Уран зургийн галерейд спортынхон десант буулгажээ. Олимп, дэлхийн тэмцээний дэвжээнд алдраа мандуулсан тамирчдын медалийг танилцуулах үзэсгэлэнг сонирхохоор тэд ийн цугларсан юм. “Мехико-1968” олимпийн мөнгө, хүрлээс эхлээд “Бээжин-2008”-ын алт хүртэлх бүх медаль, эрт, эдүгээгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний түүхийг өгүүлэх олон баримтыг тэнд дэлгэсэн байна.
Медаль бүхэн өөрийн намтартай. Зөвхөн үүний төлөө хөлсөө асгаруулан хөдөлмөрлөж, амжилтыг нь дэнслэх алт, мөнгө, хүрэл медалийг өөрийн болгох торгон агшныг алдахгүйн төлөө хичээдэг тамирчид. Хүссэн медалиа авчихаад тэнгэрийн умдаг атгасан юм шиг үнсэж, үлгэх нь холгүй явдаг зоригт хөвгүүд, охид бол бидний бахархал маргаангүй мөн. Тэдний гавьяаг үеийн үед сурталчилж, Олимпийн медальтнуудын холбоо, Спортын харилцааг дэмжих төв хамтран уг ёслолыг зохион байгуулсан. Үзэсгэлэнд спортын 12 холбооны 100 гаруй тамирчны 300 медалийг тавьсан байлаа.
Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох, З.Ойдов, Ч.Дамдиншарав, Н.Энхбат, Н.Баярсайхан тэргүүтэй эх орныхоо нэр төрийг хилийн чанадад өндөрт өргөж явсан олон зуун тамирчин цугларч залуу насны дурсамжаа хуучилж харагдав. Энэ үеэр Олимпийн медальтнуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, “Барселона- 1992”-ын хүрэл медальт Н.Баярсайхантай ярилцлаа.
-Энэ ёслолын зорилго юу вэ?
-Манай холбооныхон олон жилийн өмнөөс уг үзэсгэлэнг нээж, тамирчдаа алдаршуулах ажил төлөвлөсөн. Гадаадын зарим оронд ийм арга хэмжээг их өргөн хүрээнд зохиодог юм. Үүнтэй харьцуулбал бид нэлээд хожуу зохион байгуулж байна.
-Хөдөлмөрийнх нь хэмжүүр болсон медалиа тамирчид амь шигээ нандигнан хайрладаг учраас та нарт өгөхдөө үрэгдүүлчих вий гэж болгоомжилж байж магадгүй?
-Тийм ээ. Багагүй бэрхшээлийг туулж бид энэ үзэсгэлэнг зохион байгуулсан. Бараг сарын өмнөөс бэлтгэл ажилдаа орсон. Тамирчдын медалийг хэрхэн хүлээж авсан, яг тэр чигээр нь гэхдээ бүр тайлбар бүхий жаазтай нь эргүүлж өгнө гэж бид амласан
Б.ӨЛЗИЙТОГТОХ