Мадридын консерваторийн профессор, төгөлдөр хуурч Б.Мэндмаатай цахим шуудангаар харилцлаа. Монголынхоо нэрийг өргөж яваа тэрбээр Испанид ажиллаж, уран бүтээлээ туурвидаг юм.
-Сайн байна уу, уран бүтээл, ажил үйлс өндөр үү?
-Сайн энэ сарын 9-нд Мадрид хотноо хоёр төгөлдөр хуур, дөрвөн гарт зориулсан зохиолуудаар тоглолт хийх гэж байна. “Ateneo de Madrid” танхимд “Duo Grieg” нэртэй тоглолт болох юм. Оросын төгөлдөр хуурч Вадим Гладков бид хоёр энэ удаа A.Aренскийн “Сюит”, С.Рахманиновын 11 дүгээр зохиолыг тоглоно. Өмнө нь тоглож байгаагүй учраас бидний хувьд шинэ бүтээл. Энэ зохиолыг эртнээс тоглох хүсэлтэй байлаа.
-Та хоёрын бие даасан тоглолт юм уу?
-Үгүй ээ. Тоглолтын хоёрдугаар хэсэгт Ф.Шубертийн “La Trucha” зохиолыг таван хөгжимчин тоглоно.
-“Ateneo de Madrid” танхим хэдэн хүний суудалтай вэ?
-Мадридын төв хэсэгт байрлах “Ateneo de Madrid” 300 суудалтай. 150 гаруй жилийн түүхтэй, эртний барилга юм билээ.
-С.Рахманиновын 11 дүгээр зохиол гэсэн. Оноосон нэргүй юм уу?
-Хөгжмийн зохиолчид бүтээлээ дугаарлаж нэрлэсэн байдаг. Энэ зохиолоо С.Рахманинов нэлээд залуудаа бичсэн. A.Aренскийн “Сюит” 15 дахь зохиол нь. Тэгэхээр мөн л залуудаа бичсэн гэсэн үг.
-Баярлалаа. Таны уран бүтээлд амжилт хүсье.
С.СЭРГЭЛЭН