“...Хааяа чамдаа уйлмааргүй, тунимаар аа
Хайрын гэрэлд дуугүйхэн уйлмаар аа
Хатан сэнтийд зөнгөөрөө залармаар аа
Хатуу орчлонг зөөлрүүлэн аргадмаар аа
Сэтгэлийн булаг минь чам руу үерлэлээ, хайрт минь”.
Ийм үгтэй сайхан дууны клипийг үзээд дуучин Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа нартай уулзах хүсэл төрлөө. Тэд хайрын тухай олон сайхан дууг хослон дуулдаг ч энэ дуугаар “Бид бие биедээ улам л дасаад байна, хамтдаа байх сайхан юм аа” гэж хэлээд байх шиг. “Би чамд хайртай”-г дуулж бие биедээ дурлан, “Хайрлан дуулмаар байна” хэмээн хамтран амьдарч яваа тэдний яриаг хүргэе.
-Та хоёрыг удахгүй тоглолт хийх гэж байгаа гэж сонслоо.
Р.Д: Тийм ээ. Дөрөвдүгээр сарын 8-нд “Сэтгэлийн булаг минь чам руу үерлэнэ” нэртэй тоглолт хийхээр бэлдэж байна. 2008 оны хоёрдугаар сарын 14-нд Гэгээн Валентиний баярын өдөр “Би чамд хайртай” анхны тоглолтоо хийж байлаа. Түүнээс хойш багагүй хугацаа өнгөрсөн ч хөдөө орон нутгийнхан болон гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчууддаа ая дуугаа өргөснөөс биш тоглолт хийсэнгүй
-“Сэтгэлийн булаг” гэж сайхан дуутай болсон байна билээ. Клипийг нь үзээд та хоёрыг хэв маягаа нэлээд өөрчилжээ гэж бодсон шүү.
Р.Д: Энэ бол бидний “Тэнгис хөх салхи” шинэ цомогт багтсан уран бүтээл. Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Одын хөгжим, Ц.Оюунбаатар, С.Оюунчимэг нарын шүлгээр бүтсэн дуу. Гавьяат жүжигчин У.Далантай, С.Эрдэнэцэцэг нар энэ дууг хайрын дууны уралдаанд оролцохдоо нэг удаа дуулсан юм билээ. Тиймээс бид хөгжмийн зохиолчтойгоо ярилцаад сэргээж дуулж байгаа юм. Хөгжмийн найруулгаа хөнгөн, уянгалаг хийлгэж, “Логик” студиэр дуугаа дүрсжүүлсэн. “Хүрэл тогоот”-д зургийг нь авсан юм. Их сайхан газар байна лээ. Орчин нь яг л 1980-аад оныг санагдуулам байсан учраас бид сонгодог маягаар хувцаслахыг хүсээгүй. Тэгээд л энгийн, цэвэрхэн хувцаслаж, үсээ засуулсан юм.
-Та хоёр хослон дуулаад хэдэн жил болж байна вэ, хэчнээн уран бүтээлтэй вэ?
Д.Х: Найман жил болжээ. Хослон дуулсан дуунуудаараа гурав дахь цомгоо гаргалаа. Нарийн тоолж үзээгүй ч 60 гаруй дуутай байх аа. Цаашид дуулах олон дуу бий. “Та хоёр энэ дууг дуулаач” гээд өгсөн олон дууны ноот гэрт өрөөстэй байгаа.
Р.Д: Бид өөрсдөдөө тохирох дууг сонгож дуулдаг. Д.Х: Чөлөөт уран бүтээлчид учраас санхүүжилтээ өөрсдөө хариуцаж, үзэгч, сонсогчдын аялах дуртай дууг бүтээхийг хүсдэг. Тиймээс шаардлагагүй зүйлд мөнгө зарцуулахыг хүсдэггүй.
-Нэг гэр бүлийн хүмүүс хамтран уран бүтээл хийхийн тулд ажлаа хуваарилан бие биенийхээ ар талыг даах шаардлагатай бай даг байх. Ямар хуваарьтай ажилладаг вэ?
Р.Д: Ихэнхдээ Хишигбаяр гадуур хөөцөлдөх ажлаа амжуулдаг. Харин би ар гэрийн асуудалдаа анхаарал тавьдаг. Нийт ажлынхаа 70 хувийг манай хүн амжуулна даа.
-Хоёулаа уран бүтээлч учраас урлаг, дуу хөгжмийн тухай яриа байнга өрнөдөг үү?
Д.Х: Ер нь санаж бодож байгаагаа маш их ярьдаг. Шинэ уран бүтээлийн санаагаа зүүдлээд сэрнэ шүү дээ. Үеийнхээ авьяаслаг уран бүтээлчидтэй хамтран ажиллахыг хүсдэг учраас хөгжмийн зохиолч Т.Сэр-Од, Цэн.Эрдэнэбат болон яруу найрагчдад шинэ санаагаа хэлж, баяжуулдаг. “Тэнгис хөх салхи” цомогт ч гэсэн яг л ийм уран бүтээлүүд багтсан.
-Зүүдэлж сэрээд амилуулсан уран бүтээлийн ихэнх нь хайр дурлалын тухай байдаг гэхээр гэр бүлээ ч гэсэн тийнхүү нандигнадаг бололтой. Таныхаар гэр бүлийн үнэ цэнэ гэж юу вэ?
Р.Д: Бид зургаан жил хамт амьдарч байна. Гэр бүл бол хамгийн нандин харилцаа юм. Итгэл, хайр байгаа цагт гэр бүл тогтвортой байдаг юм шиг ээ. Харилцаагаа олон жил үнэ цэнэтэй, ариун нандин хэвээр нь хадгалахын тулд тус бүртээ ухамсартай л байх хэрэгтэй.
