
Цаг хугацаа, орон зай, оршин буй бүхнээс ангид хязгааргүйн цаад руу аялах ямар байдаг бол. Хязгааргүйн цаана юу байдаг бол. Хүслэнт тэр аяллын замаар зорчуулах “тийз” хэн нэгэнд байдаг болов уу...
Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Чинбааг “Хүн биш хөгжим” гэж урлагийнхан хөөрүү сэтгэлээр дөвийлгөн тодорхойлоогүй ажээ. Чухам энэхүү “хөгжим”-ийн ачаар л өнгөрсөн амралтын өдрүүдэд хязгааргүйн цаад руу аялсан азтай зорчигчдын нэг болоотохов. Сэтгэл тогтохгүй шилрэх хэрнээ хаачихаа мэдэхгүй давчдам “эморлын” үед хөгжмөөр хөсөг хийгээд, огторгуйгаар жингүйдэх сайхан. Харин энэ удаа хязгаараас давсан жинхэнэ таашаалыг түүний хөгжмүүдээс, шүтэн бишрэгчдээс нь мэдэрлээ. Нуулгүй хэлэхэд, Чинбаагийн үзэгчдээс урлагийн өндөр мэдрэмж илт ханхалж байв.
“Corporate convention center” концертын их танхимд намрын хүнд манан бууж, хаврын хээнцэр цэцэг дэлбээлж, шинэ жилийн хөөргөн баяр айлссаны сацуу 500 зууны тэртээх үнэнч хайрын дууль амилж (20 жилийн дараа Монголын тайзнаа дахин тоглосон “Ромьео, Жульетта” жүжгийн хөгжмийг тэр бичсэн), ардын дууны амраг аялгуу сэтгэл гижигдэхийн ялдамд Жалам харын төвөргөөн нижигнэж, адуучин залуусын эрмэг уухайтай хоршин байх нь Чинбаагийн уран бүтээлийн царааг илтгэнэ. Түүнийг “Никитон” хамтлагийн гишүүн, “Sweetymotion”-ы охидын арыг даадаг продюсер, “Зүрхэн хоёр алга”-ыг зохиож, Сараатай хамтран дуулсан гэхчлэн зөвхөн Монголын рок поп урлагаар хэмжихээргүй болтлоо өсчээ.
Сонгодог, жазз болон монгол ардын хөгжимд зориулсан бүтээл туурвихын зэрэгцээ тэдгээрийг хооронд нь хэрхэн сүлж шинэлэг хөг аялгуу гаргах вэ хэмээн авьяас, ур ухаан, мэдрэмжээ чинээнд нь тултал сойсон хөгжмийн найруулгууд нь үнэндээ л “тасархай” юм. Жишээ нь, 2015 онд зохиосон “Хязгааргүйн цаана” хэмээх даацтай бүтээл нь Чинбааг сэтгэлгээний хувьд илүүтэй задарч, хэдэн жилийн өмнө “Давтагдашгүй”, “Эзлэн” зэрэг тоглолтоо толилуулж байснаасаа ч тохой өндөр болсныг төвөггүй илэрхийлэх мэт. Товчхондоо, тэрбээр монгол уран бүтээлчийн хувьд юу бүтээж туурвих ёстойгоо хэдийн ойлгожээ.

“Хязгааргүйн цаана” тоглолт эхлээд 20-иод минут өнгөрөхөд танхим дахь 1000 гаруй үзэгч эгээтэй л аадар бороо дээвэр нүдэж байна уу гэлтэй, нэхэл хатуутай алга нижигнүүлэн ташсаар нэгэн хүнийг тайзнаа дахин гаргасан нь ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ байлаа. Тэрбээр хөгжмийн зохиолчийн “Эмоци” хэмээх шинэхэн бүтээлийг симфони хөгжимтэй гоцлон тоглож, “Ятгын хаан” гэсэн өргөмжлөлийг нэрийнхээ өмнө яагаад зүүх болсноо ёстой л нэг батлах шиг болов. Үүнээс өмнө ёочин, хийл хөгжимд зориулсан бүтээлүүд нь эгшиглэхэд үзэгчид талархан хүлээж авсан ч үүн шиг айхтар сэтгэл хөдлөл үзүүлээгүй юм. Ямартай ч энд цугласан үзэгчид тушаал авсан цэрэг шиг үзүүлбэр болгон дээр нэгэн жигд хэмнэлээр алга таших бус, хэдийд яаж баярлаж хөөрөхөө мэддэг, тэр мэдрэмжээ хэрхэн илэрхийлэхээ ч анддаггүй хүмүүс аж.
