Тамхичдын 80 хувь нь хорт зуршлаасаа татгалзах талаар байнга боддог гэх судалгаа бий. Гэсэн ч тамхинаас гарах оролдлогын цөөн нь л бүтэлтэй болдог аж. Тэгвэл тархины урд талын хэсгийг өдөөснөөр тамхинаас түргэн хугацаанд гарч болно хэмээн Америкийн Мичиганы их сургуулийн эрдэмтэд мэдээлжээ. Тамхинаас гарч буй 47 эрэгтэй, 44 эмэгтэйг тэд гурван үе шаттай судалсан байна.
Тэд өдөрт дунджаар 17 тамхи татдаг байв. Эхлээд судалгаанд оролцогчдод тамхины талаар ерөнхий асуулт тавьж, дараа нь тархины соронзон цуурайны бичлэгийг нь хийжээ. Тэгэхэд тамхитай холбоотой мэдээлэл авсан тархины урд хэсэг идэвхжсэн байна. Туршилтын гуравдугаар шат дөрвөн сарын дараа болжээ. Тамхинаас аль хэдийнэ гарсан судалгаанд оролцогчдод никотин үнэртүүлжээ.
Өмнөх шатуудад тархины урд хэсэг нь өндөр идэвхжилтэй байсан хүмүүсийн тамхи татах хүсэл бүрмөсөн үгүй болсон байж. “Тархины урд хэсэг ухамсрыг хянадаг. Хорт зуршлаасаа татгалзахыг хүчтэй хүссэн, ухамсар өндөртэй хүмүүсийн тархи ч тамхийг хаяхад хүчтэй нөлөөлдөг байна” хэмээн профессор Ханна Чуа ярьжээ.
Б.ОЮУТ