Нисгэгч болох мөрөөдөлтэй, 17 настай филиппин хүү дэлхийн хамгийн намхан хүнээр тодорчээ. Замбоанга тосгонд амьдардаг түүнийг Гиннесийн номд хараахан бүртгээгүй учир нь 18 нас хүртлээ бага боловч өсөх магадлалтай хэмээж буйтай холбоотой аж. Ирэх долдугаар сар хүртэл одоо байгаагаасаа өндөр болохгүй бол маргаангүйгээр тус бүртгэлд оруулах юм байна.
Жунри эцэг эхээс дөрвүүл бөгөөд бусад нь эрүүл, хэвийн өсөлттэй аж. Түүний ясны хөгжил сааталд орсны улмаас удаан зогсож чаддаггүй гэнэ. “Хүү маань багаасаа л өвдөж, биднийг сандаргадаг байсан” гэж Daily Mail-д өгсөн ярилцлагадаа аав нь дурджээ.
Жунриг 12 настай байхад нь эмч нар аминдэм түлхүү өгөхийг зөвлөсөн ч ядуугийн харгайгаар тэгэх боломж олдоогүй аж. “Тэр ганцаараа юу ч хийж чаддаггүй учраас үргэлж гунигтай байдаг. Дэлхийн хамгийн жаахан хүнээр тодорсныг нь түүнд дуулгахад маш их баярлаж, бахархалтайгаар инээсэн” гэж ээж нь ярьжээ.
Үүний өмнө Колумбын Нико Ернандесийг дэлхийн хамгийн намхан хүн хэмээж байсан бөгөөд тэрбээр 67 см өндөр.
Э.ХАНА