“Монголын баячууд ямар ч тансаг машин авч чадах болжээ” хэмээн Германы “Билд” сэтгүүл мэдээллээ. Германы
“Zetros 2733 A” машин нь тансаг, дээд зэрэглэлийн гэх ангилалд хэзээ ч тооцогдож байгаагүй ч Монголын хоёр бизнесмен хангалттай мөнгө төлөөд бараг люкс зочид буудал шиг болгууллаа хэмээн тус сэтгүүл шагшран биширчээ.
Улс орныхоо нэрийг Германд мандуулсан хоёр баяны нэрийг дурдаагүй ч тэд зүгээр л Монголын цас, шавартай уудам тал, өндөр уулс, элсэн говийг саадгүй туулж, ан гөрөө (чоно) хийхийн тулд найдвартай бас тохилог, тухтай хөлөгтэй болохыг хүссэн тухайг нь онцолжээ. 800 мянган евро төлж, герман инженерүүдийг нойр хоолгүй хэдэн өдөр ажиллуулаад л хоёр ширхэг “Zetros 2733 A” дугуйтай буудал болгон авсан гэнэ.
Монгол баячуудын шинэ машин тансаг далбаат хөлгүүдтэй өрсөлдөхөөр сайхан болсон гэж “Билд” дурдсан байна. Машин дотор унтлагын өрөө, зочдын тасалгаа, гал зуух, халуун усны өрөөнөөс гадна шал нь халдаг аж. Халуун усны өрөөг үнэт чулуугаар доторлосон гэнэ. Ан хийх зуураа тэд 46 инчийн нимгэн дэлгэцтэй телевиз зурагт үзэн амарч болно.
Хиймэл дагуулын антеннтай болохоор ямар ч суваг үзэхэд асуудалгүй. 7,2 литрийн багтаамж (зургаан цилиндр бүхий)-тай хөдөлгүүр нь 326 морины хүчтэй тул 16 тонн энэ машиныг хөнгөхөөн хөдөлгөөд явчихна.
М.СУГАРАА