Автомашины зай хураагуур буюу иргэдийн нэрлэж заншсанаар аккуммулятор гэх хортой, аюултай бүтээгдэхүүнийг манайхан нэгнийхээ машинаас хулгайлж, 10 000 төгрөгөөр хоёрдогч түүхий эдийн ченжүүдэд тушаадаг. Ингэхдээ хаа хамаагүй газар, хага цохин шингэнийг нь асгаад, хар тугалгыг нь авдаг тухай бид сурвалжлан хүргэсэн билээ. Хар тугалгыг нь аваад түүнээс гарч байгаа химийн хортой, нэн аюултай хүхрийн хүчил буюу шингэнийг хэрхэн устгаж буй нь тодорхойгүй байсаар. Тухайн орчимд амьдардаг иргэд болон байгаль орчны төлөөх төрийн бус байгууллагынхан хаягдал зай хураагуур боловсруулах үйлдвэрүүдийг газрын хэвлий рүү химийн хорт бодис шууд нийлүүлж байгаа хэмээн харддаг.
Чухам хэрхдэгийг нь тодруулахаар бид нэлээд хөөцөлдсөн ч тодорхой хариу өгөх хүн, мэргэжлийн байгууллага олдохгүй байна. Хаягдал аккуммуляторын үйлдвэрүүд Налайх, Хонхор зэрэг газрын усны ай савд байгаа нь цаашдаа Улаанбаатарт том эрсдэл дагуулах магадлалтай гэж Гамшгийн эсрэг үндэсний төвийн ерөнхий зохицуулагч Ж.Ганбаатар өгүүлж байсан. Газар зүй, геоэкологийн чиглэлийн нарийн мэргэжлийн хүмүүс ч “Улаанбаатар хотын ундны цэвэр ус, Туул гол химийн хорт бодисоор хордож, хэдэн жилийн дараа хүн, мал харангадаж болзошгүй.
Туул голын тэжээлийн нэг судал болох Хөлийн гол, Холбоо гурван нуур хордох магадлалтай. Богд уулын мөнх цэвдгийн торгон үзүүр нь Холбоо гурван нуур орчимд байдаг. Хэрэв хөрсөнд хүхрийн хүчлээ шингээж байвал цэвдэг хөлдөх, хайлах үйл явцын улмаас газрын доорх усанд шингэх аюултай. Тийм учраас БОАЖЯ, Улаанбаатар хотын холбогдох байгууллагынхан хаягдал зай хураагуур боловсруулах үйлдвэрүүдийн эргэн тойронд хөрс, усыг нь газрын гүнээс болон дээрээс нь дээж авч шинжлэх хэрэгтэй. Зардал өндөртэй шинжилгээ болно” гэж байсан юм.
БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ ХИЙЛГЭЭГҮЙ АЖИЛЛАЖ БАЙЖЭЭ
Цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагынхан манай сонины “Зай хураагуурын устгал буюу экологид заналхийлсэн аюул”, “Зай хураагуураас гарсан хүхрийн хүчлийг хөрсөнд асгаж байна уу” цуврал нийтлэлд дурдагдсан, Баянзүрх дүүргийн XI хороо буюу Хонхорт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг шалгажээ. Тэнд хаягдал зай хураагуур боловсруулж, хар тугалгыг нь ялгах таван үйлдвэр байснаас “Заламт гол” компани л ганцаараа тусгай зөвшөөрөлтэй байсан гэнэ.
Тус компанийнхан хүхрийн хүчлээ “Эрдэнэт үйлдвэр”-ийн дэргэдэх “Эрдмин”-д нийлүүлдэг гэсэн албан бичгийг мэргэжлийн хяналтын байцаагч нарт үзүүлсэн байна. Тэнд БНСУ-ын хөрөнгө оруулалттай нэг аж ахуйн нэгж үйлдвэрээ барьчихаад зуухаа туршсан нь шаардлагад нийцээгүй хэмээн өөрсдөө зогсоочихоод буй аж. Тухайн орчимд амьдардаг иргэд “БНХАУын хөрөнгө оруулалттай” гэж заасан, блокон хашаан дээр нь нэр, хаяг байхгүй, “Архангай аймгаас ирсэн гэх таван хүн ажиллуулж байсан” аж ахуйн нэгжийг “Хос даль” гэдэг юм байна. Түүнд НМХГ-аас шалгалт хийжээ.
