Монгол Улсад гарч буй гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судалдаг хүрээлэнг 30 гаруй жилийн тэртээ татан буулгасан. Саяхан УЕПГ-ын харьяанд энэ хүрээлэнг сэргээн байгуулсан юм. Тус хүрээлэнгийн захирал, хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаатай ярилцлаа.
-Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлах хүрээлэн (ГХШНСХ) гэж 30 гаруй жилийн өмнө байсан байгууллагыг татан буулгах ямар шалтгаан байсан юм бол?
-Эхлээд энэ хүрээлэнгийн талаар товч түүх танилцуулъя. Тухайн үеийн МАХН-аас гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, уг ажлын шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулах эрдэм шинжилгээний байгууллага байгуулахыг чухал ач холбогдолтой гэж Улс төрийн товчооны 1972 оны 96 дугаар тогтоолоор БНМАУ-ын Прокурорын газрын дэргэд ГХШНСХ-г 1973 оны гуравдугаар сарын 1-нд байгуулжээ.
Тус хүрээлэн нь БНМАУ-ын Прокурорын газрын системд багтаж, МАХН-аас гэмт хэрэгтэй тэмцэх талаар тавьж байгаа бодлогыг хэрэгжүүлэн биелүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулахад туслах зорилтыг хэрэгжүүлж Монгол Улсад гарч байгаа гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг боловсруулах эрдэм шинжилгээний байгууллага байв.
ГХШНСХ нь 1973-1983 оны хооронд БНМАУ-д гарч байсан гэмт явдлын шалтгаан нөхцөлийг судлах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ боловсруулах асуудлыг шийдвэрлэх зорилгын үндсэн дээр гэмт хэрэгтэй тэмцэх онол арга зүйн үндсэн асуудал, тодорхой төрлийн гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ боловсруулах, хуулийн байгууллагуудаас зохиож буй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг судлан боловсронгуй болгох гэсэн үндсэн гурван зорилгын хүрээнд 12-15 дэд сэдвээр судалгаа явуулсан бөгөөд 1983 онд татан буулгажээ.
Энэ хүрээлэн Гэмт явдалтай тэмцэх онол, арга зүйн үндсэн асуудал судлах, Тодорхой төрлийн гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлах, Прокурорын хяналт, урьдчилан мөрдөн байцаалтын ажлыг боловсронгуй болгох асуудлыг судлах сектортой ажиллаж, хүрээлэнгийн захирлаар ерөнхий прокурор Ж.Авхиа, орлогч захирлаар Л.Рэнчин нар ажиллаж байсан. 1975 оноос хүрээлэнгийн захирлаар С.Бүдрагчаа ажиллаж захирал, орлогч захирал, секторын дөрвөн эрхлэгч, эрдэм шинжилгээний ажилтан тав, туслах ажилтан гурав, бичээч нэг гээд нийт 15 орон тоотой ажиллаж байсан түүхтэй.
-Тухайн үед гарч байсан гэмт хэргүүдийн шалтгаан нөхцөлийг судалдаг байсан нь лавтай. Ямар дүгнэлт хийж байсан юм бол?
-ГХШНСХ нь манай оронд 1983 оноос өмнөх 20 гаруй жилийн хугацаанд гарсан гэмт явдлын статистик, тоо бүртгэлийн материалд боловсруулалт хийгээд зогсохгүй Монголд гарч байсан гэмт явдлын байдал, бүтэц, хөдөлгөөн, хандлагад дүгнэлт хийж байжээ. Тухайн үедээ манай улсад түгээмэл үйлдэгддэг, нийгмийн хор аюул ихтэй, хүний бие, эрүүл мэнд, социалист өмч, нийгмийн хэв журам, аюулгүй байдлын эсрэг гэмт хэргүүдийг дагнан судалж, тэдгээртэй төрийн байгууллага, иргэд, хууль сахиулах байгууллагууд хэрхэн тэмцэх, урьдчилан сэргийлэх арга замыг боловсруулан төрийн эрүүгийн бодлогод тусгуулж байсан боловч гэмт явдлын шалтгаан судлалын хүрээнд хүрээлэнгийн судлаачид социалист нийгэмд бодитойгоор оршин байсан ажилгүйдэл, ядуурал, согтуурал зэрэг нийгмийн сөрөг үзэгдлүүдийг судалгаагаар илчлэн засаж залруулах арга замын талаар төрийн эрх барих, засаглах байгууллагуудад судалгааны тайлан (үр дүн) хэлбэрээр хүргүүлсэн нь яваандаа төр, засгийн эрх баригчдад таалагдахгүй болсон гэдэг. Ингээд ийм хүрээлэнг цаашид байлгах шаардлагагүй гэж үзээд 1983 онд 10 жилийн ойн босгон дээр нь татан буулгасан юм билээ.
