
Гавьяат хуульч, академич Ж.Амарсанааг “Хоймор” буландаа урилаа.
ТЭГЭХЭД МАНАЙ УЛС БАНКИНДАА МӨНГӨГҮЙ БАЙСАН ЮМ ШҮҮ ДЭЭ
-Та хотод төрж, өссөн, нийслэлээс “холдоогүй” хүн юм билээ. Ийм хүмүүс өөрийгөө нийслэлийн унаган иргэн гэж танилцуулдаг байхад та ойрад ястан гэж хэлдэг нь удам, цусаараа бахархдагийнх уу, өөр шалтгаантай юу?
-Ойрадууд Энэтхэг, Төвөдөөс наашилж, Баянхонгор, Хөвсгөлөөр дамжин Байгаль нуур орчихоод буцаад ирсэн, Зүчийн үед ойгоос тал руу бууж ирсэн ойн ардууд шүү дээ. Ойрад гэж байгаа нь уг угсаагаа л хэлдэг болохоос гайхуулж, бахархах зүйл биш. Бахархъя гэвэл, би монгол хүн гэдгээрээ гайхуулна. Би нийслэлд төрсөн, ойрад ястан, монгол хүн.
-1950-1960-аад оны нийслэлийн багачууд хэрхэн өсөж, торниж, сурч хүмүүжсэн нь одоогийн залууст үлгэр шиг санагдах байх.
-Хүмүүний хамгийн сайхан дурсамжтай үе бага нас. Хүмүүс нас дээшлэх тусам багын явдлаа дурсаж ярьдаг. Тэгэхээр хүмүүс “Ямар ой сайтай хүн бэ” гэдэг. Гэтэл тэр өвгөн өчигдрийнхөө юмыг мартчихсан тууж яваа. Бага залууд, тархины “соронзон тууз” нь хоосон байхдаа бичиж авсан зүйл тэгж тод үлддэг хэрэг. Сэтгэлд тод үлдэж, байн байн дурсаж яриад байгаадаа л бага нас сайхан. Би айлын арван хүүхдийн долоо дахь нь. Гурван ах, гурван эгч, гурван дүүтэй. Эгч, ах нар ээлж дараагаараа гэрийн ажлаас чөлөөлөгдөж, залгамж халаагаа дүү нартаа шилжүүлсээр миний хуваарьт хугацаа 5-8 дугаар ангид таарсан.
Өглөө босож, үнс гарган, гал түлэхээс эхлээд ус, мөс ойртуулж, мод хөрөөдөж, нүүрс зөөх гээд бүхнийг хийдэг байлаа. Хүүхэд нас ингэсхийгээд, сурч боловсорч, аав, ээждээ тусалж, ах, эгчийнхээ үгэнд орж явсаар өнгөрсөн. Тэр үед бие хүнийг өв тэгш хүмүүжүүлнэ гэдэг нам, засгийн уриа байлаа. Өв тэгш хүмүүжихийн тулд спорт, урлагийн баахан дугуйланд явна. Тэмцээн, уралдаанд оролцоно. Бас тэрүүхэндээ үнэ хүндтэй. Сумын ой болоход гитараа бариад очно. Өдөр нь бөхийн тоо гүйцэхгүй бол гарч барилдаад, орой нь клубт дуулж, хөгжимдөөд үдэшлэг хийчихнэ. Энэ мэтчилэнгээр юм юманд л оролцдог хүү байж. Сайрхаж яривал сумын наадамд барилдаж явсан болж таарах нь.
Энэ маань хожим их сургуулийн багш болсон үед их хэрэг болж, оюутнуудынхаа дунд ороод цана, тэшүүрээр гулгаад тууж явдаг байв. Болоогүй ээ, биеийн тамирын хамтлагийн дарга гэсэн сэтэртэй. Хүүхэд ахуйд Таван буудлын арын ууланд цанаар бишгүй гулгасан, чарганд мөс ачиж, хөлдөө тэшүүр углаад зүтгэж явсны ачаар спортоор сургуульдаа сүүл мушгидаг байсан манай тэнхим намайг ажиллаж байх үед толгой цохидог болсон юм даг. Бидний багад Улаанбаатарын иргэд өвөл голоос мөс зөөж, ундны усаа базаадаг байв шүү. Чарга, тэшүүр миний тээврийн хэрэгсэл байлаа.
