Цахим хэрэглэгчдэд хөгжмийн боловсрол олгож, олон чиг урсгалын бүтээлийг толилуулдгаараа нэр хүндтэй “YouTube” 2008 онд өөрийн симфони оркестртой болсон билээ. Дэлхийд нэр хүндтэй хөгжимчид Лондоны симфони оркестртой хамтран “YouTube”-ын сонгодог урлагт дуртай хэрэглэгчдийн сонорыг мялаадаг. Тэгвэл тус оркестр Сиднейн дуурийн театрт энэ сарын 20-нд буюу ирэх ням гаригт тоглох гэж байна.
Уг арга хэмжээнд 32 орны 101 хөгжимчин хамрагдана. Тэрхүү тоглолтын бичлэгийг тус сайтаар шууд цацах учраас ертөнцийн аль ч хэсэгт байсан үзэх боломжтой юм. “YouTube Symphony” хуудсаар аялсан хэн бүхэн тэр өдөр алдарт Майкл Тилсон Томасын удирдсан тоглолтыг үнэ төлбөргүй сонордох юм байна шүү. Түүнчлэн “YouTube”- ээс зарласан импровизаци уралдааны тэргүүн шагналт бразил, хятад, венесуэль, австрали хөгжимчдийн ур чадварыг мэдрэх боломжтой.
“Бид дэлхийн өнцөг булан бүрийн шилдэг гоцлоочдоос бүрдсэн гайхалтай оркестрыг та бүхэнд сонордуулна” хэмээн Майкл Тилсон Томас мэдээлжээ. Дашрамд өгүүлэхэд, энэ жил хэрэгжүүлж байгаа “YouTube Symphony Orchestra 2011” хөтөлбөрт Лондон болон Сиднейн симфони оркестр, Берлиний филармони хамрагдаж байгаа аж.
Ж.ЦЭЦЭГ