-Энэ хүрээлэнг сэргээн байгуулсны ач холбогдол юу вэ?
-Улсын ерөнхий прокурорын 2018 оны нэгдүгээр сарын 03-ны А/03 тоот тушаалаар УЕПГ-ын Сургалт, судалгааны төвийн дэргэд Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлах хүрээлэнг байгуулсан. Тус хүрээлэнг байгуулах хэд хэдэн үндэслэл байсан юм. Прокурорын байгууллага 2017 онд “Монгол Улсын хүн амын дундах амиа хорлох тохиолдол”-ын суурь судалгааг сүүлийн таван жилд шалгасан эрүүгийн бүх хэргийг хамруулан хийлээ. Урьд нь ийм тохиолдлын эрүүгийн хэрэг бүрийг уншиж судалж байгаагүй, судлаачид болон олон нийтийн зарим байгууллага тандалт, асуулга, тоон мэдээнд үндэслэж судалсан байдаг.
Дээрх судалгаагаар бид Монгол Улсад ямар учир шалтгааны улмаас хүн амиа хорлож байна вэ гэдгийг хувь хүний төлөвшил, амьдралын орчин, сэтгэл зүй, боловсрол, газар зүйн байршил, нийгэм, эдийн засгийн нөлөөлөл, тухайн хүнийг амиа хорлох үйлдэл хийхээс аварч болох байсан уу гээд олон талаас нь гаргаж ирсэн, судалгааны дүн цочролд орохоор гарсан. Ерөнхий прокурор Засгийн газар, ЭМЯ, ХЗДХЯ, БСШУСЯ-нд танилцуулга, мэдэгдэл, тодорхой ажил зохиох тухай санал хүргүүлсний үр дүнд Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дэргэд Амиа хорлох тохиолдлыг бууруулах ажлын хэсэг байгуулаад байна.
Дээрх судалгаанд тулгуурлан хэвлэл мэдээллийн байгууллагууд ч онцгой анхаарч, нарийвчилсан судалгаа, мэдээлэл гаргаж байна. Цаашид гарч буй гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг эрүүгийн бодит хэрэгт тулгуурлан судалснаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг олон нийтийн түвшинд биш, эрсдэлтэй бүс, хүн рүү чиглүүлэх, мөн төрийн бодлогыг хэрэгжүүлэх ажил хаанаа уялдахгүй, хангалтгүй байгаа, эсхүл хуулийн зохицуулалтад хийдэл байна уу гэдгийг судлан гаргаж ирэх маш том боломж бий болж байгаа юм.
-Энэ хүрээлэнг цагдаа, прокурорын байгууллагын дэргэд бус, Засгийн газрын агентлаг маягаар ажиллуулбал илүү үр дүнтэй юм биш үү?
-Хаана харьяалагдаж буйгаасаа шалтгаалж судалгаа нь үр дүнтэй болох, эсэх нь хамаарна гэвэл үгүй. Монгол Улсын прокурорын байгууллага дэргэдээ Эрүүгийн хэргийн төв архивтай, судалгааны үндсэн том баазтай гэсэн үг. Мөн Гэмт хэрэг, зөрчлийн бүртгэл, дүн шинжилгээний төв буюу тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийдэг төвтэй бөгөөд тэндээс гэмт хэргийн өссөн, буурсан байдлыг аймаг, нийслэл, дүүргээр нь авч судалгаа хийх хэргийн төрлөө сонгох боломжтой. Мөн прокурорын байгууллага Сургалт, судалгааны төвтэй шүү дээ. Бид зарим тохиолдолд судалгааны үр дүнг үндэслэж тодорхой сургалт явуулдаг.
Эрүүгийн хэргийн архивт байгаа хавтаст хэрэгтэй хүн бүр танилцах боломжгүй, учир нь эрүүгийн хэрэг болон хувь хүний нууц гээд танилцах зөвшөөрөл судлаач бүрт өгөх боломжгүй. Манай хүрээлэнгийн зорилго нь гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлах, нөлөөллийн болон бодлогын шинжтэй санал, дүгнэлт гаргах чиг үүрэгтэй тул бид үзэх, судлах бүрэн боломжтой. Тэгэхээр Эрүүгийн хэргийн архив, Дүн шинжилгээ хийх төв, Сургалт, судалгааны төв нь манай хүрээлэнгийн үйл ажиллагаатай шууд уялдаатай тул хүрээлэнг прокурорын байгууллага дэргэдээ байгуулсан нь зөв.