-МУИС-ийг төгсөөд тэндээ багшаар үлдэхийн тулд ямар шалгуур давсан бол. Тухайн үед МУИС багшаа хэрхэн сонгодог байв?
-Сургуулиа онц төгссөн болохоор намайг арбитрын шүүхэд авъя гэсэн. Би өөрөө прокурор болох санаатай явлаа. Тэр үед прокурор гэдэг их том албан тушаал, сонин, сайхан ажил байлаа. Аймагт л гэхэд хоёр давхар байшингийн дээр нь прокурор, доор нь шүүх байдаг. Аймгийн прокурор аймгийнхаа намын хорооны товчооны гишүүн, шүүхийн дарга нь аймгийн захиргааны гишүүн байна. Энэ нь үнэлэмжийн ялгаа байгааг харуулж буй юм. Гэтэл тэр жилээс хуульч мэргэжлээр оюутны тоо нэмэгдэж, багшийн хэрэгцээ гарсан гээд сургуульд аваад үлдсэн.
Өмнө нь ямар ч мэргэжилгүй, цэргийн алба хаасан хүн нутагтаа очоод мөрдөн байцаагч болчихдог байсан. Дараа нь курс, дунд сургууль төгссөн хүмүүс шүүгч, прокурор болсон. Яваандаа цаг үеэ дагаад дээд боловсролтой хуульч бэлтгэх шахалт, шаардлага гарч, хуульч мэргэжлээр суралцагчдын тоо өссөн юм билээ. Дээд боловсролтой нягтлан бодогч, инженерүүд байхад дунд боловсролтой шүүгч, прокурор байгууллага хоорондын маргааныг нь шийднэ гэдэг хэцүү шүү дээ. МУИС жилд 1-2 багш авдаг байснаа бидний үеийнхнээс Р.Гончигдорж, Ж.Баянсан, П.Батринчин нарын 15 залууг бөөнөөр нь багш болгосон. Тэдний дунд хууль зүйн чиглэлээр академич С.Нарангэрэл бид хоёр багтсан юм.
-Үнэхээр ирээдүйтэй залуусыг сонгож багшаар үлдээжээ. Шалгуур өндөр байв уу?
-Ямар ч байсан нам байгаагүй. Их олон хурал, зөвлөгөөнөөр орсон санагдана. Бид багш болохын тулд ажиллангаа суралцаж, судалгаа шинжилгээний ажлаа ч муугүй хийсэн. Амьдралынхаа ихэнх хугацаанд багш гэдэг нэр зүүж яваагийн хувьд өнөөгийн дүр зургийг хараад хэлмээр санагдах зүйл цөөнгүй байх юм. Манай улс олон зүйлээр Гиннесийн амжилт тогтоосны нэг нь дээд боловсрол. Их сургууль олноор бий болсон нь сайн үзэгдэл биш. Ирэх жилүүдэд энэ олон их сургууль цөөрөх үйл явц аяндаа өрнөнө. Хүмүүс зах зээлийн боол болохгүйн тулд мэргэжилтэй, хийж чаддаг ажилтай л байх хэрэгтэй. Сайн гуталчин, тогооч байхын тулд заавал дээд боловсролтой байх шаардлагагүй.
-Таны намтрыг харахад богино хугацаанд тэнхимийн орлогч эрхлэгч, орлогч декан, Шүүх яамны хэлтсийн дарга, Хууль зүй, арбитрын яамны газрын дарга болж дэвшсэн байдаг. Их хичээнгүй залуу байсных болов уу?