-Таны мэдэх хамгийн сайхан гэр бүл?
Р.Д: Аав, ээжийгээ харж, биширч, тэдний хүмүүжлээр хүн болсон учраас хамгийн сайхан гэр бүл гэж боддог. Яг л аав, ээж шигээ сайхан гэр бүл цогцлоохыг хүсдэг.
-“Эр хүний сэтгэлийг ходоодоор нь эзэмддэг” гэсэн яриа бий. Таны нөхөр ямар хоолонд дуртай вэ?
-Манай хүн монгол хоолонд дуртай. Салат, даршилсан ногоог нэг их таашаадаггүй учраас гэртээ цуйван, будаатай хуурга хийдэг.
-Огт ам мурийдаггүй хос гэж байхгүй байх аа. Та хоёр ямар зүйлээс болж зөрчилддөг вэ?
Р.Д: Маргаан гаралгүй яах вэ.
Д.Х: Клипний зураг авалт, бичлэг зэрэг уран бүтээлийн асуудлаас болж л зөрчил үүсдэг. Гэхдээ ярилцсаны эцэст зөв шийдвэрт хүрнэ.
-Хэн нь түрүүлж буулт хийдэг вэ?
Р.Д: Тавь тавин хувьтай. Хишгээгийн зөв байвал би буруугаа хүлээнэ. Миний зөв байвал тайлбарлаж ойлгуулна.
-Гэртээ хэдүүлээ амьдардаг вэ?
Р.Д: Дөрвүүлээ. Манай хүү, ээж (Хишигбаярын ээж) хоёр хамт байдаг.
-Энэ гэр бүлийг хэр өнөр болгохоор төлөвлөж байна?
Р.Д: Өнөр болгохыг л хүсдэг. Төлөвлөсөн зүйл ч алга.
-Энгийн хосууд шиг хамтдаа үзвэр үзэх боломж гардаг уу. Эсвэл хүмүүс таниад түвэгтэй байдаг уу?
Р.Д: Нэг их түвэгтэй санагд даггүй. Харин үзвэрүүдийн цаг тай, ажил давхцаад байдаг юм. Бид хоёр “МАСК” продакшны шинэ киног үзье гээд амжихгүй л байна.
Д.Х: Урлагийн хүмүүс үзэгчдийн дунд суугаад тоглолт үзэж чаддаггүй. Тоглолтын дундуур тайзны ар руу гүйж очоод “буу халаад” суумаар санагдаад байдаг юм.
Р.Д: Ер нь тухтай суугаад тоглолт бүрэн үзэж байгаагүй юм байна.
-Хамтран уран бүтээл хийдэг ч дурлалт хосууд хаа нэгтээ болздог байв уу?
Д.Х: Тоглолтоор байнга хамт явдаг байсан. Одоо тэр бүхнийг тодорхой санахгүй юм аа.
Р.Д: Тэр бүгд л болзоо байсан юм байлгүй.
-Та ханийнхаа юугаар нь бахархдаг вэ?
Д.Х: Эмэгтэй хүнийг байнга дэргэд нь магтахаар онгирчих гээд байдаг юм. (инээв)
Р.Д: Би чихээ дарж байх уу? (инээв)
Д.Х: Маш их хайртай учраас хамт амьдарч байгаа. Би ханийнхаа ярьж хэлж байгаагаас эхлээд байгаа байдалд нь ч гэсэн сэтгэл хангалуун байдаг. Өөлөх юмгүй бүсгүй дээ.
Р.Д: Миний хувьд хань минь хамгийн хөөрхөн, шилдэг залуу. Би угаасаа төлөв даруу хүнийг хүндэтгэдэг. Тиймээс буурьтай, даруухан залууг амьдралын ханиараа сонгосон. Харин би хөдөлгөөнтэй шүү дээ.
-Дэлгэрмаагийн хувьд ханиасаа авсан хамгийн сайхан бэлэг юу вэ?
Р.Д: “Би чамд хайртай” тоглолтынхоо үеэр сүйн бөгж авсан маань гэнэтийн том бэлэг байсан.
-Ханьдаа хамгийн сүүлд ямар бэлэг өгсөн бэ?
Р.Д: Ханийнхаа сонирхсон зүйлийг ажиглаж байгаад авч өгөхийг хичээдэг. Хамгийн сүүлд нэгдүгээр сарын 7-нд төрсөн өдрөөр нь малгай авч өгсөн. Өмнө нь дэлгүүрт хамт явж байхдаа тэр малгайг сонирхоод байсан юм. “Сэтгэлийн булаг” дууны клипэнд өмссөн байгаа.
-Саяхан шинэ байранд орсон гэсэн үү, хэр тохижиж байна. Ямар орчинд байвал тухтай санагддаг вэ?
Р.Д: Гэрийн тавилга хуучирсан ч хамаагүй хамгийн чухал нь цэвэрхэн байх хэрэгтэй. Ундуй сундуй байдлыг тэвчдэггүй учраас бүх зүйлийг байр байранд нь байлгавал санаа амардаг.
Д.Х: Гэртээ тав тухтай байхыг хүсэх нь ойлгомжтой. Янз бүрийн сайхан газар олныг үзсэн учраас тохилог сайхан айл болох гээд хичээж л байна. Түүнээс гадна хүнээр юмаа хийлгэх дургүй, чадах чинээгээрээ өөрсдийн гараар хийхийг хичээдэг. Сурсан зүйлийг хэн ч булаагаад авахгүй.
Р.Д: Өнгөрсөн зун л гэхэд хуучин байрандаа бид өөрсдөө засвар хийсэн. Бас зуслангийн паркетан шалаа сольсон.
Д.Х: Хамтдаа бүтээснээ харах сайхан байдаг юм.
Ж.СОЛОНГО