Монголчууд өөрсдөө телевизийн цуврал кино хийвэл солонгос савангийн дуурийг шимтэн үзэхгүй гэдгийг баталж чадсан 60 ангит “Тусгай салаа” киноны дараагийн хэсэг дэлгэцнээ гарахад бэлэн болжээ. Өнөөдөр “Өргөө” кино театрт нээлтээ хийх “Тусгай салаа-2” уран сайхны киноны зохиолыг А.Амарсайхан бичиж, ерөнхий найруулагчаар Ж.Батбаяр ажиллажээ.
Телевизийн цуврал кинонд нь Дэндэвийн дүрийг бүтээсэн Эрдэнэбаяр гол дүр болсон байна. Киноны хэсгээс товчхон сонирхуулахад, таван жилийн дараа ОХУ-ын Рязань хотын Команд десантын дээд сургууль төгссөн залуухан дэслэгч Сүлд 084 дүгээр ангид тусгай салааны захирагчаар ажилладаг. Тэрбээр Номинтойгоо ханилж, хөөрхөн охинтой болжээ.
Сүлдийн сайн найз Дэндэв 016 дугаар ангид танкийн салаан захирагчийн орлогч болчихож. Үзэгчдийг хэдэн сарын турш зурагтын өмнө уяж байсан “Тусгай салаа”-ныхан энэ удаа хаана, юу хийж байгааг кино театрт ирээд сонирхоорой. “Тусгай салаа 2” уран сайхны кино Пусаны кино наадамд өрсөлдөх болжээ.
Э.Хана