-Гавьяат хуульч И.Дашням багш манай тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байгаад сургуулийн намын хорооны даргаар томилогдсон юм. Тэгээд ажил ихтэй болсон учир тэнхимийн орлогч эрхлэгч гэсэн орон тоо гаргаж, надад тэр албыг хариуцуулсан. Нэг их удалгүй факультетийн орлогч декан болсон нь бас л шалтгаантай. Ардчиллын анхдагчдын нэг С.Зоригийн аав Санжаасүрэн манай факультетийн декан байсан юм. Тэрбээр гадаадад эмчлүүлэхээр хэд хэдэн удаа явах шаардлагатай болж, орлогч декан гэдэг орон тоо гарган, ажлаа хариуцуулж үлдээхээр шийдсэн юм билээ. Тэгээд энэ үүргийг надад тохоосон.
Би залуу байсан. Надад хичээл заасан, эрдэм мэдлэг, цол зэрэг, нас намбаараа надаас хэд дахин илүү тэнхимийн эрхлэгч нарыг удирдаж, тэд надад удирдуулна ч гэж юу байх вэ. Даваа гарагт сургуулийн захирлын зөвлөгөөнд орж баахан үүрэг авна. Ирээд тэнхимийн эрхлэгч нараа цуглуулж, ийм даалгавар өгсөн, ингэх, тэгэх хэрэгтэй гэж баахан ярина. Нөгөө хэд маань “Миний хүү ингэж хийгээд хариуг нь өгчихөөрэй” гэж буцааж үүрэг өгчихөөд гарна. Ингээд л би тэнхмийн туслах, лаборантуудтай хамжиж нөгөө ажлыг нь хийх маягаар орлогч деканы албыг хашсан даа.
Ингэж байтал Б.Чимид багш Шүүх яамны сайд болж, Хууль боловсруулах системчлэлийн хэлтсийн дарга гэдэг албан тушаалд намайг тавьсан. Энэ нь хууль бичдэг, цаастай “ноцолддог” ажил байсан.
-1990-1992 онд Хууль зүйн сайдаар ажилласан. Нийгмийн асар том шилжилт, задралын жилүүдэд энэ ажлыг хийх ямар байв?
-1990 оноос өмнө ЗХУ-ын дэмжлэгээр амьдарч яваад, холбоот улс задрахад бид өөрийн хүчээр амьдрахаас өөр аргагүй болсон. Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай тэгэхэд “Бид хөрсөн дээрээ буулаа. Одоо өөрийнхүчээр босъё. Үүний тулд хүн бүр ханцуй шамлаж ажиллах хэрэгтэй” гэж хэлсэн. Үүнийг нь хүмүүс “Элгээрээ хэвтлээ. Бүсээ чангалъя” гэсэн хэмээн гуйвуулдаг юм. Д.Бямбасүрэн гуайг би тэр хэцүү цаг үед Монголыг авч үлдсэн хүн гэж боддог. XX тогтоолоор түүнийг их баалдаг. Тэгэхэд манай улс банкиндаа мөнгөгүй байсан юм шүү дээ. Урд, хойд хоёр хөрш манайд асар том “тоос сорогч” ажиллуулж, бүх эд баялаг, мөнгө хөрөнгийг сорж эхэлсэн. XX тогтоол гарснаар тэр тоос сорогчийн хүч саарч, монголчууд тал хагас юмтайгаа үлдсэн. Тэр үед хэдий амаргүй байсан ч олон тулгуурт гадаад бодлогын үндсийг тавьж, олон улстай харилцаа тогтоохын зэрэгцээ Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, ОУВС зэрэг олон улсын байгууллагатай холбогдсон. Түүний Засгийн газар ямар ч байсан тэр хэцүү цаг үед Монголыг Монголоор нь авч үлдэж, буусан хөрснөөсөө урагшилж, дээшлэх суурийг тавьсан.
-Бас 1996-1998 онд М.Энхсайханы Засгийн газарт Хууль зүйн сайд байсан үеийн тухай ч ярих зүйл их бий болов уу?
