
Аялал жуулчлалын салбарынхны анддаггүй, Монгол орноор болон Улаанбаатар хотоор аялах тухайд сонирхолтой номууд бичиж олны хүртэл болгосон, ахмад хөтөч А.Цэрэнчулуунтай ярилцлаа.
БНАГУ-д суралцаж эдийн засагч болсон тэрбээр аялал жуулчлалын салбарт “гэрээ барьсан” нь учиртай байх. “Хөтөч бол тайлбарлагч, тогооч, эмч, сэтгэлзүйч, эх орны, үндэстний нүүр царай. Тиймээс гарын үзүүрээр хийх ажил биш. Мэдлэгтэй, ухаантай хүмүүсийн бардаг ажил” гэж хэлсэн тэрбээр өөрөө хэн бэ гэдэг нь сонирхол татсан юм.
-Та Монгол орноороо 20-иод жил тасралтгүй аялсан юм билээ. Аялах сонирхол юунаас үүдэлтэй вэ?
-Хөдөө төрж өссөн, мал, ахуйд ойр байж, байгалийн сайхныг биширч өссөнтэй холбоотой болов уу. Би 1946 онд Дорноговь аймгийн Мандах сумын нэгдүгээр багийн нутагт төрсөн. Манайх Арван найман Богд уулаас баруун хойш нутагтай айл. Тойрмон ус, Нам хөх хавиар зусаж, өвөлдөө Сухайн бууц, Бурхант, Нарийн мод, Хадан шандны бууцад өвөлждөг. Би багаасаа малд, тэгэх тусмаа тэмээнд илүү хайртай хүүхэд байсан. Зун гадаа айлын өттэй ингэ ирэхэд бүдүүн төмөр утсаар хямсаа хийгээд л өтийг нь түүнэ.
Керолин гэдэг өмхий хар тос түрхэнэ. Тэмээ их ухаантай амьтан. Нэг ингэ өдөр бүр ирж надаар өтөө түүлгэж, тос түрхүүлсээр эдгэрээд явж байсан. Намайг багад нэг бууран тайлаг зааж өгч өмчлүүлсэн юм. Түүнийгээ унах их дуртай. Сургуульд орохдоо ч бууран хүрнээ унаад ээжээрээ хүргүүлж билээ. Нанзад хэмээх өвгөн сум ороод буцаж явахтай зам зуурт таарахад намайг “Их номтой хүү болно доо” хэмээн урам хайрласан юм. Ийм сайхан урмын үг насан турш мартагддаггүй.
Юм юм сонирхох болсон минь үлгэрт дуртай байсных гэж боддог. Манайд ирж хоносон хүн бүрийг шалж үлгэр яриулдаг байлаа. Зарим нь их сайхан үлгэр ярина. Хариуд нь би идүүлэхээр тавьсан тэмээг нь орой явж барьж ирнэ. Сургуульд орох үедээ би олон үлгэр цээжээр мэддэг болсноо ангийнхандаа ярьж өгнө. Сургуульд орохоосоо өмнө хүний уншиж, дуудсан номыг учрыг нь ойлгохгүй ч цээжилчихдэг байлаа. Тэгж багаасаа элдэв юманд сонирхолтой болсон. Аливаа юмны учрыг олох гэсэн дур хүсэлдээ хөтлөгдсөөр БНАГУ-д сурахаар явсан даа. Хөгжил сайтай оронд сурснаараа бахархдаг, герман хэлний буянаар мөр бүтэн, гэдэс цатгалан явна.
-Ямар мэргэжил эзэмшсэн бэ?
-Гадаад худалдааны эдийн засгийн мэргэжлээр Гадаад худалдааны яамны нэр дээр суралцаж, дээд сургууль дүүргэж ирээд, “Монгол экспорт” нэгдэлд мэргэжилтнээр ажилласан.
Хожим нь БНМАУ-аас БНАГУ-д суугаа ЭСЯ-ны худалдаа, эдийн засгийн зөвлөхийн товчоонд мэргэжилтэн, эдийн засгийн атташе болсон. Гадаад, дотоод худалдааны салбарт 20 орчим жил ажиллаж, энэ талаар болон хөнгөн, хүнсний үйлдвэрийн салбарын зах зухаас гадарлах болсон юм. Би Герман улсад сурч, нарийн, нямбай, цаг сайн баримталдаг, зарчимч ард түмний соёлоос савныхаа хэрээр дүүргэж авсан. Үүндээ баяртай явдаг даа. Миний төрөлхийн зан чанар ч юм уу, Германаас сурсан олдмол зан ч юм уу, би цаг нарийн баримталж, амласнаа заавал биелүүлэхийг ямагт хичээдэг.
