
Өндөр настан Д.Рэнчингийн хүүхдүүд аавыгаа өвчнөөс нь салгах гэж ямар эмнэлэг, хаанахын хэн гэдэг лам, бөө, үзмэрчид очсон тухайгаа ярихаас цааргалаагүй юм. Өвөө 2014 оны намар гэнэт өвдөж, амьсгаа авах тоолонд нь хавирга, сүвэргэ тушаа газарт нь хатгаад нойргүй хонож эхэлсэн бөгөөд эмч нар могой яр хэмээх өвчин гэж оношилжээ. Оношийг мэргэжлийн хэллэгээр тавьсан. Хуучны, анагаахын зарим судар, номд ийм нэрээр тархжээ.
Д.Рэнчин гуай Арьсны өвчин судлалын төвд хэвтэж, ор хоног гүйцээгээд гарсан ч илаарьшаагүй аж. Вирусийн эсрэг эм ууж, олон тариа тариулсан ч өвчин янзаараа, өвгөн шаналсаар байжээ. Өвдөж эхэлснээс хойш сар гаруй хугацааг нойргүй шахам өнгөрүүлснээс тэр байх, бие нь муудаж, зарим үед хүчтэй өвдөлтөөс болж ухаан алдаж унаад байна уу гэхээр болсон байна. Орон дээрээ байж сууж ядаж байснаа гэнэт хажуу тийш унаад, хурхирч гарна. Хүүхдүүд нь “Ингэж гэнэт унтах гэж байх уу, ухаан алдаад байгаа юм уу даа” гэж ярилцдаг байсан тухайгаа хэлж байна. Аавынх нь харц тогтохгүй, “эвгүй” нэртэй эмнэлгийн өвчтөнүүдтэй адилхан ч юм шиг төрхтэй болоод ирэхээр аргагүй үздэг, хардаг гэх хүмүүст хандсан юм билээ. Тэр болтол буюу 40 гаруй хоног шинжлэх ухааны эмнэлгээс огтхон ч холдоогүй бөгөөд мэдрэлийн аль сайн гэсэн эмч болгонд хандаж тусламж эрсэн ч нэмэр болоогүй, гагцхүү мөнгийг сая саяар нь зарцуулсан гэнэ.
...Амьдралд зовлон, жаргал ээлжилсээр, эмч, дарга, мөнгө ч дийлэхгүй давагдашгүй хүчин зүйл тулгамдсан хэвээр байх болно. Яагаад гэхээр, хүн төрөлхтөн ертөнцийг гүйцэд танин мэдээгүй. Эдгэршгүй өвчин байсаар, гэнэтийн явдал тохиолдсоор л байна. Ийм нөхцөл байдалд үзмэрч, далдыг харагч, зөн билэгтэн гэж өөрсдийгөө өргөмжлөгсөд болон уламжлалт соёлоор хүлээн зөвшөөрөгсдөн лам, бөөд хүссэн, хүсээгүй, үр дүн гарах, эсэхээс үл хамааран хандах нь хэвээр байх болно. Гагцхүү хэвлэл, мэдээллийн, ялангуяа хамгийн хүчирхэг телевиз хэмээх хэрэгслийн жолоог атгаж суудаг дарга нар тийм хүмүүсийн зарыг төлбөртэй ч, үгүй ч бүү цацаж байгаач...
Хүүхдүүд нь аавыгаа аваад хамгийн түрүүнд бурханч лам Пүрэвбатад очжээ. Аглаг бүтээлийн хийдийг нь зорин довтолгож байхад өнөөх нь өвдсөөр, ярвайсаар байж. Ламтан үзэж, хараад “Удчихсан юм байна даа. Тэр даруйдаа ирсэн бол болох байж” гээд галд улайсгасан төмрөөр яр гарсан хэсгийг “айлган”, шившлэгтэй сархад хэдэн хундгыг хүртээгээд явуулахад нь буцах замдаа өвөө яг л эдгэчихлээ гэж боджээ. “Өвдөхгүй байна, өргөс авсан мэт зүгээр болчихлоо. Эрт ирдэг байж” гээд л, хөдөө гэртээ хариад юу хийхээ ярьж, төмс ахиухан тарих тухайгаа ч хэлж явжээ. Хүүхдүүд нь баярлаж, хүн бүрийн дотор хорвоо хоёр нартай мэт гийж байсан гэнэ. Гэтэл өвөө тэр шөнөөс эхэлж өвдөөд, түүнээс хойш дөрвөн жил хагас могой яр өвчинд шаналсаар саяхан бурхны оронд явжээ.
