Этгээд, сонин бүхнийг сэдэгч, “Грэмми”-гийн таван удаагийн шагналт дуучин Лэди Гага 25 нас хүрлээ. Тэрбээр Америкийн Нью-Йорк хотод 1986 оны гуравдугаар сарын 28-нд итали гаралтай гэр бүлд мэндэлжээ. Бяцхан Стефани дөрвөн настайдаа төгөлдөр хуураар тоглож сурсан бол 13-тайдаа анхны дуугаа зохиосон гэдэг. 17 настайдаа урлагийн сургуульд элссэн түүнийг багш нар нь хамгийн их хичээл зүтгэлтэй оюутан байсан тухай дурссан байдаг. Гэсэн ч тэрбээр удалгүй сургуулиа орхиж, мөрөөдлөө биелүүлэхээр төрсөн гэрээсээ явжээ.
Хямд үнэтэй түрээсийн байрандаа өдөр нь дуугаа зохиож, шөнө нь цэнгээний газарт ажиллах болов. Хоёр жилийн дараа буюу 19 настайдаа “Def Jam” студитэй гэрээ байгуулан Стефани Жоанне Анжелина Жерманотта гэх хэл хугалам урт нэрээ Лэди Гага болгон сольж, толгой эргэм амжилтынхаа үндсийг тавьжээ. “Time” сэтгүүлээс нэрлэсэн хамгийн нөлөөтэй 100 хүний нэгээр тэрбээр тодорч байсан юм.
Сэтгүүлч Барбара Волтерс түүнийг энэ цаг үеийн домог хэмээсэн. Тэрбээр өчигдөр “Twitter”-тээ “Happy birthday to me” хэмээн бичсэн байна билээ. Лэди Гагагийн албан ёсны болон фэнүүдийнх нь сайт, “Facebook”, “Twitter” хуудаст нь мэндчилгээ ар араасаа цуварсаар байна.
Лэди Гага 25 насны төрсөн өдрийн эхний бэлгээ өнгөрсөн пүрэв гаригт тоглолтынхоо үеэр фэнээсээ авчээ. Фэн залуу өөрийн гараар урласан савхин хүрмийг тайз руу очин бэлэглэхэд нь Лэди Гага тэр даруй сольж өмсөн дуугаа үргэлжлүүлэн дуулсан аж. “Энэ бол миний авсан хамгийн сайхан бэлгийн нэг. Учир нь зөвхөн надад зориулж, сэтгэл шингээж бүтээсэн нь таалагдаж байна.
Бас их чамин, онцгой хүрэм” хэмээн Лэди онцолжээ. Алдарт дуучин тэрнээс хойш хэдэн зуун бэлэг авсан нь эргэлзээгүй. Тэдгээр бэлгийн тоог “Гиннес”-ийн ном нэгээр нэмэгдүүлжээ. Тэрбээр “Twitter” сайтын хэрэглэгчдийг хамгийн олноор нь дагуулсан хүнээр тодорсон байна.
Энэхүү сайтыг байнга ашигладаг оддын нэг тэрбээр есөн сая дагагчтай болсон бөгөөд энэ тоо улам нэмэгдэх биз ээ.