“Урин дулааны цаг айсуй. Гэхдээ хүйтний эрч чангарсан үед ч зуны налгар өдрүүдэд төрдөг амар амгаланг дэлгэцийн бүтээлүүдээс мэдрэх боломжтой” хэмээн барууны кино шүүмжлэгчид бичжээ. www.screenjunkies.com цахим хуудасны хамт олон эерэг сэтгэгдэл төрүүлдэг шилдэг бүтээлүүдийг санал болгосон бөгөөд жагсаалтыг “Нялхас” тэргүүлжээ.
Түүнчлэн эл киног санал болгосон шалтгаанаа “Бага насны, тэр дундаа хөлд орох гэж тэнцэж ядан алхаж байгаа хүүхэд ямар ч хүний хайрыг татдаг. “Нялхас” баримтат кино гэр бүлийг нэгтгэж, бас баяр хөөр бэлэглэдэг бага насныхны амьдралыг харуулснаараа үзэгчдийн сонирхлыг ихэд татсан.
Ингэхдээ Америк, Япон, Намиб, Монгол гэсэн дөрвөн орны хүүхдийн хэрхэн орчинтойгоо танилцаж, хөлд орж буйг харуулсан нь өвөрмөц шийдэл болжээ” гэж тайлбарласан байна. Эерэг сэтгэгдэл төрүүлдэг дэлгэцийн шилдэг бүтээлүүдийн жагсаалтад “Дурласан Шекспир” аман хүзүүдэж “Тосканы наран дор”, “Аз жаргалын хотхон” болон Жулия Робертсийн тоглосон “Ид, хүс, дурла” кино удаалжээ.
У.ТЭНҮҮН