Монголын үндэсний номын сан эртний судар, үнсэн самбар, шоголыг цахим хэрэглэгчдийн хүртээл болгож байна. “Алтан товч”, дал модон дээр туурвисан “Жадамба”, есөн эрдэнээр шигтгэн урласан “Ганжуур” судрын зургийг өөрийн сайтдаа байрлуулж, утга агуулга болон хэн, хэзээ олсныг нь тайлбарласан байна.
Түүнчлэн Монголын эртний бичгийн хэрэгсэл болох үнсэн самбар, хулсан үзэг, шоголын үүх түүхийг дэлгэжээ. Үнсэн самбарыг харуулдан зассан тэгш модоор урлаж, гадаргууг нь тослон, аргалын үнсээр өнгөлдөг юм байна. Тэгвэл шоголыг модноос гадна эсгийг ширж хийдэг уламжлалтай аж.
Монголчууд XVII зуунаас шогол хэрэглэсэн бөгөөд судар бүрт тааруулан тусгайлан хийдэг байжээ. Nationallibrary.mn цахим хуудсанд зочлон энэхүү үзэсгэлэнг сонирхоорой.
Б.Эгшиг