Монгол Улсын Төрийн соёрхолт, яруу найрагч Р.Чойномын “Сүмтэй бударын чулуу” хос номын нээлт өнгөрсөн пүрэв гаригт “Интер ном” их дэлгүүрт болсон. 1990 онд хэвлэгдэж хамгийн хурдан борлуулалттай, эрэлттэй номоор шалгарч байсан энэ бүтээлийг найрагчийн мэндэлсний 75 жилийн ойд зориулан хос ном болгон дахин хэвлэсэн аж.
Номын нээлтэд “Сүмтэй бударын чулуу”-г анх хэвлэлтэд бэлтгэж байсан Төрийн шагналт, ардын уран зохиолч Ш.Сүрэнжав, хоёр дахь хэвлэлд бэлтгэсэн соёлын гавьяат зүтгэлтэн Л.Дашням нарын зохиолчид оролцов. Номын овор хэмжээг багасгахын тулд хоёр дэвтэр болгосон ба нэгдүгээр дэвтэр шүлэг, хоёрдугаар дэвтэр нь найраглалуудаас бүрджээ.
Түүнчлэн тун удахгүй хатуу хавтастай, сонсдог “Сүмтэй бударын чулуу” номыг худалдаанд гаргахаар бэлтгэж байгаа гэсэн.
С.СЭРГЭЛЭН