Техник технологи хөгжиж, цомог, DVD хэрэглээнээс шахагдах болсон өнөө цагт гавьяат жүжигчин Б.Сарантуяа шинэ дуунуудаас бүрдсэн цомог гаргахаар төлөвлөж байгаа аж. “Орон нутгийн бартаа ихтэй замд хуурцаг шиг сайн нөхөр үгүй. Хэдийгээр ихэнх үйлдвэрүүд хуурцаг гаргахаа больсон ч би сонсогч, үзэгчдийн тав тухыг чухалчилдаг учир хуурцаг гаргах бодолтой байна” хэмээн тэрбээр этгээд энэ шийдвэрээ тайлбарласан.
Түүнчлэн энэ сарын 26-нд “Sky lounge”-д өдөрлөгийг нь хийсэн түүний “Сэтгэлийн есөн цацал” нэртэй хос цомог өчигдрөөс худалдаанд гарчээ. DVD болон аудио хэлбэрээр гаргасан цомгийн үнэ 12.000 төгрөг.
Мөн этник урсгалын уран бүтээлүүдээс бүрдсэн “Аргагүй амраг 2” цомгоо энэ сарын сүүлээр худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд цомгийн ажил дуусмагц эх орноо тойрон аялан тоглолт хийх аж.
Тэрбээр орон нутгийн сонсогчдод зөвхөн тоглолтоор бус хямд үнэтэй, чанартай цомгоор бэлэг барих гэнэ. Энэ үеэр явуулын борлуулах цэг ажиллаж, түүний “Аргагүй амраг 2” цомгийг 3500 төгрөгөөр худалдана.