-Сонгуульд манай намыг дэмжиж ажилласан хүнд албан тушаал өгнө гээд зарим салбарт 2-3 дэд сайд тавьсан үе ч бий. Дэд сайдын албан тушаал 400 сая төгрөгийн үнэ хүрсэн ч гэцгээдэг. М.Энхсайханы Засгийн газар дэд сайдгүй ажилласан. Засгийн газрын гишүүдийн нэг нь томилолттой, эзгүй байхад нөгөө нь ажлыг нь хариуцдаг байв. Би Ерөнхий сайд, Сангийн болон Гадаад хэргийн сайдын ажлыг хариуцаж байсан. Нийлбэр дүнгээр нь харвал би Гадаад хэргийн сайдын ажлыг гэхэд 90 орчим хоног хийсэн байдаг юм. Италийн Засгийн газар долоо хоногийн настай байхад би бүтэн улирал Гадаад хэргийн сайдаар ажилласан гэхээр удаан хугацаа байгаа биз дээ. М.Энхсайханы Засгийн газарт давхар дээлтэй сайд байгаагүй. Энэ мэтчилэн өвөрмөц онцлогтой Засгийн газар байлаа.
1996 он хүртэл УИХ, Засгийн газар Монгол төрийг шинэ Үндсэн хуулийн дагуу байгуулахын төлөө их ажилласныг хэлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, төрийн байгуулалтын чиглэлийн хуулийг боловсруулж, батлах, түүнээ хэрэгжүүлэх ажлыг түлхүү хийсэн. М.Энхсайханы Засгийн газар тэр үед харьцангуй зогсонги байдалд орчихоод байсан эдийн засаг, зах зээлийн харилцааг сэргээхэд хүчин зүтгэсэн. Гадаад харилцаа, тусламж дэмжлэг, хоёр талын харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, өмч хувьчлалыг үргэлжлүүлж, зах зээлийн харилцааны янз бүрийн хэлбэр бий болгож, томруулах ажил хийсэн. Даяаршиж буй дэлхий нийтийн жишгийн дагуу ажиллах, болзлыг нь биелүүлэхэд чиглэсэн ажил ч нэлээд байлаа. Д.Бямбасүрэн, М.Энхсайхан нарын өндөр боловсролтой хүний Засгийн газарт нэг гишүүн, хийж буй ажлынх нь эрэг, шурга нь болон ажиллаж явснаа дурсахад таатай байна. Тэгэхэд би нэг талаас Засгийн газрын гишүүн, нөгөөтэйгүүр УИХ-ын гишүүний бие төлөөлөгч шиг ажилласан байж магадгүй гэж боддог. Учир нь, Засгийн газар эрчтэй ажиллахад хууль зөрчих гээд байдаг. Хууль зөрчвөл Үндсэн хуулийн шүүхэд очно. Тиймээс Засгийн газрыг нэгэнт баталсан хуулийг зөрчүүлэхгүй ажиллуулах нь миний үүрэг гэж ханддаг байсан.
-Тухайлбал ямар тохиолдол гарч байв?
-Шинээр бүтээх, эдийн засгийн харилцааг хөгжүүлэхийн тулд Засгийн газрын тогтоол гаргах хэрэгтэй. Гэтэл асуудал оруулж ирсэн сайд нь мөнгө өгөх тал, гадаад улсын тавьсан шаардлагыг биелүүлэхийн тулд Монгол Улсын хуультай нийцээгүй төсөл танилцуулах нь бий. Тэгэхэд нь хуульчийн нүдээр харж, Засгийн газар улс орноо хөгжүүлэх ёстой, ингэхдээ хуулиа хэрэгжүүлэх үүрэгтэй гэдэг талаас нь их ярьж хэлдэг байлаа.