Хөгшин нь “Насны доройтол хавсарсан байх. Зөвхөн тэр өвчнөөс болсон гэж үзэж болохгүй болов уу” гэх. Харин хүүхдүүд нь “Хорвоогийн жамаар нөгөө ертөнцийн үүд татахдаа олон жил зовоосон өвчнөөс ангижраад зорьсон бол хэн хэндээ сэтгэлийн зовиур багатай байх байлаа” гэх. Аль үнэтэй эм, тариа хэрэглэж, хэн сайн гэсэн эмчид зай завсаргүй хандаж үйлчлүүлснээс тэр байх, юутай ч өвөө нойртой хонодог болсон юм билээ. Гэхдээ хавирга тушаах зовиур нь зүгээр болоогүй. Өвгөн, хөгшин хоёр “Ийм зурагтай юм байлгүй, нойртой хонодог болсон нь хангалттай, хэвтэхэд бас өвдөх нь гайгүй болсон юм чинь ингээд ёолоод байж байя. Дахиж элдэв хүнд үзүүлж, харуулахгүй, эмчээс авхуулаад долоодог хүнд хүртэл үзүүлж явлаа, жагсаалтын нэр 43 хүрээд байна” гээд инээлдэж байжээ.
Өвөөгийн хандсан 43 хүн гэдэгт дотор болон мэдрэл, арьсны эмгэг судлалын эмч нар, үзмэрч, илээч, бариач, лам, бөө, үс түүдэг, хатгадаг, нулимдаг, долоодог гээд “эрдэмтэй”, “шидтэй” нь багтана. Салхитын улайсгасан балиус долоож домногч, Архангайн хатгадаг, Багануур, Эрдэнэ сумын үс түүдэг, Жаргалантын долоодог эмгэн гээд явж өгнө.
Хэнтий аймгийн Дадал сум дахь соронзон чулуунд ч очжээ. Өвөөгийн ярьснаар, тэр чулуу яах аргагүй үйлчилгээтэй аж. Залуу байхын зүрхний эмчийн хяналтад байдаг байсан хүн дур мэдэн байгалийн шидтэй орчны үйлчлэлд орсноос болсон уу, зүрх нь өвдөөд яаралтай эмнэлэгт хэвтжээ. Логик сайтай өвөө “Зүрх муутай хүнд байгалийн соронз сүрхий нөлөөлж байна лээ. Тэгэхээр зүрх сайтай, өөр өвчтэй хүмүүс очоод хамаг муугаа татуулж болох юм биш үү” гэж олж мэдсэнээ хуваалцаж суудаг болсон гэнэ.
Могой яр хэмээх өвчнөөр өвдсөн хүнийг лам, бөө, элдэв “эрдэм, чадалтай” хүмүүс лав эдгээгээгүй. Энд дурдаад байгаа хүмүүст элдэв зовлонд шаналсан маш олон хүн ханддаг. Заримынх нь гадаа хүмүүс дугаарлан машин унаандаа хонож байдаг тухай харсан хүмүүс ярьдаг.
Ноднин Казахстанаас ирсэн үзмэрч эмэгтэй баахан бужигнуулав даа. Цагаан алчууртай, том нүдтэй эмэгтэй инээмсэглэн, хүмүүстэй ярилцаж байгаа дүрстэй зар буюу реклам зурагтуудаар яваад л.
Зовлонд унасан нэгэн эмэгтэйд хань болж тэр үзмэрч рүү хамт очих хэрэг гарсан юм. Казах эмэгтэй нийслэлийн Чингэлтэй дүүрэг, Баянбүрдийн буудлын ойролцоо байр түрээсэлсэн байлаа. Үүдэнд нь хүмүүс олон, туслах нь цагийн хуваариар оруулж, гаргаж байв. Үзмэрч өрөөндөө дуулах нь сонсогдоно. Бөөгөөр бол онгодоо дуудахдаа ардын дуу дуулдаг юм гэсэн. Цаг гаруй хүлээж байгаад ороход өнөөх эмэгтэй эелдгээр угтав. Цуг очсон эгч өчигдөр ирснээ хэлэхэд санахгүй байлаа. Бүртгэл алга. “Би танд юу гэж хэлээд явуулсан бэ” хэмээн орчуулагчаар дамжуулж асуув. “Маргааш дахиж ирээрэй” гэсэн гэхэд “Та ямар асуудалтай яваа билээ” гэв. Нөхөр нь олдохгүй байгаа тухай хэлээд түүнийг уйлахад “Та ямар сонин хүн бэ. Танай нөхөр алга болоогүй шүү дээ. Утсаар яриагүй юу. Хөдөө найз нөхөдтэйгөө дарвиад явж байгаа л юм байна” гэж хэлэхэд нь өнөөх эмэгтэй бүр уйлав. “Ийм олон хоногоор явдаг хүн биш. Алга болоод 14 хонож байна” гэхэд нь “Санаа зоволтгүй ээ, маргааш гэхэд л нөхөр чинь утсаар ярина. Та тайвшир” гэлээ. Эгч нус, нулимсаа арчсаар мөнгө өгөөд гарсан.
