ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев рок дуу хөгжимд “нугасгүй” гэдэг. Тэр дундаа “Deep Purple” хамтлагийн улаан фэн. Тэгвэл өнгөрсөн мягмар гаригт түүний нар нь гарч, шүтээнүүдтэйгээ уулзжээ. Ерөнхийлөгчийн зуны ордонд уригдсан хамтлагийнхнаас дуучин Иэн Гиллан хослолтой, бусад нь жийнс, богино ханцуйтай цамцтай байжээ.
Урьсан, уригдсан хэн хэнийх нь хувьд энэ өдөр хөгжилтэй, сайхан байсан аж. Д.Медведев өөрсдийнх нь дууг “Deep Purple”- ийнхэнд сонирхуулахдаа дамартай магнитофон ашигласан нь тун өвөрмөц бэлэг болжээ. Тэрхүү магнитофоныг тэрбээр оюутан ахуйдаа авсан гэнэ. Тэгвэл хамтлагийнхан түүнд бөмбөрийнхөө цохиурыг бэлэглэжээ.
Гуч гаруй жил тус хамтлагийн үнэнч фэн нь байсаар ирсэн Д.Медведев “Дунд сургуульд байхаасаа шүтэж, сонсож ирсэн хамтлагийнхантайгаа нэг ши рээний ард сууж байгаадаа одоо хэр нь итгэхгүй байна” хэмээжээ. Ерөнхийлөгчийн хүү Илья Медведевийн хувьд ч энэ өдөр мартагдахааргүй өнгөрсөн байна. Тэрбээр “Deep Purple”- ийнхэнтэй хамтран гитар тогложээ.
Э.ХАНА