Төв аймгаас “Гэгээн Муза” наадамд оролцохоор “Монгол туургатан” театр бяцхан үзэгчдэд бэлэгтэй иржээ. Тэд сурагчдын амралтад зориулан энэ сарын 17-ноос дөрөвдүгээр сарын 10 хүртэл “Миний чин зоригт бяцхан найз” жүжиг тоглох юм байна. Ч.Нацагдоржийн зохиолыг урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Ганхуяг найруулан өнгөрөгч онд Төв аймгийн багачуудад сонирхуулсан нь бяцхан үзэгчдийн сэтгэлд ихэд нийцжээ.
Тиймээс тус театрын залуу уран бүтээлчид нийслэлийн Хүүхэд залуучуудын ордонд эл жүжгээ сонирхуулахаар шийджээ. Ойн амьтдын адал явдал, үнэнч нөхөрлөлийг өгүүлдэг жүжгийг цэцэрлэгийн ахлах ангийнхан болон бага ангийн сурагчдад зориулсан аж.
Дашрамд сонирхуулахад “Миний чин зоригт бяцхан найз” жүжгээ “Гэгээн Муза” наадамд сойсон нь эхний даваанд шалгарчээ.
У.ТЭНҮҮН