Бэрх тосгоны уурхайн 400 метрийн гүнээс ус гарч, ажиллахад хүндрэлтэй болжээ.
Бидний мэддэг нинжа ард үлдэж, 7000 гаруй бичил уурхайчин улсын хэмжээнд ажиллаж байна. Тэдний нэгээхэн хэсэг болох Хэнтий аймгийн Батноров, Норовлин сум, Бэрх тосгонд ажиллаж буй бичил уурхайчдын амьдрал, тэдний эрх, ашиг хэрхэн хөндөгдөж буйг газар дээрээс нь сурвалжиллаа. Хүний эрхийн үндэсний комисс, Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслийн төлөөлөл, сэтгүүлчдийн хамтаар бичил уурхайчдын эгэл амьдралаар аялсан юм.
“Хүйтэн, халууныг ажралгүй талхны мөнгөө олох гэж, нэг машин шороо угаачихъя, 200 кг жонш олборлочихъё гэж зүтгэдэг байлаа. Цагдаа нарт хөөгдөж, орлого, багаж хэрэгслээ хураалган, бусдад нүд үзүүрлэгдэн явсан минь саяхан. Харин одоо бичил уурхайчид нэгдэж ажлын байр бий болгон, орон нутагтаа эзэн болж, хуулийн хүрээнд ажиллаж байна” гэж Хэнтий аймгийн бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны тэргүүн Н.Нацагмаа ярив. Алт, жоншны сургаар чихэр үзсэн шоргоолж мэт шавж, газар нутгийг самарч орхиод явдаг байсан нинжа нар өнөөдөр татвар төлөгч, хариуцлагатай уул уурхайн эзэд болсон гэхэд итгэмгүй.
Зуны эхэн сар гарсан ч салхитай, хүйтэн орой бид Бэрх тосгоны бичил уурхайчдын гэрт саатсан юм. Энд бүртгэгдсэн 20 гаруй нөхөрлөл ажиллаж буй юм билээ. Нэг нөхөрлөлд есөн хүн ажилладаг аж. Оюу мэт ногоон, 92 хувийн агууламжтай жоншны нөөц бий ч гар аргаар олборлоход асуудал бэрхшээл мундахгүй гэнэ. 1954 онд байгуулагдсан Бэрх тосгонд 2500 орчим хүн амьдарч буйн 130 гаруй нь л төрийн албанд ажилладаг аж. Үлдсэн нь хуучин уурхайгаа ухаж, хоногийн хоолоо залгуулдаг. 1954-1995 онд Монголын жоншны экспортын 75 хувийг ОХУ руу дангаараа гаргадаг байсан бахдам түүхтэй уг уурхайн өгөөж дундраагүй байна.
Батноров сумын “Амлалтын нутаг” нөхөрлөлийнхөн
Гэвч уурхайн 400 метрийн гүнээс ус гарч, бичил уурхайчид цааш ажиллахад хүндрэлтэй болжээ. Шавхах гэхээр Усны тухай хуулиар тоолуур тавина. Энэ нь орлогоосоо давсан зардал гарах учир тэд яах учраа олохгүй байгаа гэнэ. Газар гэсэх, хөлдөх үеэр нурах аюул их байдаг учир улирлын чанартай ажилладаг юм байна. Ганц нэгээрээ нууцаар тэсэлгээ хийж байгаад гар, хөлнөөсөө салсан харамсалтай явдал гарсан учир мэргэжлийн компаниар тэсэлгээ хийлгэдэг болжээ. “Гурван бухтын толгод” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Цэндсүрэн “Том оврын техник ашигладаг учраас бүх нөхөрлөл улсын бүртгэлтэй. Усны асуудлыг хэрхэн шийдэх гарц, гаргалгаа хайж байна.
Удахгүй шийдэх байх. Бид олборлосон жоншоо Бор-Өндөр сум руу явуулдаг. Мөн орон нутгийнхаа нөхөрлөлд жоншоо зарж, өдрийн орлогоо олдог хүн ч бий” гэв. Бичил уурхайчдын ажиллах орчин баталгаажин, Засгийн газрын тогтоолоор хууль, эрх зүйн чадамжтай болсон ч улирлын чанартай ажилладаг тул орлогын хоёр дахь эх үүсвэртэй болох нь тэдний гол зорилго аж. Газар ухан, чулуу нүдэж нуруугаа бөхийтөл зүтгэнэ гэдэг амаргүй. Гэвч тосгонд ажлын байр хомс тул ихэнх нь л хуучин уурхайгаа мөлжиж, басхүү өөр орлоготой болоод амжжээ. Гутал засвар, оёдол, талхны цех ажиллуулдаг бичил уурхайчин хэд хэд бий гэнэ.
