Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн болон ОХУ-ын монгол, төвд, буддын судлалын хүрээлэнгийн профессор А.Очир, С.В.Данилов, эрдэмтэн Л.Эрдэнэ болд, А.Бураев нарын удирдсан археологичдын баг Төв аймгийн Заамар сумын нутаг, Шороон бумбагар хэмээх газарт байх нэгэн өвөрмөц дурсгалыг 2009 оны зургадугаар сард илрүүлэн малтлага явуулжээ.
VI-VIII зуу ны үед Төв Ази, тэр дундаа Монголын нутаг дэвсгэр дээр оршин тогтнож байсан Түрэгийн үеийн эл дурсгалыг судлаачид Уйгар угсааны Пугу аймгийн эзний бунхан болохыг тогтоосон юм. Тухайн үед газрын хөрснөөс доош зургаан метрийн гүнд байсан эл бунхны доторх эд зүйлс нэлээд хуучирсан байжээ. Пугу аймгийн эзний бун ханд модоор сийлж, даавуу, торгон хувцастай хүүхэлдэйнүүд, гартаа таяг мэт мод барьсан, өндөр хамартай, шовгор орой бүхий малгайтай эрэгтэй хүн болон загас, адуу, үхэр, тэмээ, хонь, гахай, хүн цээжтэй, шувуу бөгстэй амьтан, шувууны дүрс байжээ. Түүнчлэн хятад бичээстэй хүрэл зоос, шавраар хийсэн хүн, үхэр, арслан, луу зэрэг нь судлаачдын анхаарлыг ихээхэн татаж буй юм билээ.
Бунхныг илрүүлэх үед түүхэн дурсгалыг тонуулчид ухаж, олдворуудыг эвдэж, сүйтгэсэн байсан тул анхны хэлбэр төрхөө хадгалж үлдсэн нь цөөн байжээ. Түүнчлэн газрын чийгний нөлөөлөлд даавуун эд зүйлс нь өмхөрч өгөршин, түүхий шавраар бүтээсэн нь задарч бутарсан байна. Тиймээс судлаачид нэн даруй бэхжүүлж хамгаалах шаардлагатай олд воруудыг цэвэрлэж, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн ажилт нууд төсөл боловсруулан АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын Соёлын өвийг хамгаалах санд хандаж, ажил хэрэг болгоод эдгээр үзмэрийг үзэгчдэд хүргэх боломжтой болсон нь энэ.
Дүрслэх урлагийн музейд Түрэгийн үеийн шинэ олдворуудыг байрлуулж байнгын үзмэрийнхээ хэсэгт багтаажээ. Тиймээс VI-VIII зууны түүхэн он жилүүдийн хэлтэрхийг сонирхохыг хүссэн хэн бүхэнд боломж нээлттэй байгааг дуулгая.
Ж.СЭЛЭНГЭ