Хөдөө хээр амарч, зүлгэн дээгүүр хөл нүцгэн явахад ядаргаа арилдаг шүү дээ. Зүлгэн дээгүүр хөл нүцгэн таваргаж байгаа хүнийг хараад монголчууд лав гайхахгүй. Дорнын анагаах ухаанд хөл нүцгэн явах нь эрүүл мэндэд сайн хэмээдгээс гадна ийм төрлийн эмчилгээний арга ч байдаг. Харин суурин газарт тэр дундаа Европын хотуудад хөл нүцгэн явж байвал хүмүүс шивэр авир гэх болов уу. Тэгвэл сүүлийн үед суурин иргэншилтэй газруудад хөл нүцгэн явдаг “моод” дэлгэрээд буй аж.
Манай хойд хөршийнхөн ч үүнээс хоцорсонгүй. Екатеринбургийн гудамжинд иймэрхүү дүр зурагтай байна. Гутал, оймс өмсөхөд бие махбодийн мэдрэх чадварыг бууруулж, дэлхийгээс хөндийрүүлдэг хэмээн хөл нүцгэнчүүдийн холбооны гишүүд ярьжээ. Оросын хэд хэдэн хотод байгуулагдаж, хүрээгээ тэлж байгаа тус холбооныхон театрт очихдоо ч гутлаасаа татгалздаг гэнэ. Одоогоор хуулийн ямар нэгэн зохицуулалт байхгүй учраас тэд дуртай газартаа тавхайгаа гялалзуулж яваа аж.
Гэхдээ ийм байдал удаан үргэлжлэхгүй бололтой. Учир нь Новосибирск хотын мээр хөл нүцгэн хүн метрогоор зорчихыг хориглосон байна. Сонирхуулахад, эртний Грект эрчүүд 18 нас хүрээд гутал өмсөх эрхтэй болдог байж. Сократ ухаанаа төвлөрүүлэхийн тулд хөл нүцгэн алхдаг байжээ. Францын хаан IV Генрих, Лев Толстой, Александр Суворов нарын алдартан мөн гутал өмсөх дургүй байсан гэдэг.
Э.ХАНА