Тэр үргэлж л ингэж хэлдэг байсан юм. Би түүний энэ үгнээс бүр залхдаг болсон билээ..
Би тэр үед 30-тай байлаа. Бололцоотой гэр бүлд өсч, мэргэжил боловсролтой болсон миний хувьд ажил олж хийхийн зовлон байсангүй. Сэтгэлд нийцсэн ирээдүйтэй ажил олдлоо. Харин сүйт хархүү олох нь л хэцүү ажлын нэг болоод байлаа.
Хүн бүр л миний царай зүс, бие галбирийг магтдаг байсан ч цагаа тулахаар сэтгэлд нийцэх хүн тааралдахгүй удсан даа. Уг нь би нэг залууд хайртай байсан л даа. Гэвч би өөрөө түүнийг гомдоочихсон юм. Дараа нь Парист сурч байхдаа нэг итали залуутай учирлаа.Ёстой салж хагацахын аргагүй хайр байсан даа. Харамсалтай нь, тэр гэнэтийн ослоор амь үрэгдсэн юм. Ингээд л гэр сургууль хоёрын хооронд он цагийг элээж хэдэн жилийг ардаа орхилоо. Ажилд ороод дорхноо л шат ахиж хэлтсийн дарга болов.
Нэг удаа томилолтоор өөр хотод очиж ажилласан юм. Ингэж явахдаа одооны нөхөртэйгээ танилцлаа. Анх удаагаа л эр хүнтэй учирч байгаа юм шиг түүнээс салж хагацаж чадахаа болилоо. Тэр ч надаас холдох хүсэлгүй болж, бас эхнэр хүүхдээ орхихоор шийдсэнээ хэллээ.
Түүний эхнэр нь надтай ирж уулзахдаа бидний амьдралд саад хийхгүй гэдгээ ч хэлсэн юм. Иймэрхүү байдалтай нэг гэрт орсон бид арван жил хамтдаа сайн мууг туулж ирлээ. Нэг сайхан хүүтэй болов. Тэр хааяа хуучин эхнэрийнхээ охинтой очиж уулздаг. Үүнийг нь би хэзээ ч хориглож байсангүй.
Тэр ч байтугай охинтойгоо уулзахаар очиход нь бэлэг авч өгдөг юм. Эхнэр, нөхөр хоёрт ам зөрөх асуудал гаралгүй яахав. Тэр болгонд би чиний төлөө бүгдийг хийж ирсэн. Эхнэрээсээ хүртэл салсан гэж байнга хэлдэг.
Арван жил энэ үгийг сонслоо. Би аргаа ядаад нэг удаа “Чи энэ үйлдэлдээ харамсаад байгаа юм бол хуучин эхнэр дээрээ буцаад оч. Тэр чинь одоо болтол ганцаараа яваа” гэж хэллээ. Тэгсэн чинь нөхөр маань галзууртлаа уурлаж, “Тэгж яривал тэр хүүхэн чам шиг эрчүүдийн өвөр дамжсан хүн байгаагүй. Би түүний анхны эр нь байсан юм” гэж хашгирлаа. Надад хариуд нь хэлэх ч үг олдсонгүй.
Бид долоо хоног дуугарсангүй. Дараа нь нөхөр минь надаас уучлалт гуйж дахиж ийм үг хэлэхгүй гэлээ. Уг нь тэр өршөөл эрэлгүй таг дуугүй байсан бол дээр байсан юм. Саяхан бид хоёр дахиад л муудалцлаа. Би хэлтсийн даргаас дэвшиж албан тушаал ахилаа.
Энэ нь түүнд таалагдсангүй бололтой. Эмэгтэй хүнд эр нөхөр ,үр хүүхэд чухал гэнэ. Бас чамаас болж эхнэр хүүхдээ хүртэл орхисон байхад чи намайг хайхардаггүй гэлээ. Цааш нь би түүнийг яриулахгүйн тулд ариун цэврийн өрөөндөө орж үүдээ хаагаад цаг хэртэй болсон. Тэр уурлахаараа юу ч хамаагүй хэлдэг учраас тайвшрахыг нь хүлээсэн юм. Намайг гараад ирэхэд тэр байхгүй байлаа.