-Олон судлаач, эрдмийн зэрэг хамгаалах гэж буй хуульч, эрхзүйчид гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судалсан байдаг. Танай хийж буй судалгаа тэднийхээс юугаараа өөр вэ?
-Бид эрүүгийн бодит хэрэгт тулгуурлаж судалгаа хийдэг. Өөрөөр хэлбэл, шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн, хэрэгсэхгүй болгосон, түдгэлзүүлсэн эрүүгийн хэрэг буюу тодорхой төрлийн гэмт хэргийн шалтгаан, үйлдсэн хүн, хохирогчийг судалж байгаагаараа ялгаатай.
Криминологийн шинжлэх ухааны арга, аргачлалыг ашиглан гэмт хэрэг үйлдсэн хүнийг судлах, хүнийг тодорхойлох түүнчлэн хохирогч судлал буюу хохирогчийн гэм буруутай ажиллагаа гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг судлах юм. Хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад салбар хуулийн зохицуулалт, хэрэгжилт, нөлөөллийг судлах нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд төдийгүй гэмт хэрэг үйлдсэн хүнд ял шийтгэлийг зөв онооход ач холбогдолтой.
Гэмт хэрэг үйлдсэн бие хүний цогц судалгаа хийж байж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны оновчтой арга хэлбэрийг боловсруулах, тохирсон ял шийтгэл ногдуулах, нийгэмшүүлэх, соён гэгээрүүлэх ажлыг оновчтой, зөв шийдлээр хэрэгжүүлж чадна.
Хохирогчийг судлах нь гэмт хэргийн хохирогчийн зан төлөв, гэмт хэрэгтэн хохирогчийн хоорондын харилцааны онцлог, гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн нөлөөллийн тухай судалгааг хийхдээ бид эрүүгийн бодит хэргийг уншиж судалдаг. Тухайлбал, манай хүрээлэн Сэтгэл судлалын үндэсний төв, Криминологийн холбоотой хамтран томоохон судалгаа эхлүүлсэн. Бага насны хүүхэд хүчирхийлэх гэмт хэрэг үйлдсэн хүнийг тодорхойлох буюу тухайн хүний талаар түүхчилсэн судалгаа хийж байна. Хүчингийн гэмт хэрэг үйлдсэн хүний амьдралын хэв маяг, төрсөн, өссөн орчин, боловсрол, нас, зан суртахууныг тодорхойлно гэсэн үг.
-Зарим төрлийн гэмт хэрэгт, тэр дундаа бага насны хүүхэд хүчирхийлсэн хэрэгтнүүдийг цаазлах хэрэгтэй гэж Төрийн тэргүүн үзэж хуулийн төсөл санаачлахаар болж байсан. Цаазын ялыг сэргээн хэрэглэх шаардлага үнэхээр бий юү. Та юу гэж үзэж байна вэ?
-Цаазын ялтай байх үед Монгол Улсад хүчингийн гэмт хэрэг, хүн амины хэрэг гарч л байсан, аливаа асуудлыг нэг өнцгөөс харж дүгнэлт хийх нь өрөөсгөл шийдвэр гарахын үндэс болов уу. Цаазын ялтай байх хугацаанд энэ төрлийн хэрэг хэд гарч байсан, одоо хэд болж өсөөд байгаа вэ, цаазын ялгүй болсон нь гэмт хэргийн гаралтад шууд нөлөөлсөн үү, эсвэл өөр хүчин зүйл байна уу гэдгийг бид бодитоор судалж байж дүгнэлт хийх ёстой. Хэдэн жилийн өмнө олон нийтийн сүлжээгээр мэдээлэл өнөөдрийнх шиг цацагддаггүй байсан шүү дээ.
Тухайн үед энэ төрлийн хэргүүд гарч шалгагдаж байсан боловч өнөөдрийнх шиг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэр бүр мэдээлдэггүй байв. Өнөөдөр гэмт хэрэг гэлтгүй нийгэмд болж буй сайн, муу үйл явдлыг нийгмийн сүлжээгээр түгээж байна. Мэдээж энэ нь нэг талаараа сайн талтай нөгөө талаараа бас нийгмийг нэг талын мэдээллээр хангах, зарим тохиолдолд айдаст автуулах, бодлогогүй, судалгаагүй мэдээллээр бусдыг төөрөгдүүлэх сөрөг үр дагавартай.
