“Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг үгийг монголчууд бидэнд улам бүр мэдрүүлж байна. Хэл, соёл ондоо ч хүнд хэцүү цагт найман настай балчраас наян настай буурал хүртэл чадах чинээгээрээ тусалж байгаад маш их баярлалаа” хэмээн удирдаач Хисаеши Иноэ Хөгжим бүжгийн коллежийн сурагч, оюутнуудын зохион байгуулсан тоглолтын үеэр хэлсэн юм.
Гамшигт өртсөн япон хүүхдүүдэд зориулан өнгөрсөн бямба гаригт СТӨ-нөө хандивын тоглолт болсон. Н.Жанцанноров, Л.Мөрдорж, Б.Шарав, И.С.Бах, К.Хачатурян, Ц.Пуни нарын бүтээлээс дээжлэн хүргэсэн бөгөөд Японы алдарт удирдаач Хисаеши Иноэ хүрэлцэн ирж, тус коллежийн симфони найралтай хамтран тоглосон юм. Японд хүчтэй газар хөдлөлт болсон тэр өдөр удирдаач Хисаеши Иноэ Монголд байж таарчээ. Үүний дараахан урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Ч.Чинбат санаачлан Тэд хандивын хайрцаг аялуулан, хичээлийн хэрэгсэл, хувцас, тоглоом сэлт цуглуулсан нь гамшигт нэрвэгдсэн япон жаалуудад сэтгэлийн дэм болон очсон биз ээ. Тоглолтын үеэр удирдаач Хисаеши Иноэтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.
-Та түрүүнд нулимс дуслуулж харагдсан.
-Энэ бол баяр, гуниг хосолсон явдал байлаа. Японд газар хөдөлж, олон мянган хүн амь үрэгдэн, орон гэргүй болсон гэх мэдээ намайг тун цочирдуулсан. Эх оронд маань ийм аймшигт зүйл тохиолдсон нь харуусмаар хэрэг. Монголчууд чадах ядахаараа тусалж буйг хараад надад хэлэх үг олдоогүй. Манай хоёр орон газар нутгийн хувьд хол, өнгөрсөн түүхэнд сайн, муу олон явдал байсан. Хөгжлийн хувьд ч ялгаатай. Гэтэл ХБК-ийнхон бидэнд учирсан зовлонг хуваалцаж, ойлгож буйд үнэхээр их баярлаж байна. Монголчууд сайхан сэтгэлтэй, тусч ард түмэн гэдгийг улам бүр мэдэрч байна. Би өнөөдөр И.С.Бахын “Ари”, З.Хангалын “Салхич шувуу”-г Монголын бүх хүнд зориулж удирдсан. Энэ миний талархсан сэтгэлийн дээж юм.
-Монголын хөгжимчин хүүхдүүдийг та хэрхэн үнэлж байна вэ?
-Би тэдэнд сайн гэсэн үнэлгээ өгөхгүй ээ. Харин онц, маш мундаг гэж хэлнэ. Бэлтгэлийн үед тэдний чадвар мэдрэгдэж байсан. Ихэнх оюутан техникээ барьж, зөвхөн ноот харж тоглох бус чин зүрхнээсээ хандсан нь сэтгэлд маань тод үлдэж. Хөгжмийг сэтгэлээсээ тоглож байж сонсогчийн зүрхэнд хүргэнэ шүү дээ. Тэр дундаа би хийлч Н.Тамирыг онцолмоор байна. Үнэхээр сайн хөгжимчин.
Би удахгүй нутаг буцна. Гэхдээ Монголд заавал буцаж ирнэ. Тэр үед Хөгжим бүж гийн коллежийн хүүхдүүд, театрын уран бүтээлчид тэй хамтран тоглолт хийх бодолтой байгаа. Магадгүй тэр үед би монголоор ярьж ч болох юм.
Б.ЭГШИГЛЭН