Рок попын ертөнцөд бүрх малгай духдуулж, дэгжин нүдний шилээр гангарч, өөрийн дүр төрхөө тодорхойлж чадсан дуучин бол BX. Сүүлийн үед тэрбээр гэр бүлтэй гэдгээ үеийнхэндээ харуулан намба зааж, өмнөх хэв маягаа эвдэн жирийн байхыг илүүд үзэх болсон.
Түүний олонд гайхал төрүүлсэн өөрчлөлтөд эхнэр нь ихэд нөлөөлсөн гэнэ. Даруухан бүсгүйг ханиа болгож авсан түүний дурлалын түүх сонирхолтой.
Байгууллагуудын шинэ жилийн баяраар дуулах урилга заллага түүнд ирэхэд ирээдүйн эхнэрийнх нь ажилладаг “Изинис эйрвис” компани багтсан байжээ. Тэрбээр дуулах үнэ ханшаа тал хувийг нь бэлэн мөнгөөр, талыг нь бартераар тохирчээ. Шинэ оны дараахан мөнгөө авахаар очиход эхнэр нь хүлээж авч уулзсан аж. Санхүүгийн асуудал нь арай шийдэгдээгүй байсан тул “Изинис эйрвис”-ээр нэг бус удаа эргэлдэж, Үен хэмээх бүсгүйгээс мөнгөө авчих санаатай явсаар нэг л мэдэхэд сэтгэл алдарсан байжээ.
Дурласан залуу мөнгөөр халхавч хийж, уулзах далим гаргаж очсоор байгаад хайртай бүсгүйгээ өөрийн болгож чадсан гэдэг. Айлын хажуу өрөө хөлслөн амьдралаа энгийнээр эхэлж, гал голомтоо бадрааж байсан залуу хос охиноо төрсний дараахан шинэ байранд төвхнөсөн аж. Эхнэр нь бие тулгар байхдаа түүний зан араншин, мөс чанарыг шалгахаар хаврын тэнгэр шиг олон ааш гаргаж сорьдог байжээ.
Хайртай бүсгүйнхээ хааяа гаргадаг бэрх араншинг тэрбээр төвөгшөөлгүй тэвчиж чадсаны хүчинд бэрхшээлээс “саадгүй” давсан гэнэ. Амьдралаас туршлага суусан ВХ найз нөхөддөө “Эхнэрээ бие давхар байхад тэвчих л хэрэгтэй юм байна лээ шүү” хэмээн аминчлан ганц захидаг гэнэ лээ.