-Улсын хэмжээнд гарч буй гэмт хэргийг ихэвчлэн архидалт, ядууралтай л холбож үзээд байдаг. Нарийвчлан судлахад энэ бүхнээс үнэхээр болж байгаа нь ажиглагдах юм уу?
-Ажилгүйдэл, ядуурал, архидалт гэсэн энэ “малгай” нэр томьёоны доор тухайн хүний гэмт хэрэг үйлдэхэд шууд нөлөөлсөн олон шалтгаан, нөхцөл тодорхой бус үлдсээр ирсэн. Монголд үйлдэгдэж буй гэмт хэрэг өсөхөд ажилгүйдэл, ядуурал, архидалт нөлөөлж буй хүчин зүйл мөн үү гэвэл мөн. Гэхдээ яг бодит тодорхой төрлийн хэрэг судлахад “Монгол Улсын ажилгүйдэл, эсхүл ядуурлаас болоод би энэ хэргийг үйлдсэн” гэх тохиолдол огт байдаггүй.
Гэмт хэрэг үйлдсэн хүнийг шийтгээд явуулах нэг хэрэг. Харин яагаад энэ гэмт хэрэг гарах болов, тухайн хүнийг ийм үйлдэл хийхэд юу нөлөөлөв гэдгийг тогтоох нь өөр асуудал. Тухайн хувь хүний хүмүүжил, зан төлөв, харилцаа, тэр ч бүү хэл сэтгэл зүйн байдал, амьдралын буруу хэвшил, мөн хохирогчийн буруутай үйлдэл гээд гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн олон шалтгаан нөхцөл бий. Тухайлбал, амиа хорлосон үйлдлийг судлахад амь
хохирогчдын 80 гаруй хувь нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай, хаана хэнд хандахаа мэдэхгүй, 70 гаруй хувь нь нээлттэй бус, асуудлаа хүнд ярьдаггүй нь тогтоогдсон. Тэгвэл Монгол Улсын хүн амын эрүүл мэндийн үйлчилгээний нэг хэсэг болох сэтгэл зүйн тусламж үйлчилгээ иргэндээ бүрэн хүрч чадахгүй, сэтгэлзүйч гэдэг мэргэжил манайд үнэгүйдсэн, боловсролын салбар мэдлэг олгох хичээлд хэт анхаарснаас хүүхэд төлөвших, бэрхшээл даван туулах чадварт сургах, асуудлаа ярьж чаддаг болгох асуудал хаягдсан гэж судлаачийн хувьд дүгнэсэн.
Хүн эхээс төрөхдөө алуурчин, хулгайч, эсхүл хэнийг ч хайрлах сэтгэлгүй, зэрлэг балмад төрдөггүй. Тэгвэл тэр хүн ямар орчинд яаж өссөн бэ, гэр бүлийн хайр халамж, дулаан уур амьсгалд байж чадсан уу, эсвэл гэр бүлийн хүчирхийлэл дунд, дутуу дулимаг өссөн үү, сургуульд сурч байхдаа бусдад ад үзэгдэж дээрэлхүүлдэг байсан уу, асуудлыг хүчирхийллийн аргаар шийддэг аргыг хаанаас сурав гэх мэт өнөөдөр зүгээр байсан хүн маргааш гэмт хэрэг үйлдэх болсон шууд шалтгаан нөхцлийг бид бие хүнийг судалснаар гаргаж ирнэ.
-2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн шинэ хуульд зарим төрлийн хэрэгт оноох ялыг багасгасан. Иргэдийн зарим нь ялын бодлогыг зөөлөн болгосноор гэмт хэрэгтнүүдийг өөгшүүлж байна гэдэг. Танай хүрээлэн энэ талаар судалгаа хийж байгаа болов уу?
-Энэ асуултад би асуултаар хариулмаар байна л даа. Жишээ нь, ямар төрлийн хэрэгт ял шийтгэл хатуу байгаад зөөлрүүлснээс болж хэдэн хувиар өссөн бэ. 2002 оны Эрүүгийн хуулийн тийм төрлийн хэрэгт ногдуулах ял шийтгэл нь хатуу байгаад 2017 оны хуулиар зөөлрүүлснээс болж төд дахин, эсхүл тэдэн хувиар өссөн гэдэг бодит судалгаан дээр үндэслэсэн, шалтгааныг нь судалсан судалгаа байхгүй бол бид таамгаар ярьж болохгүй. Манай хүрээлэнгээс бага насны хүүхэд хүчирхийлсэн гэмт хэргийн судалгааг сүүлийн таван жилийн байдлаар судалж байна.