Үйлчилж байгаа юм бол ядаж бүртгэж авдаггүй хаашаа юм, юу гэж хэлснээ ч мэдэхгүй, өөрөөр нь яриулаад, тоглоом хийж байх шив хэмээн бодоод, хэл амаа билүүдэн, “сэлэм эргүүлээд” дайрмаар байсан ч хамт очсон хүнийхээ сэтгэлийг бодоод тэвчээд гарсан. Түүнээс хойш лав сарын дараа өнөөх казах эмэгтэй мөнгө цуглуулсан хэвээр байсан, харин эгчийн хань одоо болтол олдоогүй. Газрын гаваар орсон мэт алга болсон нөхрөө хайсан эмэгтэй дээрх өвөөгөөс дутахгүй олон бөө, ламд очсон доо.
Одоо ч телевизүүдээр бас нэгэн зөн билэгч далдыг харж, эмчилж, илрүүлж өгч байна гэсэн зар явж л байна. Хүмүүс очсоор, цаг заваа алдан дугаарласаар, зовлонгоо тоочсоор. Гарц хайгаад олохгүй мухардсан хүмүүс горьдлого тээн асуусаар. Энэ үзэгдэлд хараа хяналт гэж алга. Асууж, шалгадаг субьект ч гэж байдаггүй бололтой. Үзмэрч гэх хүмүүс өөрсдөдөө эрх олгох бөгөөд ханддаг нь түрүүн хэлсэнчлэн элдэв зовлонд унагсад.
Далдыг хардаг, зөн билэгтэй, мэргэч, төлөгч гэх хүмүүс аль ч улс, үндэстэнд байдаг. Хүмүүс ч хандаж, асуух нь барагдахгүй. Эртнээс улбаатай, цаашид хэрхэх нь тодорхойгүй үзэгдэл. Шинжлэх ухаан хүчин мөхөстсөн талбарт тоглолт илүү ажиглагддаг. Энэ нь хүн төрөлхтөн хорвоо ертөнцийн нууцыг бүрэн тайлж чадаагүйтэй холбоотой байх. Хүн зон мухар сүсэгт автсан хэвээр байгаа нь нөлөөлдөг байх. Боловсролыг илүүд үздэггүйгээс ч хамаардаг болов уу.
Амьдралд зовлон, жаргал ээлжилсээр, эмч, дарга, мөнгө ч дийлэхгүй давагдашгүй хүчин зүйл тулгамдсан хэвээр байх болно. Яагаад гэхээр, хүн төрөлхтөн ертөнцийг гүйцэд танин мэдээгүй. Эдгэршгүй өвчин байсаар, гэнэтийн явдал тохиолдсоор л байна. Ийм нөхцөл байдалд үзмэрч, далдыг харагч, зөн билэгтэн гэж өөрсдийгөө өргөмжлөгсөд болон уламжлалт соёлоор хүлээн зөвшөөрөгсдөн лам, бөөд хүссэн, хүсээгүй, үр дүн гарах, эсэхээс үл хамааран хандах нь хэвээр байх болно.
Гагцхүү хэвлэл, мэдээллийн, ялангуяа хамгийн хүчирхэг телевиз хэмээх хэрэгслийн жолоог атгаж суудаг дарга нар тийм хүмүүсийн зарыг төлбөртэй ч, үгүй ч бүү цацаж байгаач. Тийм мэдээлэл нийтэлж, цацах нь олон нийтийн санаа бодлыг үймүүлж, зовлонд учирсан хүмүүст зовлон нэмэхтэй адил. Өөрөө өөрсдийгөө мэдэхгүй тийм хүмүүсийн бизнесийг өөгшүүлж, олон нийтийг төөрөгдүүлж, чирэгдүүлэхээ болиоч. Хэрэгтэй гэж үзсэн нь телевизийн зартай, заргүй олоод очно. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл зүдэрсэн ард түмний оюуны түвшинд ажиллах бус, эсрэгээрээ соёлтой, ёс зүйтэй, орчин үеийн байх аваас нийгмийн гэгээрэлд тустай сан.
Бэлтгэсэн: Ж.Гэрэл