Хэнтий аймгийн найман суманд бичил уурхайчид төвхнөсөн бөгөөд долоо нь жоншны орд бол нэг нь Норовлин сум дахь гар аргаар алт олборлогчид юм. Аймгийн хэмжээнд 142.6 га газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан тул бичил уурхайн үйл ажиллагаа явуулах боломжтой 48.7 га-г нь ашиглаж буй аж. Бэрх тосгоны адил жонш олборлодог дөрвөн нөхөрлөл Батноров суманд үйл ажиллагаа явуулдаг аж. 5600 орчим хүн амтай, 400 мянган толгой малтай уг сум аймагтаа малын тоогоороо хоёрдугаарт бичигддэг гэнэ. Зах зээлд шилжсэнээс хойш малчид өөр ажил хайж эхэлсний нэг нь гар аргаар ашигт малтмал олборлох.
Тус суманд бичил уурхайчид 2000 оноос үйл ажиллагаа явуулж иржээ. Сумын Засаг дарга Г.Тайванжаргал “Манай суманд тусгай хэрэгцээнд зориулж жилд 50 га-гаас илүү газар олгодоггүй. Үүний 38 га-г нь Бэрхэд олгож, 12 га-г нь сумынхан эзэмшдэг. Засгийн газрын 308 дугаар тогтоол буюу Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам нь алт руу илүү чиглэсэн байсан. Харин 2017 оны 151 дүгээр тогтоол гарснаар бичил уурхайчид давуу тал олонтой болсон. Бичил уурхайчдыг албажуулах, нэгдсэн зохион байгуулалтад оруулж, улсын бүртгэлд бүртгэж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, орон нутагтаа татвар төлөх, ажлын таатай нөхцөл бүрдсэн.
Нэг нөхөрлөлд хоёроос доошгүй экскаватор ашиглахыг зөвшөөрсөн. Нинжа нар гэж нэрлэдэг байхад тэд өмнө нь нүхэндээ л жоншоо ухаад суудаг байсан бол одоо гал түймэр байгалийн гамшгийн үед хоол хүнс, багаж хэрэгслээ базаагаад идэвхтэй оролцож байна. Хамгийн гол нь ашигласан талбайгаа нөхөн сэргээж, нутаг орноо эзэнтэй болгосон. Ажилгүй иргэд орлоготой болж, нэгдсэн журмын дагуу ажилладаг. Гэвч өнгөт чулуу олборлогчид бичил уурхайчдын ажлыг сулруулж байна. 2014 оноос манай суманд чулуу түүдэг хүн олширсон.
Хутаг ууланд чулуу түүж байсан хүмүүсийг Захиргааны хариуцлагын тухай хуулиар 50 мянган төгрөгөөр л торгодог байв. Энэ нь сүүлдээ даамжраад дийлдэхээ больж, долоон аймгийн 27 сумын 500 орчим хүн цугларсан. Сумын Засаг даргын нөөц санг дуустал эргүүлд явсны хүчинд, Хэнтий аймгийн нутагт өнгөт чулуу түүж олборлох, зарж борлуулахыг хориглосон шийдвэр гаргаж, хууль бус үйл ажиллагааг нь таслан зогсоосон. Гэвч өнгөрсөн зургадугаар сараас өнгөт чулуу түүгчид олширч, цагдаа машинд мөргүүлж, би болон төрийн албаны дөрвөн алба хаагч халдлагад өртсөн. Өөр аймгийн иргэд байсан.
Тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэн, шүүхэд шилжүүлээд байгаа. Миний баруун нүд хараагаа 75 хувь алдсан. Гэхдээ шүүхийн шийдвэр гараагүй учир хэн нэгнийг буруутгамааргүй байна. Байгалийн өнгөт чулуу олборлож буй хүмүүс газрыг 20 см-ээс 1.5 метр хүртэл гүн ухдаг. Газрын ус, чийг барьдаг чулууг нь авчихаар гол горхи ширгэн, ган ганчиг болж байна шүү дээ. Үнэтэй машин хөлөглөсөн мөнгөтэй хүмүүс ирээд торгуулийн 200 мянган төгрөг шидчихээд л яваад өгч байна” гэж ярив.
Тус сумын дөрвөн нөхөрлөлийн нэг болох “Амлалтын нутаг”-ийн үйл ажиллагаатай танилцсан юм. Үйл ажиллагаагаа эхлээд нэг сар л болж буй аж. 13 хүн 1.1 га газарт 75-85 хувийн агууламжтай жонш олборлож байна. Тэнд ажиллаж буй хүмүүс “Уурхайн хаягдал дээр төмөр барьж газар ухан, цагдаад хөөгдөж, сандарсандаа нурангид дарагдах, гэмтэх тохиолдол гардаг байв. Одоо хууль ёсны дагуу ажиллаж байгаа болохоор хэн ирэх бол гэхээс айхгүй сэтгэл амар байна” гэцгээлээ. Тэд хамгаалалтын малгай, хантааз өмсөж, гэрэл зүүгээд газрын гүн рүү ордог юм билээ. Хөрс хуулсны дараа 13 хоног ажиллахдаа 100 гаруй тонн жонш олборложээ. Хөрөнгө оруулсан 40 гаруй сая төгрөгөө хоёр сарын дотор олох төлөвлөгөөтэй ажиллаж буй.