-Та Монголын өмгөөлөгчдийн холбоо, Хууль зүйн үндэсний төв, ШУА-ийн Философи социологи, эрх зүйн хүрээлэн гээд хууль зүйн салбарын бүх байгууллагад өндөр албан тушаал хашсан. Энэ салбарт би үүнийг л бүтээсэн дээ гэж өөрөөрөө бахархах зүйл олон байдаг болов уу?
-Өмгөөлөгчдийн холбоог шинэчлэх ажил хийсэн. Прокурор, шүүх, цагдаа гол дүрд тоглоод, өмгөөлөгч ард зогсдог байсныг харьцангуй урагш нь гаргасан. Гэхдээ одоо ч процессын хуулиудаар өмгөөлөгчдийг хавчих, шахах нь байсаар байгаа. Өмгөөлөгчийн хууль тусдаа байсныг хүчингүй болгож, Хуульчдын эрх зүйн байдлын тухай хуулийн хавсралт болгосныг зөв зүйл гэж боддоггүй.
Б.Чимид багш анх санаачилж, Дэлхийн банкны төслөөр Хууль зүйн үндэсний төв байгуулсан юм. Сүхбаатар жанжны Орос руу барьж явсан тэнзэн ташуурыг хийсэн гэх хэд хэдэн партизан гарч ирсэн шиг Хууль зүйн үндэсний төвийг би санаачилж байгуулсан гэж ярьдаг, гадна нь өөрийнхөө гантиг чулуун хөргийг аваачиж хадахаас наагуур аашилдаг олон хүн тодорч байна. Яваандаа цаг хугацааны шалгуураар учир начир нь олдоно биз. Хууль зүйн үндэсний төвийн үйл ажиллагааг сэргээж, тогтворжуулахад би чадлынхаа хэрээр хувь нэмэр оруулсан. Хуульчдыг тасралтгүй сурч, боловсрох боломжоор хангасан.
ШУА-ийн Философи социологи, эрх зүйн хүрээлэнд анх очиход нэг байгууллагын нэртэй боловч улс төр, шашин, хууль гээд хэдэн тийшээ хараад суучихдаг, хамтарч ажилладаггүй хүмүүс байсныг нэг сэдвийг тойрч, тал талаас нь мөлжиж, судлан, нэгдсэн дүгнэлт гаргадаг технологид шилжүүлсэн. Одоо энэ байгууллага хууль зүйн салбараа устгаад, Философийн хүрээлэн болж үлдсэн гэж дуулдана билээ.
Ямар ч байсан би ажилласан газар бүртээ амьгүй албат байгаагүй, мөрөө үлдээж явсан. Миний хийсэн ажил бол байшин барилга биш. Зах зээлийн хүнд жилүүдэд нэг хэсэг хуульчийг хоолтой болгосон. Аймагт ганц нотариатч, нийслэлд Нотариатын контор гэж 4-5-хан хүнтэй байгууллага байлаа. Үүнийг хувийн хэвшилд шилжүүлэх ажлыг би хийсэн. Одоо манай улсад хэчнээн хуульч нотариатын үйлчилгээ эрхэлж байна вэ. 80 хүрэхгүй гишүүнтэй байсан Өмгөөлөгчдийн холбоо одоо мянга гаруй гишүүнтэй болсон. Энэ нь нэг талаасаа хуульчдад ажлын байр бий болгосон, нөгөө талаас эрхээ хамгаалах шаардлагатай иргэдэд тусалж, хууль эрх зүйн үйлчилгээг ойртуулсан ажил юм.
-Хуульч мэргэжлийг өөрийн хүслээр эзэмшээгүй гэсэн. Гэхдээ энэ мэргэжлийг эзэмшсэндээ харамсаж байгаагүй биз дээ?
