Улсын тусгай хамгаалалтад авсан газраас эрх мэдэлтнүүд хууль зөрчин газар эзэмших, өмчлөх, ашиглуулах зөвшөөрөл олгосон нь үргэлж хэл ам дагуулж буй. Үүний бодит жишээ болсон Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын бодит байдлыг бид сурвалжлан энэ сарын 15-ны 094 (6387) дугаарт “Хуулиас дээгүүр “жаалсан” Засаг дарга нарын шийдвэр нийслэлчүүдийг уух усгүй болгох вий” гэсэн гарчигтайгаар хүргэсэн билээ.
Газар өмчлөх, эзэмших, ашиглах гэрчилгээ авсан нэг нь хашаа, барилга барьж, дээрх цогцолборт газрын хамгаалалтын захиргааныхан түүнийг нь буулгах гэж бараг л зодоон цохиондоо хүрэхээ шахдаг юм билээ. Нийслэлчүүдийн агаар салхинд гарч, амарч зугаалахаар очдог Горхи, Тэрэлжид хууль зөрчин газар өмчлөх, эзэмших, ашиглах зөвшөөрөл Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга олгож, улмаар тус аймгийн удирдлага түүнийг нь далимдуулан дэмжсэний уршгаар Монголын Улсын хүн амын талаас илүү хувь нь амьдардаг хотын иргэд хордсон ус уухад хүрч мэдэхээр байгаа билээ.
ЭРДЭНЭ СУМААС 1400 АЙЛД ГЭРЧИЛГЭЭ ОЛГОСОН ГЭДЭГ Ч 2110 ХҮН ӨМЧЛӨХ ЭРХТЭЙ БОЛЖЭЭ
Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргаар ажиллаж байгаад өдгөө албан тушаал дэвшсэн Б.Жамбалдорж сумынхаа нийт хүн амын тал хувьд нь шахам газар өмчлөх эрх олгожээ. Мэдээж энэ бол сумын Засаг даргын эрх хэмжээний асуудал. Тус сум 803 934 га газар нутагтай, 4275 хүн амтай аж. Газар нутгийн 72.5 хувь нь Хан Хэнтийн дархан цаазат болон Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт харьяалагддаг. Дээрх эрхэм 2006-2012 оны хооронд нийт 149 удаа захирамж гаргаж, 2804 иргэнд гэр бүлийн хэрэглээний зориулалтаар газар өмчлүүлжээ. Түүний дийлэнх нь Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт Баянтуул суурин буюу Дуганцагаанд олгосон байгаа юм. Харин энд 1400 иргэнд өмчлүүлэх эрх олгосон уу, эсвэл 2110-д олгосон уу гэдэг эргэлзээтэй үйл явдал өрнөөд буй.
Эрдэнэ сумаас гаргасан тоо нь 2004-2012 оны хооронд 1400 иргэнд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу өмчлүүлсэн гэж байгаа аж. Тиймээс 1979.1 га газрыг тусгай хамгаалалтаас чөлөөлүүлэхээр 2015 онд хандаж байсан гэнэ. Харин Төв аймгийн удирдлага буюу аймгийн ИТХ-аас 2017 онд 2110 иргэний газрыг Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтаас гаргуулахаар хандсан байгаа юм. Тэгэхээр 700 гаруй айлын зөрүү гарч байгаа биз. Төв аймгийн удирдлага тэр газарт 700 иргэнд газар өмчлүүлэх зөвшөөрөл олгосон байж болзошгүй гэсэн хардлага төрүүлж буй. Харин албаны хүмүүс болон нутгийн иргэд үүнд тайлбар хийж чадахгүй байгаагаа нуусангүй. Төв аймгийн Эрдэнэ сумын харьяат бус, Улаанбаатарын иргэд нийслэлийн ундны усны дээд эх үүсвэрээс 2-3 км зайтай газарт өмчлөх гэрчилгээ авсан гэдгийг ч хэлж байлаа.
Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааныхан тусгай хамгаалалттай газар нутагт нь дур мэдэн хашаа хатгаж, байшин, жорлонгийн суурь тавьж байгаа хүн бүртэй очиж уулзан хууль танилцуулан үйл ажиллагаагаа зогсоох шаардлага тавьдаг аж. Газрын гэрчилгээ, бичиг баримтыг нь шалгахаар нэг хэсэг нь газар өмчлөх гэрчилгээ үзүүлдэг гэнэ. Харин зарим нь гар утсаараа татсан гэрчилгээний зураг үзүүлчихээд дээрх хамгаалалтын захиргааныхныг үл ойшоодог аж. Гэхдээ дээрх хамгаалалтын захиргааныхан жирийн иргэд хохирч үлдэх вий гэдгийг байнга сануулж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль зөрчин, өмчлөх, эзэмших гэрчилгээ олгосон асуудлыг нэг тийш нь болгооч хэмээн холбогдох байгууллагуудад нь удаа дараа тавьж буй юм билээ.