Мөн ял шийтгэлийг нь ч давхар судалж байгаа. Судалгааны үр дүн энэ сарын сүүлчээр гарах болов уу. Шинэ хууль үйлчилж эхлээд жил гаруй л болж байна. Тэгэхээр 2016 онд тодорхой төрлийн хэрэгт шүүхээр ял шийтгүүлсэн хүмүүст оноосон ял, хэргийн төрлийг 2018 оны жилийн эцэст шүүхээр шийдвэрлэсэн байдалтай харьцуулахад нэг тоо гарна. Тоон үзүүлэлт ч бас бодитой судалгаа байж чаддаггүй гэдгийг бид бодолцох ёстой.
-Монгол Улсад гарч буй нийт гэмт хэргийн дийлэнхийг хулгай эзэлдэг. Хулгай, архидалт, мансууралтай тэмцэх чиглэлээр төрөөс янз бүрийн хөтөлбөр хэрэгжүүлсэн ч үр дүнд хүрээгүй, гэмт хэрэг ихэссэн үү гэхээс буураагүй шалтгаан юу байна вэ?
-Ажилгүй, орлогогүй байна гэдэг гэмт хэрэг үйлдэх шалтгаан биш, шалтаг. Амар, хялбар аргаар мөнгө олох хүсэл, хувь хүний залхуу, ухамсар дорой байдал гээд олон зүйл нөлөөлдөг. Мөн амьдралын буруу хэвшил, хэрэглээ ч нөлөөлж байна. Өнөөдөр залуучуудын дунд мансууруулах бодисын хэрэглээ нэмэгдэж байгаа, зарим тохиолдолд бусдыг уруу татан оролцуулах түүгээр дамжуулж ашиг олох гэсэн хэсэг бүлгийн явцуу ухамсар, үйлдэл, үр хүүхдэдээ тавих гэр бүлийн хяналт муу, материаллаг хэрэгцээнд тулгуурласан хүмүүжлийн буруу арга барил бас л нөлөөлж байна.
Өнөөдөр бид олон нийтийн телевиз, цахим мэдээллийн хэрэгслээр үзүүлж байгаа киноны агуулга, нөлөөлөлд анхаарахгүй бол өсвөр насны хүүхэд, залууст бас л буруу сэдэл өгч буй. Мансууруулах төрлийн бодистой холбоотой гэмт хэрэг үйлдсэн хүнд оноох ялын бодлогыг шинэ хуулиар чангатгасныг дурдах нь зөв болов уу.
-Хүнийг бага балчраас нь ерөнхий боловсролын сургуульд сайтар хүмүүжүүлж чадаагүйгээс хэрэг, зөрчилд холбогдох гээд байдаг гэж үзэх хүн бий. Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар юуг тусгавал үр дүнтэй байх бол гэдгийг танай хүрээлэн судалсан уу?
-Амиа хорлох тохиолдолын судалгаанаас гарсан дүгнэлтээ товч хэлье. Өнөөдөр хүүхэд аюулгүй байх хамгийн найдвартай орчин бол сургууль, гэр. Хамгийн итгэлтэй, найдвартай аль ч үед тусалж дэмжих ёстой хүн нь багш, эцэг эх байх ёстой атал хүүхэд энэ орчинд хамгийн их ганцаардаж, тулгарсан асуудал, бэрхшээлээ хэнд ч ярьж чадахгүй байна.
Хүүхэд төвтэй сургууль, эцэг эхийн харилцаа бодит бус, бие биедээ хэтэрхий найдаж хүүхдийг анхаарлын төвөөс алдчихсан, амьдралд хөл тавих гэж тэмүүлж байгаа хойч үедээ бэрхшээлийг даван туулах арга ухаан, асуудлын гарцыг зөв олж харах алсын харааг заахын оронд дуугүй, томоотой, эсвэл эрдэмтэй мундаг хүн болгох гэж оролддог хүмүүжлийн буруу арга барил эргээд хүүхдийг нээлттэй бус болгож буйг өөрчлөх цаг болсон. Өсвөр насны хүүхдүүд нь зан төлөв, сэтгэл зүйн хувьд бүрэн төлөвшиж амжаагүй байдаг учраас тэдэнтэй ярилцаж, тэднийг ойлгох, сэтгэл зүйн хямрал, гутрал, тогтворгүй байдлыг даван туулахад чиглэсэн сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлж байх нь эрсдэлтэй үйлдлээс урьдчилан сэргийлэх хамгийн зөв арга юм.