-Хэзээнээс аялал жуулчлалын салбарт ажиллах болов?
-Гадаадад болон эх орондоо хэлмэрчээр удаа дараа ажилласнаас үүдэн хөтөч гэдэг хүндтэй мэргэжилд дурласан. Оюутан үедээ анх Боловсролын яам, хэвлэлийн хорооноос туршлага судлахаар Германд очсон хүмүүст хэлмэрчилсэн. Нутагтаа ирснээс хойш гадаадын худалдаачид, төлөөлөгчдөд хэлмэрчээр ажиллаж байлаа. Сүүлдээ “Жуулчин” компанид хэлмэрч, аяллын хөтөч-тайлбарлагчаар ажиллаж, аялал жуулчлалын ангийн оюутнуудад, хөтөч-тайлбарлагчийн дамжаанд багшилсан. Мөн хөтөч-тайлбарлагчийн зэрэглэл тогтоох комиссын гишүүн болсон. Энэ хугацаанд аялал жуулчлалын сэдвээр болон герман хэлний ном, товхимол 20 гаруйг монгол, герман хэлээр бичиж хэвлүүлэн, нийтийн хүртээл болгосон байна.
Герман хэлнээс орчуулж хэвлүүлсэн ном, зохиолоосоо танилцуулбал Ирма Хардерын “Аавтайгаа уулзах хориотой”, Ханс Петер Рихтерийн “Тэр үед Фрийдрих байлаа”, “Ах, дүү Гриммийн үлгэрүүд”, Х.Хаслундын “Заяа тавилан монгол хүмүүн ба бурхад”, Альберт Штеффений “Миний төөрөлдсөн хувь тавилан болон Монгол Улс”, А.Ф.Ларсоны “Монгол гүн Ларсон”, Ханс Кристиан Андерсоны “Андерсоны үлгэрүүд” гээд нэрлэж болно. Бичсэн номоо тоолбол мөн 20 гаруй болно. Герман хэлний дүрмийн таблиц, герман-монгол ярианы дэвтрээс авхуулаад монгол, герман хэлээр бичсэн “Төл мал ярьж байна”, “Ертөнцийн гурав” болон хөтөч, тайлбарлагчдад зориулсан олон бүтээл бий. “Тал нутгийн адал явдал”, “Миний аялах дуртай орон Монгол Улс” зэрэгт хүмүүс дуртай байх шиг санагддаг.
-Бүтээсэн түүхээс товч дурдвал сонирхолтой байх. Өөрөө аялж, тэмдэглэж хийсэн болохоор аяллын тухай номнууд тань бүтээлч сэдэл өгдөг болов уу.
-Манайд ирдэг жуулчдын олонх нь Монгол орны тухай зурагтын нэвтрүүлэг үзчихсэн, Монголоор аялах талаарх ном болоод зохиолч Ч.Галсангийн ихэнх бүтээлийг уншсан, монгол хэлний дамжаанд сууж, морь унах бэлтгэл, сургуулилалт хийсэн байдаг. Тэд хөтөч-тайлбарлагч бол өөрийн орны тухай, аяллын замд тохиолдох бүх зүйлийг сайн мэддэг, хүн ардынхаа түүх, соёл, зан заншлыг гаргууд мэддэг хүн байгаа гэдэгт итгэж, тэр хэмжээний өгөөжийг горьдож, хүлээдэг.
Тэгэхээр хөтөч тэрхүү хүлээлтийг хангахуйц мэдлэгтэй байх хэрэгтэй болно. Тийм учраас өөрийн орны тухай, түүх соёлын талаар бяцхан лавлахтай болох хэрэгтэй байдаг. Үүнийгээ аялалд гарахын өмнө дэвтэртээ тэмдэглэж авна. Замдаа хүнээс асууж, нутгийн хүмүүсээр яриулж баяжуулна. Энэ тухай “Хөтөч-тайлбарлагчийн лавлах”-д дэлгэрэнгүй бичсэн. Гэтэл бие даан аялагч нарт зориулсан гарын авлага ном бичээч гэсэн хүсэлт ирэх болсон. Монгол орноор аялахад зориулсан гарын авлага алга байна хэмээн танилууд минь хэлж, санаа өгч байлаа. Тэгэхэд нь “За” ч гэсэнгүй, “Үгүй” ч гэсэнгүй аажуухан бэлтгэж эхэлсэн юм.