Ийм мэдрэмжтэй үзэгчдийн “шалгуурт” тэнцсэн дараагийн эрхэм бол Гавьяат жүжигчин уртын дуучин, бөх цоллооч Б.Мөнхбаатар. Түүний хоолойн манер, дуулах донж маягийнх нь ганганыг хэлэх үү, Чинбаагийн найруулгын шидтэйг хэлэх үү, “Хөх торгон цамц”, “Лоолой” зэрэг ардын дуунууд үзэгчдийг бас нэгэн шинэ ертөнцөд аваачих шиг болсон. Мэдээж гурван цаг хагас үргэлжилсэн тоглолт гэнэтийн бэлгээр дүүрэн, “Никитон”, Д.Жаргалсайхан, С.Наран, Г.Ариунбаатар гээд үзэгчдийн цөсийг хөөргөсөн уран бүтээлчид ая дуугаа фенүүддээ харамгүй дахин дахин зориулсан халуун дулаан үдэш байсныг хэлэх нь зүйтэй.
Ялангуяа “Никитон”-ы Баачкаг “нормын” хоёр дуугаа дуулаад тайзны ар руу ороход үзэгчид өвддөг махбод гэдгээ ч умартсан аятай, алгаа хайр гамгүй ташихын зэрэгцээ орилж хашхирах нь хашхирч, шал дэвсэх нь дэвсэлсээр дахиад гаргаад ирэв. Алга хорсож, халуу оргиод минчийтлээ улайж байснаа сүүлдээ бүр мэдээ алдахын үест Хятадад нэг тоглолт үзсэн минь санаанд оров. Биднийг танхимд оруулахдаа таван сарвууны дүрстэй, давхар давхар салбарласан хуванцар тоглоом шиг юм тараасан нь алга ташихад зориулсан “хиймэл гар” байсан юм билээ. Гэхдээ ийм гоё таашаалын “зовлонг” нь хүртэл бие махбодоороо мэдэрвэл амттай байх л даа.
“Мэдсээр байж чи авсангүй ээ...”, “Хүүе найз аа, юу байна...” гээд Баачка мэдээж галзуу хитүүдээсээ үргэлжлүүлэн дуулж танхимыг доргиосон. Гэхдээ хамраас нь цус гарсан учраас цаасаар бөглөж байгаад дуулсан юм шүү. “20 гаруй жил тайзан дээр дуулахдаа юм юм л үзсэн. Гэхдээ арай ч хамартаа юм чихээд дуулж байсангүй. Одоо өнгөрсөн. Халтуурдчихаас” гэхэд нь үзэгчид түүнийг цагаан хошигнолтой нь, танхай яриатай нь сэтгэлдээ багтаан улам хүндэтгэж байв. “Уран бүтээлч бидний амьдралын баяр гуниг, зовлон бэрхшээл, ажлын алдаа оноо минь хүртэл үзэгчдийн нүдэн дээр, тайзан дээр ил байдаг. “Жалам хар” гэх мэт эрч хүчтэй хэмнэлтэй, сэтгэл хөдлөл ихтэй ая тоглож байхад заримдаа миний хумс ханзарч, цус гарах нь энүүхэнд. Гэхдээ үзэгчдэд өгч байгаа мэдрэмж таашаал хамгийн чухал учраас тоодоггүй. Энэ өдөр миний үзэгчдийг хүндэтгээд дуулж байгаа найздаа маш их баярлалаа” хэмээн тоглолтын эзэн бас журмын нөхөртөө талархлаа илэрхийлнэ билээ.

Энэ удаагийн тоглолтод нь оролцохоор эгч Б.Гэрэлчимэг нь холын Америкаас охинтойгоо иржээ. Удмаа дуурайсан хөгжмийн сонсголтой, хөдөлгөөний эвсэлтэй дүүгээ тэр анх хөтлөөд Хөгжим бүжгийн коллежид (тухайн үеийн нэршлээр) шалгуулж оруулсан түүхтэй юм байна. Эгч, дүү хоёр энэ удаа тайзан дээр хамт бүжиглэнэ билээ. Чинбаа багадаа эгчтэйгээ хамт ардын язгуур урлагийн их наадамд газар газраас ирсэн хүмүүсийг дуурайн бий биелгээ хийдэг байсан гэнэ. Үнэхээр ч мэргэжлийн бүжигчин эгчээсээ хол дутахгүй эвлэгхэн бүжих аж. Хөгжим бүжгийн коллеж гэснээс 1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхээр эндхийн хүүхдүүд Борнуурын сангийн аж ахуйд ногоо хураахаар явдаг байж.
Тухайн үеэс л урлагийн авьяас, мэдрэмжээрээ ойртон танилцсан Д.Отгонбаяр найз нь түүний тоглолт болгонд оролцдог бөгөөд энэ удаа Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шаравын алдарт “Манан” хөгжмийг хамтран тоглосон. Монголын өнөө цагийн хамгийн авьяаслаг хөгжмийн зохиолч гэж зүй ёсоор нэрлэгддэг энэ эрхмийн гайхамшигт эл бүтээлийг өнгөрсөн хавар “The Voice of Mongolia” шоуны тайзнаас хоёр найз шинэ найруулгаар тоглож хэн хүний сэтгэлд хүргэснийг уншигчид андахгүй.