Шөнө дундын үед нөхөр минь шал согтуу ирлээ. Найзуудтайгаа уулзсан гэнэ. Байдаг л асуудал. Энэ явдлаас хойш би амьдралынхаа тухай бодож үзлээ. Би нөхрөө сонгохдоо хаа нэгтээ алдаа хийжээ. Түүнийг эхнэрээс нь салгаж суух хэрэггүй байсан бололтой.
Өнгөрсөн хугацаанд тэр охиноо эргэж очихдоо хуучин эхнэртэйгээ уулздаг л байсан байх. Магадгүй эхнэр хүүхдээ өрөвдөж, тэднийгээ хайрлаж, эргээд намайг үзэн яддаг байж болох юм. Ингэж бодсоны эцэст түүнээс салахаар шийдлээ.
Харин түүнд энэ тухайгаа яаж хэлье дээ гэж бодлоо. Өчигдөр орой тэр ажлаасаа түрүүлж ирчихсэн хоолоо хийгээд, ширээ засчихсан намайг хүлээж суулаа. Нөхөр маань хоолоо идэж байх зуураа хүүгээ их санаж байна гэлээ. Бид хүүгээ Лондон руу эмээ, өвөө рүү нь явуулчихсан юм.
Багаасаа гадаад хэл сурч, өөр орчинтой танилцаг гэж бодсон юм л даа.
Бид оройн хоолны дараа дарс ууж, телевиз үзэж суулаа. Хоорондоо юу ч яриагүй дээ. Юугаар ч дутагдаж гачигдахгүй байгаа амьдрал маань нэг л сонирхолгүй хов хоосон байгаа ч юм шиг. Нөхөр маань уурлахаа ч больчихож. Би аажмаар тайвширлаа. Нэг өглөө ажилдаа очтол 50 гаруй насны танихгүй эр, эм хоёр надтай уулзах гэж хүлээж байлаа.Тэдний бага охин нь 16 настай юмсанж.
Удахгүй дунд сургуулиа төгсөх гэнэ. Гэтэл хөл хүндтэй болжээ. Охиных нь хүүхдийн эцэг манай нөхөр юм байна. Тэдний охинтой анх танилцахдаа өөрийгөө ганц бие хүн гэжээ. Тэр ч байтугай эхнэр хүүхдээ өвчний улмаас эндсэн гэж хэлсэн гэнэ. Би гайхсандаа золтой л ухаан алдчихсангүй.
Аргаа ядаад нөхөр, хүүхдийнхээ зургийг үзүүллээ. Тэд манай нөхрийг таньж байна аа. Дараа нь тэднээс намайг яаж олж мэдсэнийг асуулаа. Охин нь манай ажлын газраас зохион явуулдаг хэлний сургалтын дамжаанд суралцаж байхдаа бидний хамт явж байгааг харжээ. Тэгээд үүдний жижүүрээс манай гэр бүлийн тухай мэдэж. Манай нөхөр охины гэрийнхэнд их хэмжээний мөнгө амалж, үр хөндүүлэх санал тавьсан гэнэ. Харин тэд анхны хүүхэд тул охиныхоо ирээдүйд санаа зовж, надтай уулзсан юм байна.
Тэд охиноо гадаад явуулах гэж надаас дэмжлэг хүсчээ. Одоохондоо би энэ тухай нөхөртэйгээ яриагүй байна. “Чиний төлөө эхнэрээсээ хүртэл салсан” гэж миний тусын тулд баатарлаг үйл бүтээсэн мэтээр ярьдаг байсан нөхөр минь энэ удаа хэн нэгэнд зориулж гавьяа “байгуулах” бодолгүй байгаа нь тодорхой. Бүх явдлыг таг нууж өнгөрөөхийг хүсч байгаа юм болов уу даа.Сүүлийн үед анхаарал халамжтай ч болж.
Нөгөө хийсэн “баатарлаг” үйлээ ч хэлэхээ больж. Нэг л аядуу зөөлөн. Гэвч манай гэр бүлийг тойрон чимээгүй салхи салхилж, гал асч байна. Тэр гал дээр
тос нэмбэл салхи хөгжөөн дэмжинэ. Галыг бас унтрааж болно. Харин яаж гэдэг нь л сонин байна.