Намайг бичих гэсээр байтал нэлээд хэдэн хүн янз бүрийн өнцгөөс бичээд эхэлсэн л дээ. М.Буянбадрах багш том хэмжээний лавлах эмхлэн гаргалаа. Х.Түмэндэлгэр “Өмнөговь аймгийн хөтөч” гээд сайхан ном хэвлүүлчихлээ. Говь нутгийн тухай аялагч бүрийн мэдүүштэй олон сайхан зүйл орсон байна лээ. Говийн хүн тэмээн аяллын хөтчийн анхдагч тэрбээр бичихгүй бол өөр хэн бичих вэ. Аялал жуулчлалын мэргэжлээр төгсөж, монгол нутгаараа 30 мянга гаруй км аялсан Баделгажы овогтой Ербахыт “Улаанхус сумын 50 бахархал”, мөн Б.Балжинням Монгол орны үзэсгэлэнт газруудыг аймаг тус бүрээр нь ангилсан ном хэвлүүлсэн.
Цаашдаа ч олон хүн янз бүрийн ном бичих нь дамжиггүй. Ингэхлээр би өөрөө удирдаж эх орныхоо өнцөг булан бүрт хийсэн аяллын замаас 22-ыг сонгон авч тайлбарлаад, тэдгээр аяллын замд тохиолдох хот суурин, үзэсгэлэнт газар, түүх соёлын дурсгалыг цагаан толгойн үсгийн дараалалд оруулан танилцууллаа. Мөн оршилд нь монгол зан заншил, Монгол орны онцлог зүйлс, 21 аймгийнхаа тухай танилцуулсан.
Тухайн газрын байршлыг газар зүйн солбицлоор нь зааж өгсөн. Аялагчид олж очиход амар байг. Миний бичсэн номыг хүмүүс худалдаж аваад, уншсан лекц, удирдан явуулсан семинарыг сонсоод байхыг бодоход өөрийн биеэр үзэж туулсан, хуримтлуулсан туршлага хүмүүст илүү хүрдэг юм болов уу гэж боддог. Бас аялж байхад зарим хөтөч-тайлбарлагч таниад, ирж уулзан, зөвлөгөө авдаг. Энд тэнд явж байхад хүмүүс уулзаад “Багш аа” гэж мэндлэх нь дээд зэргийн хүндлэл юм даа. Бас жуулчидтай ажиллахын жаргал, зовлонг мэдэх хүний хувьд “Хөтөч-тайлбарлагч нар хэрхэн ажиллах вэ” хэмээх өврийн дэвтэр бичсэн.
-Хэзээ, ямар санаа, сэдлээр орчуулсан аль бүтээлээр тань хүмүүс таныг илүү мэддэг бол. Та ер нь уншигчидтайгаа холбоотой байдаг уу, эсвэл тийм шаардлагагүй юү?
-Би Монгол оронд монгол хүн болж төрснөөрөө, аялал жуулчлалын салбарт ажиллах цэрэг болсноороо бахархдаг. Аяллаар явах болгондоо уудам сайхан эх орон, үзэсгэлэнт сайхан байгалиараа, тэнүүн тал, говь, хангайд дураараа бэлчих мал сүргээрээ, уужуу тайван, ухаалаг ард түмнээрээ, орчиндоо зохицон, юмыг өөрөө бүтээх оролдлого бүхий ард түмнээрээ бахархдаг. Монгол орноор өнгөрсөн зуунд аялсан олон хүн үзэж харсан зүйл, уулзаж учирсан хүмүүсийн тухай ямар ч нам, үзэл суртал, улс төрийн нөлөөгүйгээр бичиж үлдээсэн аян замын тэмдэглэлийг уншаад, “За гэвэл ёогүй”, ямар ч бэрхшээл зовлон тохиолдсон амласнаа биелүүлдэг ясны сайхан чанартай гүндүүгүй өвөг дээдсээрээ бахархан баярладаг. Урамшиж, омогшиж, бас энэ сайхан зан чанараа хүмүүс битгий гээгээсэй хэмээн өөрийн мөхөс чадлыг умартан зарим нэгээс нь орчуулахчаан аядаж, уншигчдын хүртээл болгосон доо. Дундговь аймгаас нэг хүн ирээд “Би хонь мал хариулж, хоргол чулуу өшиглөж явдаг хөдөөгийн өвгөн байна. Та өөрийн орчуулсан “Монгол гүн Ларсон” гэдэг номноосоо надад нэгийг өг” гээд, би өөрт байсан сүүлчийн хувийг өгсөн.
