Өөрийнхөө хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүний хугацааг шалгаж байх нь тун чухал. Гоо сайхны бүтээгдэхүүнүүд хадгалах хугацаатай байдаг ба хугацаа хэтэрсэн үедээ хор болж, арьсыг бохирдуулан, үрэвслийн шалтгаан болно.
Ихэнх гоо сайхны бүтээгдэхүүний найрлаганд химийн бодис ордог бөгөөд тэдгээрийг хэсэг хугацаагаар бактерийг саармагжуулах зориулалтаар ашигладаг юм байна.
Тийм учраас мэргэжилтэнүүд гоо сайхны бүтээгдэхүүнийг гурваас дээш жил хэрэглэхгүй байхыг зөвлөдөг. Тиймээс энэ удаа эмэгтэйчүүдийн өргөн хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүний хадгалах хугацааны талаар дараах зөвлөгөөг толилуулж байна.
Сормуусны будаг
Хамгийн хурдан мууддаг гоо сайхны бүтээгдэхүүн. Сормуусны будагны хадгалах хугацаа ихэнхдээ 3-6 сар байдаг. Энэ нь хангалттай урт хугацаа мэт санагдаж болох ч сормуусны будаг нойтон байдаг тул хэрэглэх бүрт дотогшоо агаар орж, амархан хатдаг.
Ийм орчинд бактери үүсч, үржих нь хурдан учир нүдний өвчнөөс сэргийлж, халдвар авахгүйн тулд улирал тутам сольж байх хэрэгтэй. Сормуусны хатсан будган дээр ус нэмж, шүлсээрээ норгож болохгүй. Шууд шинийг худалдаж авах хэрэгтэй.
Шингэн крем
Шингэн крем хоёр жил чанараа алдахгүй ч жил хэрэглэж болно. Зарим шингэн крем найрлагандаа тос, ус агуулсан байдаг учраас бактери үржих таатай нөхцлийг бүрдүүлдэг. Нүүрний арьсанд бактери дамжих магадлалыг багасгахын тулд нүүрэндээ крем тавихдаа цацдаг савтай крем сонгох, аль эсвэл фралон ашиглах нь зүйтэй. Долоо хоног тутамд пролоноо угаахаа /аль эсвэл солихоо / мартав аа. Мөн суурь тавьдаг багсаа цэвэрлэж байх шаардлагатай. Гоо сайхны хэрэгсэлээ нүүр гарын саван, бүлээн усаар угааж, арчилгүй хатааж байгаарай.
Энгэсэг
Энэ нь бусад гоо сайхны бүтээгдэхүүнийг бодвол хадгалах хугацаа нь арай илүү, хоёроос гурван жил байдаг. Эдгээрт шингэн крем, зовхины тени, шахмал пудра, хацар өнгөлөгч багтдаг. Хэрвээ эдгээр хуурай бүтээгдэхүүнийг хэрэглэх явцад бөөгнөрч, хуйлрах шинж тэмдэг илэрвэл шууд хая.
Уруулын будаг, өнгөлөгч
Эдгээрийг жил хагасаас хоёр жилийн хугацаанд хэрэглэж болно. Найрлагад нь байдаг чанар муудахаас хамгаалдаг бодис, будагч бодис, тос зэрэг нь хадгалах хугацааг нь уртасгаж өгдөг.
Дашрамд сануулахад, арьс үрэвсч эхлэх, эсвэл халдвар авах анхны шинж тэмдэг илрэх юм бол арьсны халдвар авсан тэр хэсэгт оо энгэсэг түрхэх хэрэггүй. Жишээлбэл, уруул дээр юм гарвал уруулын будаг, уруул хүрээлэгч харандаагаа түр зуур хэрэглэхгүй байж, халдвар тархахаас сэргийлээрэй. Хамгийн чухал нь гоо сайхны бүтээгдэхүүнийг дамжуулж, сольж хэрэглэх нь эрсдэлтэй. Хэрвээ таны хэрэглэж байгаа гоо сайхны бүтээгдэхүүний өнгө, үнэр нь өөрчлөгдвөл хэрэглэхгүй байхыг зөвлөе.