. Тиймээс нэгнийхээ сайн явааг сонсон баярлаж, хааяахан хурал хуй, малчдын зөвлөгөөний үеэр уулзан, хууч хөөрөхөөс биш нийлж, дарвиж явах цаг хомс байлаа.
...Д.С: -Хөдөөгийн, арван хэдтэй эрэгтэй хүүхдүүд юу гэж зүгээр байх вэ. Зүггүйтэж, болох, болохгүй юм юм л хийж явсан.
Ч.В: -Ангидаа насаар хамгийн ахмад нь байсан болохоор энэ хэдийгээ хөөрхөн шоглоод, дөнгөчихнө. Барилдаж ноцолдоод, дээл хувцсаа урах бол энүүхэнд. Эдэнтэй сайн ноцолдсоных биз, нутагтаа бөх гэгдэж, сумын заан цол хүртсэн гэж байгаа.
-Нэг ангиас гурван Хөдөлмөрийн баатар төрнө гэдэг ховор тохиолдол байх. Ер нь гурван Хөдөлмөрийн баатартай анги өөр бий болов уу?
Ч.В: -Байхгүй ээ, улсад байхгүй. (Ингэж хэлэхдээ илт сэргэж, дуунаас нь аархал сонсогдох шиг санагдсан)...
-Танай ангийнхан хэр олуулаа вэ. Одоо уулзах боломж гарч байна уу?
Д.С: -Цагийн аясаар цөөрөөд л байна. Олонх нь “явчихлаа”. Үлдсэн нь арав хүрч байна уу, үгүй юу.
Ч.В: -Манай нутаг холыг ч хэлэх үү, аймаг, хотод суурьшсан хүмүүстэй уулзаж чаддаггүй. Самдан бид хоёр сумын төвд байгаа болохоор үе үе уулзаж, сэтгэлээ онгойтол сайхан хууч хөөрнө. Төмөртэйгөө баяр ёслол, найр наадмын хойморт таардаг юм. Уг нь сумын төвд хийх ажилгүй байгаагаа бодвол үеийн нөхдөө уриад, хууч хөөрөөд суумаар. Гэвч хөгшин маань унаад өгснөөс хойш гэр орондоо зочин гийчин хүлээж авах нь бүү хэл, өөрөө гэртээ баймааргүй санагдах боллоо. Ер нь гэрийн эмэгтэй хүн байхгүй болчихоор мөн ч тусгүй юм. Ядаж гэрийнхээ хаана юу байгааг мэдэхгүй, хайгаад олохгүй мунгинаж сууна.
Самдангийн хөгшин нь бас эрт унаад өгсөн. Энэ ч намайг бодвол хүүхдүүддээ тус нэмэр болоод хөдөө явчихдаг юм.
-Та бүхэн социализмын үед, нарийн шүүлтүүр давж тодорсон Хөдөлмөрийн баатрууд. Тухайн үед хэрхэн ажиллаж байсан тухайгаа яривал залууст тустай байх?
Ч.В: -Би социализмын үеийн отгон Хөдөлмөрийн баатар. Намайг цолоо аваад удаагүй байхад нэгдэл тарсан. Тухайн үед баатар болохын тулд ажиллаж байсангүй. Урдах ажлаа хийж яваад нэг мэдэхэд энэ эрхэм цолны болзол хангачихсан. 1971 онд 235 тэмээ хүлээж аваад нэгдэлд нийт 700 ботго бойжуулж өгсөн. Төлийн хорогдолгүй, сааль сүү, ноосны төлөвлөгөөг дандаа давуулан биелүүлнэ.
Д.С: -Би тэмээ маллаж байгаад 1971 оноос бог мал авсан. Нэг жил мах бэлтгэлийн мал хариулж, хавар нь тушаачихаад байтал манай нутгийн нэг хөгшин нарийнтаж, түүний маллаж байсан 130 эм ямаа, 70 борлон, 90 гаруй ишиг надад өгөв. Тэр сүрэг маньд буян хишгээ хайрласан. Тэгэхэд би Хөдөлмөрийн баатар гэж бид мэтэд хамаагүй, тэртээ дээр оршдог эрхэм цол гэж боддог байлаа. Нэгдлийн мал үхүүлж, үрэгдүүлчихгүй, өрөнд орчихгүй юм сан л гэсэн шүү юм бодож явсан санагддаг. Би дандаа төллөх мал малладаг байлаа. 730 ямаа ч төллүүлж үзлээ.
-730 ямаа төллүүлнэ гэдэг амаргүй байх даа?
Д.С: -Ээ дээ, амаргүй шүү дээ. Өдөрт доод тал нь 60-70, заримдаа 100 гаруй төл хүлээж авна. Дөнгөж төрсөн нойтон ишгийг элсээр арчиж үсийг нь сэврээгээд эхэд нь амлуулж байтал дараагийнх нь орилно. Эхнэр бид хоёр тэр хавар ёстой дээлээ тайлаагүй дээ.
Уг нь нэг айл ийм олон төллөх мал маллах нь ховор. Манай ямааг хоёр суурь болгон тасална гэж байтал 1985 оны зун ган болж, манайх нутаг хөөж Их Богд уул даван оторлож яваад намар эрт цас орсон тул тэндээ өвөлжсөн юм. Тэр хол газар манай малыг тасалж авах гэж хэн ирэх билээ дээ.
