Хаврын урь орсон өдрүүдэд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдөр гээд шил шилээ дарсан олон баяр болдог. Эдгээр өдрийн нэгэнд гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаагийн төрсөн өдөр тохиодог аж. Найруулагч Б.Баатарын тодорхойлсноор Монголын урлагийн хамгийн гал цогтой бүсгүй 1967 оны гуравдугаар сарын 15-нд төржээ. Баяр хүргэхээр түүн рүү утас цохилоо.
-Юуны өмнө танд төрсөн өдрийн баярын мэнд хүргэе.
-Өө баярлалаа. Ямар сайхан юм бэ. Харамсалтай нь би яг одоо их завгүй байна. Ах дүү, хамаатнуудаа гэртээ урьчихаад, баяраа тэмдэглэж байна. Уучлаарай, зөв ойлгоорой хэмээгээд тэрбээр утсаа таслав. Нэлээд хэдэн жилийн өмнө төрсөн өдрөөрөө урлагийнхныг цуглуулж томоохон арга хэмжээ зохион байгуулж байсан Т.Ариунаа энэ удаа гэр бүл, ойр дотнынхонтойгоо төрсөн өдрийн баяраа хуваалцаж байгаа аж. Гэрт нь цугласан зочдоос гадна цөөнгүй хүн түүнд баяр хүргэснийг уламжилъя.
Гавьяат жүжигчин Б.Сарантуяа:
-Ажилдаа түүртээд хэдийнэ гуравдугаар сарын 15 болсныг анзааралгүй явж. Танай сониноор дамжуулан Ариунаадаа эрүүл энх, гэр бүлд нь аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе. Цаашдаа олон жил үзэгчдэдээ гайхалтай тоглолтоор бэлэг барьж, үргэлж цоглог жавхаалаг, үзэсгэлэнтэй байгаарай гэж хэлье.
-Та баяр хүргэж амжсан уу?
-Амжаагүй л байна. Манай хүн зав багатай байгаа болохоор утсаа авч амжихгүй л байх шиг байна.
“Hero” энтертайнментын захирал, найруулагч Б.Баатар:
-Ариунаа эгчдээ төрсөн өдрийн баярын мэнд хүргэхийн зэрэгцээ энэ хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсье. Манай урлагийн хамгийн гал цогтой дайчин бүсгүй бол яах аргагүй Ариунаа эгч. Монголын сонсогчдыг дуу хуур, авьяас билгээрээ гэрэлтүүлж явдаг цөөн уран бүтээлчийн нэг. Цаашдаа ч монголчуудаа гэгээрлийн замд хөтлөөрэй.
О.УНДАРМАА