-Аяллын хөтөч гэдэг нь мэргэжил үү. Эсвэл дур сонирхол уу. Хөтөч хүнд баримтлах зарчим, ёс зүй, жудаг байдаг гэж та хэлсэн.
-Хөтөч бол яах аргагүй мэргэжил. Мэргэшсэн байх шаардлагатай, аливаа ажлыг дур сонирхолгүй бол хийж гүйцэтгэхэд бэрх. Жудаг гэдэг нь хүн чанар гэж боддог. Ёс зүйг баримталдаг хүнийг жудагтай гэх байх. Хөтөч-тайлбарлагч хүн зайлшгүй баримтлах хэдэн зарчимтай байх ёстой. Аяллын замд тохиолдох зүйлээ товч тодорхой, үнэн зөв, баримттай тайлбарлаж чаддаг, өөрийн орны түүх, соёл, зан заншлын талаар зохих мэдлэгтэй байх ёстой. Бас хүний эвийг олж харилцдаг, шаардлагатай үед хурдан сэтгэж, зөв шийдвэр гаргадаг байх хэрэгтэй. Хүний хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ гэсэн зарчмаар ажиллаж, ирсэн зочноо сэтгэл ханамжтай, дахиад ирэхдээ олуулаа байна гэсэн зорилготой буцаах хэрэгтэй.
Аяллын явцад “Монгол орны зөвхөн өчүүхэн хэсгийг үзлээ, өөр олон сайхан газар байдаг байх нь, тэр болгоныг жич үзэх юм шүү” гэсэн сэтгэл өвөрлүүлж буцаах хэрэгтэй. Худал хэлж, хоосон амлаж болохгүй. Яах гээд байгаа нь мэдэгдэхгүй хүлээлгэж болохгүй. Ирсэн хүнд хэл мэдэхгүйн, ойлгохгүйн зовлон гэж бий. Өөрөө хүнтэй ярихдаа биш, хамгийн гол нь жуулчиндаа тайлбарлаж өгөх нь чухал. Хөтөч-тайлбарлагч бол улс орны нүүр царай, аялал жуулчлалын компанийн нэрийн хуудас болдог. Аялагчийн дотнын найз, зөвлөгч, түшиг тулгуур, найдвартай ажиллагааны баталгаа юм. Бас өөр өөр соёлтой хоёр ард түмний соёлын ялгааг ойлгуулах гүүр. Иймээс эх орны болоод ирсэн зочны соёлын өвөрмөц талыг зөв ойлгуулах хэрэгтэй.
-Таны бодлоор жуулчинтай ажиллахад хамгийн сайхан нь болоод хэцүү нь юу вэ?
-Хамгийн гоё нь эх орныхоо хамаг сайхан бүхнийг, хүн ардынхаа байгаадаа сэтгэл хангалуун өег сэтгэл, нүүдэлчин түмний зочломтгой байдлыг жуулчдад танилцуулж, ард түмний ойлголцолд хувь нэмрээ оруулах. Төрөл бүрийн мэргэжлийн хүмүүсээс юм сурч, олон газар явж үзсэн хүмүүсээс үг сонсож, тэднийг тэмээ гэхэд ямаа гэхгүйн тулд мэдлэгийн хүрээгээ байнга тэлэх шахалтад байх сайхан. Бас гадаад хэлний мэдлэгээ үргэлж нэмж, шинэ үг, хэллэг сурч байдгаараа сайхан. Эх орон, хүн ардынхаа буянаар баярлаж, жуулчнаас талархлын үг сонсож, эерэг энерги хуримтлуулдаг нь сайхан. Олон янзын санаа бодолтой хүмүүсийн ая эвийг олж ажиллах, аюулгүй байдлыг нь хангаж, хариуцлага үүрдэг нь хэцүү.
-Одоо ямар ном орчуулж байна вэ. Юу нь сонин болоод барьж авав?
