Америкийн “National geographic” нийгэмлэг, Сан Диего дахь Калифорнийн их сургуулийн судлаачид хамтран Чингис хааны булшийг хайж буй тухай “Washington Post” сонинд гарчээ. “Хааны хөндий” нэртэй энэхүү төслийг “National geographic”-ын судлаач Альберт Лин удирдаж, судалгааны багийнхнаас гадна олон улсын 7000 гаруй хүн уг ажилд оролцож байгаа гэнэ.
Хиймэл дагуулаас авсан Монголын газрын 85.000 орчим зургийг судлах ажлыг тэдэнд хуваарилжээ. Тухайн бүсэд оршдог гол, ус, зам зэргийн байршлыг тэд цахим сүлжээгээр байнга мэдээлдэг аж. Судалгааны багийнхан өнгөрсөн зун Монголд ирж, тэдгээр бүс нутгийг судалсан ч дорвитой үр дүнд хүрээгүй аж. “Майя, азтек зэрэг эртний иргэншлийн тууриуд олдож, 3000 жилийн өмнө амьдарч байсан хүний булшийг ч нээсэн.
Тэгвэл Чингис хааны булш 800 жилийн настай учраас бидэнтэй харьцангуй ойр байх учиртай. Дэлхийн түүхэн дэх агуу удирдагчийн бунхныг олно гэдэгтээ итгэлтэй байна. Олон хүний хүч, ухаан, компьютерийн өргөн мэдээлэл бидэнд энэ боломжийг олгоно” хэмээн Альберт Лин ярьжээ.
Б.ЭГШИГ