С.БЭЛЭГСАЙХАН: ХОТЫНХНЫ УУХ УСАНД АЮУЛ ЗАНАЛХИЙЛЖ БАЙНА
Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн С.Бэлэгсайханаас үүсээд буй нөхцөл байдлын талаар тодрууллаа.
-Төв аймгийн Эрдэнэ сумаас Баянтуул гэх суурин байгуулахын тулд улсын тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалалтаас гаргахаар холбогдох байгууллагад хандсан байна. Ингэж газар олгохдоо танайхаас санал авсан болов уу?
-Манайхаас санал авсан зүйл байхгүй. Хүмүүс хашаа хатгаад, байшингийн суурь тавиад эхлэхээр нь бид юу болов гээд судлаад үзтэл Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга нь газар өмчлөх зөвшөөрөл олгосон байсан. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36.1-д “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэж заасан байдаг.
Манайхаас ийм санал өгөөгүй, БОАЖЯ-ны үе үеийн удирдлага ч ийм шийдвэр гаргаагүй. Газар олгосноороо Төв аймгийнхан, Эрдэнэ сумын удирдлага иргэдээс өндөр үнэлгээ авч, хууль хэрэгжүүлж, тусгай хамгаалалттай нутагт газар олгохгүй хэмээж буй бид иргэдэд муухай харагдаж байгаа гээд хэлчихэд хилсдэхгүй.
-Тэгэхээр Эрдэнэ сумын удирдлага хууль зөрчсөн гэж үзэж болох нь ээ?
-Танай сониныхон “Хуулиас дээгүүр “жаалсан” Засаг дарга нарын шийдвэр нийслэлчүүдийг уух усгүй болгох вий” гэсэн сурвалжилгадаа ч мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн хууль зөрчсөн байж болзошгүй гэж бичсэн байсан. Төв аймгийн МХГ-ын байгаль орчин, газрын харилцаа, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Наранцэцэгийн дүгнэлтэд “Эрдэнэ сумын Засаг дарга нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36.1, Газрын тухай хуулийн 33.1.2 гэсэн заалтыг зөрчин эзэмшүүлж, ашиглуулсан газрыг Газрын тухай хуулийн 61.1 дэх хэсэгт заасны дагуу хүчингүй болгох арга хэмжээ авах шаардлагатай гэж дурдсан.
Уг заалтад “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл (эс үйлдэхүй)-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасан байгаа. Газрын албаны холбогдох албан тушаалтнуудтай уулзахад Эрдэнэ сумын Засаг даргын газар олгосон шийдвэр хууль зөрчсөн гэдэг атлаа ямар ч хариуцлага тооцоогүй.
-Ингэж дүгнэсэн байхад яагаад өдий болтол арга хэмжээ авахгүй байгаа юм бол. Даруйхан шийдэхгүй бол нийслэлчүүдийн ундны ус бохирдох эрсдэлтэй байгаа шүү дээ.
-Эрдэнэ сум 1400 иргэнд зөвшөөрөл олгосон гэсэн албан тоот холбогдох байгууллагад илгээсэн байсан. Гэтэл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь 2110 иргэнд зөвшөөрөл олгосныгоо улсын тусгай хамгаалалтаас гаргуулах хүсэлт уламжилсан байгаа юм. Яг хэчнээн иргэнд олгосон бэ гэдэг нь тодорхойгүй. Одоо ч олгосоор буй гэх мэдээлэл бидэнд ирсэн. Бүр 2018 оны гэрчилгээ үзүүлсэн хүн ч бий. Тэгэхээр 2100-гаас илүү олон хүнд тусгай хамгаалалттай газарт газар өмчлөх, ашиглах, эзэмшүүлэх зөвшөөрөл олгосон болов уу.
Танай дээрх нийтлэлд дурдсан асуудал бол үнэн шүү дээ. Тэрэлжийн гол доошоо урсаж Туул голд цутгана. Тэрэлжийн голын хойд талд Баянтуул сууринг байгуулахаар болж олон айлд газрын зөвшөөрөл олгосон байгаа юм. 2110 иргэнд зөвшөөрөл олгоно гэдэг чинь мөн тооны айл суурьшиж, нүхэн жорлон барина гэсэн үг. Тэр хэмжээгээр хөрс бохирдоно. Одоо байгаа зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй олон амралтын газрынхан дор бүртээ нүхэн жорлон барьсан.