Хүүхэд бүр эрдэмтэн болох албагүй. Магадгүй 10 жилийн сургуульд амьдралын ухаан, тухайлбал, гар урлал, техникийн сонирхолтой хөтөлбөрийн цагийг нэмбэл тухайн хүүхдийн ирээдүйд эергээр нөлөөлнө гэдэгт би итгэдэг. Медалийн төлөөх олон янзын тэмцээн уралдаан, түүнд түрүүлсэн, эсэх нь хүүхдийн чадварыг үнэлэх үнэлэмж биш. Хүүхдийн зан төлөв, чадварт суурилсан сургалт их чухал гэж боддог. Хүнтэй харилцах, аливааг шийдэх гарцыг багаас нь зааж сургаагүйгээс асуудлыг хүчирхийллийн аргаар шийддэг, эсхүл асуудлаас зайлсхийдэг, өөртөө итгэлгүй хүн болоход нөлөөлж байна гэж судлаачийн хувьд хэлье.
-Авлига, албан тушаалаа ашигласан, хээл хахуулийн гэмт хэрэг манай үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээнд хүрээд байгаа шалтгааныг та судалсан байсан. Яаж энэ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гаргахгүй байх боломжтой бол?
-Эрүүгийн шинэ хуульд авлигын төрлийн хэргийг НҮБ-ын конвенцод нийцүүлж баталсан нь манай улсын хувьд дэвшил. Байгалийн баялаг дагаж хөрөнгө оруулах, санхүүжүүлэх олон улсын сонирхол их байгааг бид мэднэ. Хамтын зарчим нэрийн доор шийдвэр гаргаж, ашиг олдог бодлогын түвшний авлига нь тухайн улсын эдийн засаг, цаашилбал үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх хэмжээний үр дагавартай.
Улс төрийн хууль бус лообий, ашиг сонирхол мэдээж хувь хүний шунал, албан тушаалтны ёс зүйгүй байдал гээд олон шалтгаан бий. Гол нь албан тушаалтныг томилохоос эхлээд ажиллаж байх хугацаанд нь тавих хяналт хангалтгүй байна. Авлигын гэмт хэрэг үйлдэх арга нарийсан, сүлжээ нь өргөжиж байгааг өнөөдөр олон улсад ч ярьж сэрэмжлүүлэх болсон.
Өндөр түвшний авлига, албан тушаалын гэмт хэрэг, олон улсын байгууллага, банк, гаднын хөрөнгө оруулалтай аж ахуйн нэгжүүд, санхүүгийн эх үүсвэр нь тодорхойгүй сан, буяны байгууллага, татвар төлөхөөс зайлсхийх, хар зах дахь бэлэн мөнгөний эргэлтийг зогсоох, хууль бус, эсвэл халхавчилсан үнэт цаасны арилжаа зэрэг зохион байгуулалттай үйлдэгддэг гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцэх арга нь дээрх гэмт хэргийн улмаас олсон орлогыг илрүүлэх.
Энэ бүх нөхцөлийг харгалзаж Монгол Улс эрх зүйн орчиндоо мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоо оновчтой тодорхойлох, авлигын гэмт хэрэг шалгах тохиолдол бүрт мөнгө угаах гэмт хэргээр давхар шалгадаг практик тогтоох, мөнгө угаах гэмт хэргийн суурь гэмт хэргийг нэрлэж өгөх шаардлагатай гэж судлаачийн хувьд боддог. Учир нь өндөр түвшний авлигын гэмт хэргээс олсон хууль бус хөрөнгийн төрөл хэлбэр маш олон янз байдаг.
Бэлэн болон бэлэн бус хэлбэрээр, тухайлбал, банк юм уу, томоохон аж ахуйн нэгж, орд газрын хувь эзэмших эрх бэлгэнд авах, үүнийгээ хүний нэр дээр шилжүүлэх, улмаар уг олсон эрхээр дамжуулж ашиг олох, хувьцаагаа бусдаар заруулах, оффшор дансанд байршуулах, гэр бүл, хамаатан садан, найз нөхдийн нэр дээр хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, хувьцаа, лиценз зэргээр авлигын хэлбэр дүрсийг хувиргаж, энэ нь зохион байгуулалттай явагдаж байдаг.