-“Цагаан сарнай” хэмээх адал явдлаар дүүрэн ном орчуулж байна. Америкийн газрын тосны толгой баян нэгэн эр Мексикийн индиан нарын үе уламжлан нутаглаж ирсэн, сувд мэт сайхан нутгийг өмчлөх гэж элдэв арга чарга хэрэглэж байна. Индиан нарын цэцэг алагласан, адуу мал үүрссэн, хүн ард нь энгийн ч гэсэн дутагдаж гачигдах зүйлгүй, амар жимэр аж төрж байсан уугуул нутгийг өрмийн машины дуу нүргэлсэн, тоос шороо манарсан, тосон шалбааг бүрхсэн олон зам сүлжилдсэн газар шороо болгон хувиргаж, хүн ардынх нь арай дөмөгхөн нь газрын тосонд хутгалдан боол мэт зүтгэж, бяр тэнхээгүй зарим нь хот суурингаар хэрэн хэсүүчилсэн, хэрэг төвөгт орооцолдсон хэсэг болон хувирна.
Мөнгө байхад бүхнийг гартаа оруулна гэсэн толгой баячууд, эх орон газар шорооноос үнэтэй юм энэ хорвоод үгүй, ямар ч их мөнгө нэгэн цагт барагдана, газар шороо, түүн дээр ургах ургамал, бэлчээрлэх мал хүн ардыг үеийн үед тэжээнэ хэмээн эх орноо хамгаалах индиан нарын зөрчил энэ номонд гардаг. Газар нутгийг ямар ч их мөнгө орлохгүй. Газар шороо бол нэг л үеийнхэн үрэн таран хийж, цэнгэх зүйл биш, харин ариг гамтай эзэмшиж байгаад үр хойчдоо өвлүүлэх эрхэм зүйл. Үеэс үед ингэж л ирсэн хэмээн бат зогсох индиан эр машины осолд орсон байдалтай хорвоогоос хагацаж, газраа худалдсан тухай, баталгаажсан гэрээний үндсэн дээр индиан нарыг эх газраас хүчээр нүүлгэж байгаагаар энэ номын үйл явдал төгсөнө. Хөрөнгөтний нийгэм гэдэг хээл хахуульд тулгуурлаж, мөнгө хөрөнгөний төлөө хэрхэн тэмцэж байгааг энэ ном харуулна.
-Одоогийн бидний цаг үетэй төстэй мэт болохоор та барьж авав уу?
-Ном болоод гарахад уншсан хүмүүс юу гэх нь сонирхолтой санагдаж байна.
-Таны нас 70 гарчээ. Энэ насыг өндөр гэхгүй гэж хаанаас ч билээ уншсан юм. Та юу гэж хэлэх вэ. Миний бодлоор таны сэтгэн бодох, бичих, туурвих чадвар хэвээрээ байх шиг санагдана.
-Хөгшин гэдэг нь тэтгэвэр авах насанд хүрсэн хүнийг биш, харин шинээр юм бодож сэтгэхгүй, чаддаг бүхнээ хийхээ больсон, мэддэг бүхнээ хэлэхээ байсан хүнийг хэлэх байх. Сэтгэн бодох, хийж бүтээх хүсэл нь буураагүй, хуримтлуулсан туршлага, цуглуулсан мэдлэгээ ашиглан хөдөлмөрлөж, зүтгэж байгаа хүн бол залуугаараа, амьдралын эрч хүчтэйгээ байна гэсэн үг. Амьдралд хуримтлуулсан туршлагаа олны хүртээл болгох оргилуун хүсэл нас ахих тусам толгойд хуралдах юм.
-Таны насныхны дунд цаг үеэ гоочилсон, хуучнаа санагалзаж, гансарсан хүн байдаг. Тийм хүмүүс зарим талаар орчин тойрныхондоо халтай ч юм шиг. Хүмүүс тэгж хөгшрөхгүйн тулд яах вэ, та зөвлөөч.
-Өөрөө чадахгүй хүн өөнтөгч гэж нэг үг байдаг шиг. “Хүмүүс ээ, бие биедээ урам хайрла” гэж яруу найрагч Т.Очирхүү хэлсэн байдаг. Урмын үг сонсоход өдрийн ажлын эрч хүчээ авах шиг болдог. Бурмаар тэтгэх бэл бэнчин танд дутагдаж болох ч, урмаар тэтгэх үгийн баялаг нь байгаа. Гудамжаар явж байгаа хүн рүү мишээж хар, хамт ажиллаж байгаа хүмүүстээ урмын үг хэл, хань нөхрөө урмаар мялаа. Та түүгээрээ бусдад эерэг энерги, эрч хүч хайрлаж байгаа юм шүү.