Гарсан даруйдаа бестселлер болж, өдгөө хүртэл барууныхныг байлдан дагуулж буй “Морьтой жаал” баримтат кино ирэх бямба гаригт Канадад гарах гэж байна. Буддын шашны бясалгалын “Потала” төвд гаргах киноны тасалбар зургаан долларын үнэтэй. Техасын нэгэн гэр бүл хүү Рованыхаа өвчнийг илааршуулахаар Монгол орноор аялсан тухай уг кинонд өгүүлдэг.
“Морьтой жаал” анх ном хэлбэрээр америкчуудтай танилцаж байсан бөгөөд 2009 оны дөрөвдүгээр сард худалдаанд гарсан уг ном тэр ондоо “Нью-Йорк таймс” сониноос шалгаруулдаг орлогоороо тэргүүлэгчдийг манлайлсан. Харин эл зохиолыг найруулагч Мишель Орион Скотт дэлгэцийн бүтээл болгож, 2009 оны есдүгээр сард үзэгчдийн хүртээл болгожээ.
“Морьтой жаал” баримтат кино амьдралын хүнд хэцүү үеийг хэрхэн даван туулж болохыг сонирхолтойгоор харуулснаараа үзэгчдийн сонирхлыг багагүй татдаг аж.
У.ТЭНҮҮН