Энэ талаар тус газрын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Б.Энхбатаас тодруулахад “Мэргэжлийн хяналтын байгууллагад “Хос даль” гэх компанийн талаар ирсэн мэдээллээр төлөвлөгөөт бус хяналт, шалгалт хийсэн. НМХГ-ын дэд даргын баталсан удирдамжийн дагуу уг шалгалтыг явуулсан. Түүгээр хаягдал зай хураагуур боловсруулах “Хос даль” гэх компани нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй зөрчилтэй байсан. Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу хэрэг нээн шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, тус аж ахуйн нэгжид торгууль ногдуулж, зөрчлөө арилгах хүртэл үйл ажиллагааг нь зогсоогоод байна. Тус компани нь улсын бүртгэлийн гэрчилгээ авахдаа хог хаягдал дахин боловсруулах чиглэлээр ажиллана гэж бүртгүүлсэн байсан. Уг нь төсөл хэрэгжүүлж эхлэхээсээ өмнө байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх ёстой. Тухайн компанийнхан гэрээт аж ахуйн нэгж рүү хаягдал шингэнээ нийлүүлдэг гэсэн” хэмээлээ.
ГӨЛТГӨНӨ БОЛГОДОГ ГЭСЭН Ч ТЭР НЬ ТОГТООГДООГҮЙ ГЭВ
Дээрх гурван компаниас гадна өөр хоёр аж ахуйн нэгж тэнд хар тугалга боловсруулах үйлдвэр барьчихаад байгаа гэнэ. Гэхдээ нэг нь огт үйл ажиллагаа явуулаагүй учраас шалгалт хийгээгүй аж. Нөгөө нь “Болор аграмба” хэмээх компани гэнэ. Эх сурвалжуудын мэдээлснээр уг компани үйл ажиллагаа явуулах ямар ч зөвшөөрөлгүй байжээ. Лавшруулан шалгахад химийн хортой, аюултай бодис болох, хаягдал зай хураагуураас гарсан хүхрийн хүчлээ боловсруулж гөлтгөнө болгодог, түүнийгээ Налайх дахь нэгэн компанид нийлүүлдэг хэмээн шалгалтаар очсон хүмүүст тайлбарласан гэнэ.
“Болор аграмба”-аас бүтээгдэхүүнийг нь авдаг гэх аж ахуйн нэгжээс мэргэжлийн хяналтын байгууллагынхан тайлбар авахад “Тус компаниас гөлтгөнө, хүхрийн хүчил алийг нь ч авдаггүй” гэсэн хариу ирүүлжээ. Тэгэхээр химийн хор, аюултай хаягдал хүхрийн хүчлээ энэ компани хэрхдэг байх вэ гэсэн асуулт зүй ёсоор гарч ирнэ. Цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллага, нийслэлийн Прокурорын газраас ажлын хэсэг гарган нарийвчилсан шалгалт хийж эхэлсэн гэнэ.
Энэ талаар Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийнхнээс тодруулахад “Хонхорт үйл ажиллагаа явуулдаг, хаягдал зай хураагуур боловсруулах үйлдвэрүүдтэй холбоотой асуудлыг шалгаад заримыг нь зөрчлийн хэрэг гэж үзээд мэргэжлийн хяналтын байгууллагаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн.
Нэгэн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг нарийвчлан шалгах шаардлагатай гэж үзээд харьяалах нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад шилжүүлээд байна. Хөндлөнгийн шинжилгээний байгууллагаар дүгнэлт гаргуулах шаардлагатай учраас шинжээч томилуулаад байгаа” гэсэн юм. Хүхрийн хүчлийг аж ахуйн нэгжүүд хаана шингээдгийг энэ шалгалтын явцад цагдаагийн байгууллага тодруулах байх гэж найдахаас өөр аргагүй нь.
Харин НЦГ, НМХГ, НОБГ хамтран Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хаягдал зай хураагуур авч, цааш нь дамжуулж байсан 117 цэгийн үйл ажиллагааг зогсоож, холбогдох албаныхан тухайн газруудын хөрсний бохирдлыг нягталж буй аж.