Чинбаагийн тоглолтын найруулга үнэхээр өөлөх зүйлгүй гайхалтай байсан нь “On and Off” продакшныхантай холбоотой. Хэн нэгэн хөтлөгч байн байн гарч, ороод цаг үрэхгүй, элдэв шүлэг уянгалуулан үзэгчдийг залхаахгүй, гол дүр нь өөрөө төгөлдөр хуурын араас уран бүтээлчдээ зарлаж, тоглолтоо удирдаад явчихаж байгаа юм. Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Балхжав тайзнаа гарч ирлээ, хуучин цагаа дурсаад Чинбаатай бөмбөрөөр “тулалдлаа”, араас нь өөрийнхөө зохиосон “Шувуудын цувааг битгий тоолоорой”-г тоглонгуут “Sweetymotion”-ы гурав дуулаад эхлэх жишээний. Гэхдээ энэ нь найруулагчийн бодож олсон холбоос болохоос тус хамтлагийнхан Ардын жүжигчин Д.Мяасүрэнгийн хөгжим, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн шүлэг “Алтан намар” дуугаар ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн юм. Энэ нь ч цаанаа учиртай байж.
Навчсыг алдлан сэрчигнүүлсэн
Намрын хонгор салхи юм аа
Нандин сэтгэлийн мөрөөдөл бол
Найз л хонгор чи минь юм аа...
хэмээх дууг Чинбаагийн ээж дуулах их дуртай юм гэнэ лээ. Мөн хөгжмийн найруулга хийдэг мэргэжилтнүүдийн тэр бүр “барьж” аваад байдаггүй гурван өөр өнгөөс эхэлж дуулах техникийг Чинбаа энэ дуун дээр амжилттай туршсан учраас уран бүтээлчийн зангарагийг нь харуулах зорилготой гэдгээ “Sweetymotion”-ыхон хэлсэн. Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав “Хөгжмийн найруулгагүйгээр зөвхөн шүлэг, аялгуу хоёр байвал дуу шалдан хүнтэй адил юм. Хөгжмийн найруулагч тэр “хүн” ямар хувцас өмсгөвөл зохих вэ, илүү гоё сайхан харагдах вэ гэдгийг шийддэг” хэмээсэн нь Чинбаагийн хөгжмийн найруулга хийдэг ажлыг нь товч бөгөөд тодорхой ойлгуулах шиг болсон. Аан бас сонирхуулахад, өнгөрсөн 21 жилийн турш “Sweetymotion” хамтлагийнхан Чинбаатай хамтарч ажиллахдаа цорын ганц удаа хөгжмөө алдаж тоглохыг нь хараад баярлаж байсан нь мөн л энэ “Алтан намар” аж.

Тоглолтын төгсгөлд Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Намсрайжавын алдарт “Адуучин” хөгжмийг Чинбаа Төрийн их найралтай тоглоход үзэгчдийн сэтгэл хөөрөл дээд хязгаартаа хүрэх шиг болсон. Төрийн шагналт, зууны бүжиг дэглээч Ц.Сэвжидийн дэглэсэн “Адуучин” бүжгийг энэ удаа тайзнаа бүжиглээгүй ч хүн бүхний сэтгэл зүрхэн дотор адуучин залуусын хийморьлог уухай хадаж, суудлаас нь өндөлзүүлсэн билээ. Араас нь залгуулаад “Жалам хар”-ыг хатируулахад хязгаарын цаадах бас нэгэн хязгаарт хүрэх аялалд танхим тэр аяараа гарах мэт ер бусын эрчим мэдрэгдэж байв. Харин тэр жавхаалаг аялгууг асгарсан онгодоор асан тоглож байгаа Чинбаагийн хуруу, хумс яасныг мэдэхгүй. Лав л тоглож дуусаад тэр уйлсан. Төрийн их найралтайгаа түмний хайртай аялгууг тоглож буй эр хүний дотор юу бодогдсоныг таашгүй. Үзэгчид суудлаасаа босоод, удаан гэгч нь халуун алга ташилтаар аль алинд нь баяр хүргэсэн.
Хамгийн сүүлд түүний аавдаа зориулсан “Уулын сүүдэр аавыг минь дайрахгүй” хөгжим эгшиглэснээр хөшиг хаагдлаа. Хүүгийн сэтгэлээр, уран бүтээлчийн хувиар аавдаа босгосон “суварга” энэхүү хөгжмөөр тоглолт болгоноо өндөрлүүлдэг уламжлалтай. Хязгааргүйн цаана Чинбаатай нэгэн үдэш ийн “болзоход”
Мянган жил намайг хайрлаж чадах уу чи минь
Маргааш хагацах юм шиг надад дурлах уу хонгор минь...
гээд үг, аялгуу нь үнэнч хайрын илэрхийлэл болсон бас нэгэн хөгжим уянгалсаар байв аа.