-Хүүхэд байхад юм бүхэн рүү хөөрч, тэмүүлж байдаг хойно, дээгүүр онгоц нисэхэд л нисгэгч болмоор санагдаж, мэргэжил бүхэнд татагдаж явлаа. Аравдугаар анги төгсөх үед эмч юм уу, архитектор болно гэсэн бодол л толгойд эргэлдээд салахаа байв. Сурлага сайтай эгчийг маань гадаадад сургуульд явна гэж хөөрцөглөж байхад нь “Эмч бол” гээд АУДС-д оруулчихсан аав нэг өдөр “Айлд эмч, хуульч заавал байх ёстой. Эгч чинь эмч болно. Чи хуульч бол” гэдэг юм байна. Аавын үгнээс зөрөх толгой байхгүй ч, бас нэг их сайхан санагдахгүй л байлаа.
Тэгж байтал Боловсролын яамны Дээд боловсролын хэлтсийн дарга Д.Цоодол гэдэг хүний гарын үсэгтэй “Таны хүсэлтийн дагуу 17 дугаар сургуульд МУИС-ийн хуулийн ангийн
нэг хуваарь өглөө” гэсэн бичиг ирдэг юм байна. Тэр үед хуульчийн мэргэжлээр цөөн хүүхэд элсүүлдэг байсан тул хотын захын сургуульд хуваарь ирэхгүй байж магадгүй гээд аав Боловсролын яаманд “Миний хүү хуульч мэргэжлээр суралцах хүсэлтэй тул энэ сургуульд хуваарь өгөөч” гэсэн бичиг явуулсан байгаа юм даа. Хуваарь амлах гээд зогсож байтал багш “Элсэлтийн шалгалтдаа дээгүүр оноо авсан хүүхдүүдэд гадаад хуваарь ирж магадгүй. Тэгвэл өндөр оноотой хүүхдүүдээс шалгалт аваад хуваарилна. Ойрхон байгаарай” гэв. Би овоо өндөр оноотой байсан тул гадаадад явчих юм биш биз гэж жаахан гэгэлзээд, аавд хэлтэл “Хэрэггүй ээ, миний хүү. Ямар сургуульд, ямар мэргэжил гэдэг нь ч тодорхойгүй байхад гадаад явна гэж байж хуульчийн хуваариа алдав. Хуульч л бол” гэсэн. Аавынхаа заасан замаар явсандаа харамссан удаа байхгүй. Хуульч мэргэжлийг эзэмшээд багш болсон. Багш хүн хоёр жигүүртэй байдаг юм. Хичээл заана, судалгааны ажил хийнэ.
ЦЭЦ ҮНДСЭН ХУУЛИЙН ДООР БИШ, ТЭР ТУСМАА ДЭЭР НЬ БИШ, ДОТОР НЬ БАЙДАГ
-Та төрд зүтгэсэн хугацааныхаа талыг ҮХЦ-д өнгөрөөсөн. Тэгэхээр хийж байсан ажлыг та ҮХЦ ба бусад гэж хуваана гэвэл санал нэгдэх үү?
-Би 1975 онд багш болсон. Түүнээс хойш сургуулиас салаагүй. Тиймээс үндсэн ажлаа багш, зөвлөгч гэж хэлдэг.
-Хүмүүс таныг Цэцийн Амарсанаа л гэдэг шүү дээ.
-Нэг хэсэг ҮХЦ-д ажилласан учраас тэгж хэлэх хүн байдаг байх.
-Төрийн нэр хүнд, үнэлэмж унаж байна. Тэр дунд ҮХЦ ч байгаа. ҮХЦ захиалгаар шийдвэр гаргалаа гэх мэтийн үг мэр сэр сонсогддог. Цэцийн гишүүн, даргаар 20 шахам жил ажилласан хүний хувьд ийм үг сонсох ямар санагддаг вэ?
-Цэц бол Үндсэн хуулийн шүүх шүү дээ. Гэхдээ Германы Үндсэн хуулийн шүүх шиг шууд эцсийн шийдвэр гаргадаггүй, хоёр шат дамждаг. Эхнийх нь дүгнэлт гаргаж, түүнийг нь парламент хүлээж авч, алдаагаа засах нь уу гэж хардаг. Зарим хүн ингэж дүгнэлт гаргаж байгаа нь парламентыг хүндэтгэж буй хэрэг гэж тайлбарладаг. Энэ бол хүндэтгэл биш. Ердөө л парламентад алдаагаа засах боломж олгож байгаа хэрэг.