Манай ямаа өмнөх жилүүдэд мэр сэр ихэрлэдэг байсан. Гэхдээ тэр жил бүр онцгой олон ихэрлэсэн. Зун нь ган, өвөл нь зуд болсон хатуу жил байсан болохоор ямаа жилбэгүй төллөж, ихрүүдийн зарим нь мал болоогүй. Хань минь ихэр ишигнүүдээ хариуцаж, хуурай сүү найруулан, шар будаа, хонины сүүлтэй хольж буцалгаад угжина. Нойр, хоолгүй зүтгэсний хүчинд 80 гаруй ихэр ишиг бойжуулсан.
Би гадуурх бусад ажил, сөөнгө (ихэр биш, ганц ишгийг ингэж хэлдэг аж) ишиг болон төллөх ямаагаа хариуцна. Ишигнүүдээ өглөө, оройд эхэд нь нийлүүлж, хөхүүлэх, шинэ төрсөн ишгийг осгоочихолгүй халуун чихийг нь атгаж, амлуулах гээд борви бохисхийхгүй. Хавар ногоотой залгасны дараа нутагтаа очиход нам, засаг хийсэн ажлыг маань үнэлж, аймаг, улсын хошой аварга болсон. 1989 оны арваннэгдүгээр сарын 11-нд Улаанбаатарт ирж, Ж.Батмөнх даргаар алтан соёмбоо зүүлгүүлж байлаа. Залуу насаа тэмээ, ямаа хоёрын араас хөөцөлдөж өнгөрүүлсэн ийм нэг өвгөн байна даа.
-Ямаачин баатар тун цөөхөн төрсөн гэдэг байх аа?
-Гурав л байсан. Одоо бараг би ганцаараа үлдсэн байж мэднэ.
-Нэгдэл гэж хүмүүсээр ажил хийлгэнэ гэдгийг үзүүлдэг газар байсан тухай өмнө нь бишгүй сонсож байсан ч та хоёрын яриа сонирхолтой байна?
Ч.В: -Ёстой үзүүлж өгдөг газар байлаа. Биднийг “төмөр” амьтай мал маллаж байгаа мэт шаардлага тавина. Нэг ч мал үхүүлж болохгүй гэнэ. Мал бүрийн ашиг шимийг хамгийн дээд зэргээр тооцсон элдэв янзын төлөвлөгөө норм тогтоочихно. Би лав тэмээний ноосны төлөвлөгөөг гүйцээхийн тулд сормуусыг нь хайчлахаас наахнуур мулзалдаг байлаа.
Д.С: -Малаас гарч болох бүхнийг бүрэндүүрэн ашиглаж байсан. Ямаанд сүү, ноолуураас гадна хялгасны норм өгнө. Түүнийг биелүүлэхийн тулд ямааг самнахаасаа өмнө хялгасыг нь сэрмээд, сойзоор гүвж, хамж авна. Шийрний сагаг, эрүүний сахлыг хайчилна. Самнасан ноолуурынхаа хялгасыг түүснээ ч хаяхгүй. Хэрэгтэй болоод л тэгж шахдаг байсан байлгүй. Ах нар (оросууд) авдаг байсан байх. Одоо ямааны хялгас шиг хэрэггүй эд байхгүй болоо шив.
-Норм төлөвлөгөө биелүүлэхээс гадна отор нүүдэл хийх том ажил байсан уу. Малдаа тарга тэвээрэг авахуулахын тулд отор нүүдэл хийх туршлага гэж үлгэр домог шиг зүйл ярьдаг шүү дээ?
Д.С: -Отор нүүдэл гэдгийг тэргүүн туршлага болтол хийсэн анхны нөхдийн нэг нь би байх шүү. Мал тарга тэвээрэг хэр авахаас ноос, ноолуур, сүү сааль, төл бүгд хамаарна. Сүүний нормтой учир зун ферм байгуулж ямаагаа саадаг байв. Олон ямаа саахад цаг их орно. Өдрийн талыг саалинд зориулчихаар хэдийдээ бэлчээрт хүрч, тарга тэвээрэг авахуулах билээ. Тиймээс ямаагаа өдөр сааж, үдээс хойш бэлчээгээд соргог бэлчээрт хариулж хонох туршлага нэвтрүүлсэн. Өглөө хэсэг бэлчээрлүүлээд өдөр саалинд нь оруулна. Энэ мэтээр тухайн үеийн шаардлагад нийцүүлэхийн хажуугаар шинийг санаж сэдэж ажилласан.
Ч.В: -Тэмээ хол явдалтай, хэцүү мал. Бог мал бол ядаж шөнөдөө гэрээ тойроод хэвтээд хононо. Тэмээ шөнө хэвтэхгүй шүү дээ. Ялангуяа намар тэмээг хотонд хураагаад ямар ч нэмэргүй. Их бишүүрхүү, гэрэвшүү, нандин амьтан. Гаднын хүн зэлэн дээр ирэхэд л ингэ ивлэхгүй.
Нэг хэсэг манай нэгдлийнхэн тэмээгээ хоньчилж хариулдаг байлаа. Тэгэхэд би сумынхаа бүх айлын тэмээг нас, зүсээр нь таньдаг байв. Одоо мал бүү хэл, хүн ч танихаа больж. Хэрэг алга.
Ийн ярьж байтал дараагийн арга хэмжээ рүүгээ явах цаг нь болж, унаа нь хөдлөхөөр яаруулав. Түүх болон үлдсэн он жилүүдийн амьд гэрч, жилээс жилд цөөрсөөр буй жинхэнэ Хөдөлмөрийн баатруудтай бодож байсан шигээ тухтай уулзаж, цаг нарт баригдалгүй амтат яриа өрнүүлэх боломж хомс байсан ч чамлахаар чанга атга гэсэн үгийг санан уулзалтаа өндөрлүүлсэн юм.