“Амьтанд ээлтэй байгууллага” өргөмжлөлтэй Монголын үндэсний циркийнхэн бэлгэ тэмдэгт мөнхөрсөн сүүлчийн ганц “морь”-ио хүртэл гадуурхав. Амьтнаар зугаацахыг эсэргүүцсэн хэмээн өөрсдийгөө тодорхойлж, хотын төвийн байгууламжийн ариун цэврийг сахиулсан тэдэнд морь сургагчийн төрх тохиромжгүй санагдсан бололтой.
Хэдэн сарын өмнөөс шар дэвсгэр дээр штанг өргөж буй монгол бөхийг уран нугараач бүсгүйн хамт байрлуулсан энэ бэлгэ тэмдгийг тэд сонгоод байгаа юм. Утгагүй, муу лого боллоо гэж гоочлох гээгүй ч цирк “Амьтанд ээлтэй байгууллага” гэсэн өргөмжлөл үүдэндээ өлгөж, үзэгчдийг хамгийн их татдаг адтай “жүжигчдээ” худалдчихсан нь гайхалтай.
Тэр ч бүү хэл 70 жилийн түүхтэй циркийн бэлгэ тэмдгийн санааг Монголд циркийн урлагийг үндэслэгч Ж.Раднаабазар гуай гаргасан хэмээн учир мэдэх хүмүүс ярьсан. Хожим нь урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган эх загварыг нь сайжруулан өнөөгийн төрхөд нь оруулсан юм билээ. Түүхт бэлгэ тэмдэг тэдэнд хүндгүй ч циркийн үе үеийн жүжигчдэд үнэ цэнэтэй.
Тиймээс “Амьтанд ээлтэй байгууллага” гэсэн өөртөө тохироогүй өргөмжлөл гардсан Монголын үндэсний циркийнхний эрс шинэчлэлд эгдүүцмээр санагдлаа.
Ж.Сэлэнгэ