Дүгнэлтийг парламент хүлээж авахгүй бол шууд эцсийн шийдвэр гаргаж, хүчингүй болгодог. Монголчууд 1990-ээд оны эхээр Үндсэн хуулийн шүүхээ байгуулахдаа Цэц гэж оноосон нэр өгсөн юм. Энэ оноосон нэр дээр дөрөөлөөд Цэц бол шүүх биш гэдэг яриаг УИХ-ын гишүүд гаргадаг. Парламент Үндсэн хууль зөрчсөн асуудал Цэцэд ирэхээр тэд “Цэц юу юм бэ, шүүх шиг ажиллалаа” гээд оволзоод эхэлдэг. Үнэндээ Цэц Үндсэн хуулиа сахиулах замаар хүний эрхийг хамгаалах ганцхан зорилготой.
Өөрийгөө магтаж байгаа юм биш, би ҮХЦ-д хэсэг хугацаанд ажиллахдаа зөндөө ажил хийсэн. Энэ байгууллага намайг ажиллаж байх үед ямар ч байсан урагшилж, шат ахисан. Дээрэмчид, танхайчууд, луйварчдаас иргэдээ хамгаалахын тулд Засгийн газар, парламент ажилладаг. Тэгвэл Засгийн газар, парламентаас хүний эрхийг хамгаалахын тулд Үндсэн хуулийн шүүх ажилладаг. Хүмүүс ҮХЦ Засгийн газар, УИХ-тай шөргөөцөлдөж байна гэх мэтээр ярьдаг. Шөргөөцөлдөж буй юм биш, шүүхийн хувьд маргааныг нэг тийш нь болгож, шийдэхийн тулд л ажиллаж байгаа нь тэр. Маргаан шийдэхэд маргалдах, шөргөөцөлдөх асуудал гарна.
-Ер нь ҮХЦ хараат бус байж, ямар нэг нөлөөнд автахгүй ажиллаж, үүргээ гүйцэтгэж чаддаг уу, таны бодлоор?
-Хэцүү л дээ. ҮХЦ байтугай жирийн аж ахуйн нэгжүүд улс төрөөс ангид байж чадахгүй байна шүү дээ. Сонгуулийн дүнгээр дөрвөн жил тутамд хүмүүсийг өөрчилж байна.
-Цэцийг тэднээс арай өөр, илүү дээр оршиж, цэвэр ажиллах ёстой байгууллага гэж хараад байна л даа?
-Цэц гэдэг чинь гоц ухаантай хүмүүсийн цугларалт биш шүү дээ. Математикийн сургалттай сургууль гэдэг шиг гоц ухаантай хуульч тэнд байхгүй. Өнөөдөр Монголын нийгэм ямар хүмүүсээс бүрдэж, ямар шалдар, булдар байгаа билээ, тэдний өрөөсөн дугуйнууд л тэнд бий. Цэц бол онцгой газар биш. Германы нэг эрдэмтэн Ханс Зайделийн сангийн шугамаар ирээд “Танай ҮХЦ-ийн дээр хөх тэнгэр л байдаг” гэсэн. Түүнийг ҮХЦ-ийн анхны дарга Г.Совд “ҮХЦ-ийн дээр хөх тэнгэр байдаг” гээд давтчихсан. Тэр бол ард түмэнд биш, улстөрчдөд, парламентад хандаж, “Та нарыг хянах байгууллага хажууд чинь байгаа шүү” гэж хэлсэн үг. Үүнийг нь “ҮХЦ өөрийгөө дээгүүр тавилаа” гэж гуйвуулаад байгаа юм. ҮХЦ бол Үндсэн хуулийн доор биш, тэр тусмаа дээр нь биш, дотор нь байдаг газар.