Норовлин сумын бичил уурхайчид алт угааж буй нь
Жоншноос гадна бичил уурхайчдын ажлын нэг талбар нь алт олборлох. Норовлин сумын “Норовлин хамтын хүч” төрийн бус байгууллагын үйл ажиллагаатай танилцав. Тэд 45 гишүүнтэй бөгөөд дөрвөн га талбайд үйл ажиллагаа явуулдаг аж. Олборлосон алтаа компаниар дамжуулдаг байсан бол одоо Монголбанкинд тушаадаг болжээ. Тэд өнгөрсөн онд 800 гр алт олборлосон аж. Тус нөхөрлөлийн тэргүүн С.Мөнхсарнай “Бичил уурхайчдыг өмнө нинжа гэдэг байлаа.
Энэ нутагт гэхэд л хэдэн мянган хүн бөөгнөрч, газар нутгийг эвдэж сүйтгэсэн. Бид сумандаа эзэн байя гээд төрийн бус байгууллага байгуулж, малгүй, ажилгүй иргэдийг орлоготой болгосон. 24 өрхийн 45 иргэн энд ажиллаж байна. Бид 2014 онд Азийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 6.5 га талбайг техникийн болон биологийн аргаар нөхөн сэргээсэн. Анх хоёр га талбайг гар аргаар нөхөн сэргээж байв. Ингэж нутаг орондоо эзэн болсноор хэн дуртай нь ирж, газар ухахгүй, нөхөн сэргээсэн талбайг эргэн хөндөхгүйгээс гадна ажлын байр нэмэгдэн ядуурал буурч байна. Жилд 10 гаруй сая төгрөг сум, орон нутагтаа төвлөрүүлдэг. Шороон орд ашигладаг учраас мөнгөн ус зэрэг химийн элдэв бодис хэрэглэдэггүй гэв.
Эгнүүлэн барьсан ижилхэн цагаан гэрүүд, амралтын газар гэж андуурам тохилог орчинд бичил уурхайчид амьдардаг юм билээ. Халуун дулаан уур амьсгалтай тэдгээр өрхөд цэцэрлэгийн насны 25 хүүхэд, 20 гаруй сурагч, таван оюутан бий. Гэр бүлээрээ амьдардаг учир олон сар, жилээр хань ижлээсээ хол байх, үр хүүхдээ орхих зэрэг асуудал гардаггүй юм байна. Зуны гурван сардаа гэр цэцэрлэг ажиллуулан, хүүхдүүдээ сургадаг аж. Мэргэжлийн багш, тогооч ажиллуулж, төсвөөс санхүүждэг гэнэ. Нөхөрлөл тус бүрээрээ ижилхэн хувцсаар гоёсон тэд А лицензтэй компанийн ашиглаад орхисон хаягдал шороон дээр ажилладаг юм билээ.
Хүрз, царил, жоотуугаар л газар ухдаг байсан бичил уурхайчид Засгийн газрын 151 дүгээр тогтоолын хүчинд техник ашиглах эрхтэй болсноо олзуурхан ярьж байв. Нэгэн баг болсон тэдний дунд залуу гэр бүл цөөнгүй. Тэдний нэг нь Б.Ариунболдынх. Тэрбээр эхнэр гурван хүүхдийн хамт амьдарч буй бөгөөд удахгүй шинэ хүнээ хүлээн авах юм. Уг төрийн бус байгууллагыг байгуулагдсан цагаас нь буюу 2014 оноос ажилласан тэрбээр орлогоороо мал худалдан авч, одоо 200 гаруй толгой малтай болжээ. Уурхайн ажил аравдугаар сар хүртэл үргэлжлэх тул өвөлдөө малаа малладаг гэнэ. Сард 500-600 мянган төгрөгийн орлого олдог ч зарлагаа хасаад гар дээр 300 орчим мянган төгрөгийн цалин авдаг аж. Бичил уурхайчнаас бууз банш, талх нарийн боовны цех ажиллуулж эхэлсэн хүн цөөнгүй гэнэ.
Хөдөлмөр, аюулгүй байдлаа ханган, хувцас хэрэглэлээ бүрэн өмссөн бичил уурхайчид шороогоо ачаад, саарал усанд алтаа угааж зогсоно. Хэр хэмжээний олз олох бол. Энэ хэдий чухал ч эх нутагтаа эзэн болж, ашигласан талбайгаа нөхөн сэргээж, хүний эрхийг дээдлэн, хөдөлмөр аюулгүй байдлаа ханган, нэгдсэн зохион байгуулалтад орсон нь юунаас ч илүү чухал санагдав.