Газрыг 1.5 м ухаад л хөрсний ус гарч байгаа. Тэгэхээр бохир ялгадас хөрсний усаар дамжин голд нийлж, цаашлаад нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэрийг бохирдуулах эрсдэлтэй нь үнэн шүү дээ. Дээрх суурингийн 2110 айлын хамгийн зүүн захынхаас урагш 2-3 км зайд, Тэрэлж, Туул голын бэлчирээс холгүй Улаанбаатар хотын ундны усны дээд эх үүсвэр байдаг. Тэгэхээр хотынхны уух усанд аюул заналхийлж байна гэсэн үг.
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат энэ оны зургадугаар сарын 1-нээс эхлэн тусгай хамгаалалттай газарт стандартын бус ариун цэврийн байгууламж ашиглахыг хориглосон шийдвэр гаргасан. Уг тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нүхэн жорлонгуудыг тоолоход 500 гаруй байна. Үүн дээр 2110 нүхэн жорлонг нэмбэл хотынхон цэвэр ус ууж чадахгүйд хүрч болзошгүй.
-Тусгай хамгаалалттай газарт хууль зөрчин газар олгосонтой холбоотойгоор танайхаас хэчнээн удаа холбогдох байгууллагад хандаад байгаа вэ?
-2014 оноос хойш 10 гаруй удаа хандсан ч ямар нэг арга хэмжээ аваагүй л байна. УИХ-ын гишүүн асан С.Оюун БОНХ-ийн сайдаар ажиллаж байхдаа Төв аймгийн Засаг даргад хандаж албан тоот илгээсэн. Түүнээс хойш олон удаа Төв аймгийн удирдлагад хандсан ч “Тусгай хамгаалалтаас гаргах асуудлыг Засгийн газарт оруулна” гэсэн хариу өгч байна. Хууль зөрчсөн үйлдлийг өөгшүүлж байгаа юм шиг энэ газрыг тусгай хамгаалалтаас гаргаж болохгүй шүү дээ. Уг нь манай улс нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцоороо тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг нийт нутаг дэвсгэрийн 30 хувьд хүргэх үүрэг хүлээсэн.
Одоо манай улс нийт нутаг дэвсгэрийнхээ 17.8 хувийг л тусгай хамгаалалтад авчихаад байгаа шүү дээ. Ийм байтал нэг хэсгийг нь улсын тусгай хамгаалалтаас гаргаж болохгүй.Туул голыг хамгаалах тухай хуулийн төсөл санаачилж, УИХ-ын гишүүн А.Сүхбат тэргүүтэй хүмүүс газар дээр нь ажилласан. Энэ үедээ газар өмчлүүлэх, ашиглуулах, эзэмшүүлэх нэрээр хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулахаа боль гэж Эрдэнэ сум болон Төв аймгийн удирдлагад сануулсан ч үр дүн гарахгүй л байна.
СОЛОНГОСЫН КОМПАНИД ХУУЛЬ ЗӨРЧИН ГАЗАР ЭЗЭМШҮҮЛСЭН НЬ БАТЛАГДЛАА
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33.2-т “Тусгай хамгаалалттай газар нутагт гадаад улсын хуулийн этгээд, олон улсын байгууллага, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулахыг хориглоно” гээд цагаан дээр хараар тодоос тод бичиж, түүнийг 1995 оноос хойш мөрдсөөр буй. Гэтэл Төв аймгийн Эрдэнэ сумын удирдлага хуулиас дээгүүр “жаалсаар” байна.
Тодруулбал, Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын бүрэлдэхүүнд багтдаг Шар булгийн шугуй гэх газарт нэгэн иргэний эзэмшиж байсан хаваржааны зориулалттай газрыг “БНСУ-ын харьяат АСАДАЛ гэх компанид эзэмших эрхийг нь хаваржааны зориулалтаар олгосугай” хэмээн шилжүүлсэн байх юм. Нөгөөдүүл нь тухайн газарт гэр барьж, тус улсаас ирэх жуулчдаа амраадгийг нутгийн иргэд хэлсэн.
Түүгээр зогсохгүй нутгийн иргэдийг хөөж тууж, элдэв авир гаргадаг гэцгээсэн. Улсын бүртгэлийн байгууллагаас газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх үйл ажиллагааг түр зогсоочихоод байхад ийнхүү АСАДАЛ гэх БНСУ-ын хөрөнгө оруулалттай компанид шилжүүлсэн нь ашиг сонирхлын ямар нэг зөрчил орон нутгийн удирдлагад байгаа юм биш биз гэсэн хардлага төрүүлж буй юм.
Бэлтгэсэн: Г.Равжаа