Цэцийн дүгнэлт улс төрийн шийдвэрт асар нөлөөлдөг учраас улстөрчид их эмзэглэдэг, Цэц рүү байнга довтолж, дайрдаг.
-“Цэцийн гишүүн улс төр, эрх зүйн өндөр мэдлэгтэй байх ёстой. Одоо улстөрчид нь илүү орж ирэх гээд байна. Хэрвээ улстөрчид Цэц рүү их орж ирвэл УИХ-ын байнгын хороо л болно” гэж та нэгэнтээ хэлсэн. Энэ байдал үргэлжилсээр л байна?
-Цэцийн гишүүнд хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй гэсэн хос шаардлага тавьдаг юм. Гэтэл одоо энэ хоёрын аль нэг нь байхад орж болно гэж худлаа тайлбарлаад, улстөрчид орж ирээд байна. Уг нь зүгээр нэг өрхийн эмч, тархины мэс заслын эмч хоёр шиг ялгаатай юм л даа.
ПАРЛАМЕНТЫН ГИШҮҮН ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧЭЭС ДОР
-Та Х.Тэмүүжин гишүүнийг УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдож очиход “шүүгдэгч” гэж хэлээд УИХ-ын чуулганы танхимд баалуулж байсан. Үүнийг тань Х.Тэмүүжин гишүүн байнгын хороо, чуулган дээр Цэцийг улстөрчдийн морг гэж хэлсний хариу хэмээн тайлдаг хүмүүс бий. Та яагаад тэгж хэлсэн юм бэ. Тийм үгийг хоосон өнгөрөөдөггүй хүн үү?
-ҮХЦ-ийн гишүүн 40-өөс дээш настай байна гэж хуульд заасан. Энэ бол наад зах нь амьдралын туршлага, үзсэн дуулсан нь зузаарсан, цаашлаад, үзэл бодол нь цэгцэрч, эрдэм ном, оюун ухаан нь тэгширсэн хүн байх ёстой гэж байгаа хэрэг. ҮХЦ-ийн гишүүнийг УИХ томилдог. Өөрсдөө томилчихоод, араас нь “улстөрчдийн морг” гэж хэлэх ямар хэрэг байна. Х.Тэмүүжиний хувьд “шүүгдэгч” гэлээ гэж гомдох ямар ч шаардлага байгаагүй юм. Цэцийн гишүүн бол шүүгч, тэр танхимд маргаан таслуулахаар орж ирж байгаа хүн бол бидний дарга, дасгалжуулагч, бүр зочин ч биш. Шүүх хурлын танхимд хариуцагчийн суудалд сууж байгаа хүнийг шүүгдэгч гэдэг. Хууль зүйн нэр томъёо шүү дээ. Түүний төлөө “УИХ-ын гишүүн намайг шүүгдэгч гэлээ” гээд гомдоллоод явах нь утгагүй.
УИХ-ын гишүүн чухал албан тушаал. Гэхдээ аль ч улсад парламентын гишүүн дэд сайдын зиндаанд байдаг. Парламентын гишүүн бол цэцэрлэгийн эрхлэгчээс дор эрх мэдэлтэй. Цэцэрлэгийн эрхлэгч өөрөө мэдээд хүн ажилд авч, халах эрхтэй байхад УИХ-ын хэн нэг гишүүнд ийм эрх байхгүй. Харин 76 нэгдэж парламентыг бүрдүүлж байгаа тохиолдолд түүн шиг аварга хүч Монголд байхгүй. Парламент Монголд гай ч тарина, гавьяа ч байгуулна. Цэцийн нүдээр харахад, УИХ-ын гишүүд хүний өмнөөс санал өгөөд сууж байгаа нь үнэхээр утгагүй зүйл. Өнөөдөр байх л ёстой мэт хандаж байгаа энэ үйлдлээс л болж маш олон хууль Үндсэн хууль зөрчин гарч байна.