Саудын Арабын дотоод хэргийн яам тус улсад ямар нэгэн жагсаал цуглаан хийх, нийтийн газар олноор цугларахыг хориглосон тогтоол гаргажээ. Энэ тухай тус улсын Засгийн газар төв телевизээр албан ёсны мэдэгдэл хийж, энэ тогтоолыг зөрчсөн этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэхээр боллоо. “Шариатын хуульд харшлах аливаа жагсаал, суулт, ажил хаялтыг бүрмөсөн хориглож, олон нийтийн хэв журам зөрчсөн тохиолдолд хатуу шийтгэнэ” хэмээн уг тогтоолд өгүүлсэн байна.
Тус улсын өмнөд хэсэгт лалын шашны шиит урсгалыг шүтэгчид жагсаал зохион байгуулсантай холбогдуулан эл тогтоолыг гаргасан тухай эрх баригчид мэдэгдсэн аж. Саудын Арабын Засаг захиргаа Ойрхи Дорнод, Хойд Африкийг хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөнийг өөрийн улсад гаргахгүй байхын тулд ийм арга хэмжээ авч байна хэмээн ажиглагчид онцолж байгаа юм.