Бичиг баримтыг алдаагүй, цэвэр, хурдан шуурхай, стандатын дагуу үйлдэх нь хувь хүний соёлын нэг үзүүлэлт. Багш, судлаач Ч.Баяртогтох “Баримт бичиг боловс руулах арга зүй” хэмээх номоо байгууллагын удирдлага, нарийн бичиг, архив бичиг хэргийн ажилтнууд, энэ чиглэлээр сурч буй оюутнуудад зориулан гаргажээ.
2011 оны хоёрдугаар сарын 10-наас шинэчлэн мөрдөж байгаа баримт бичгийн цуврал стандартыг тусгасан энэхүү гарын авлага аливаа байгууллагын үйл ажиллагааны чухал хэсэг болсон баримт бичиг боловсруулах, баталгаажуулах, явуулах, бүртгэх, хяналт тавих зэргийг стандартад нийцүүлэн хэрхэн гүйцэтгэх талаар бүрэн ойлголт өгнө.
Захирамж, тогтоол, тушаал, албан бичиг, тэмдэглэл, төлөвлөгөө, тайлан, тодорхойлолт, гэрээ зэрэг 29 нэр төрлийн баримт бичиг зохиож бүрдүүлэх аргачлалыг бүрдэл тус бүрээр дэлгэрэнгүй тайлбарлаж, жишээний хамт оруулжээ.
Мөн бид өдөр тутмын амьдралдаа түгээмэл хэрэглэдэг өргөдөл, оюутны реферат, курсийн болон дипломын ажлыг яаж бичих тухай зөвлөмж, албан хэрэг хөтлөлттэй холбоотой хууль тогтоомжийн заалтыг ч эндээс харах боломжтой. “Баримт бичиг боловсруулах арга зүй” номыг УИД-ийн номын тасаг, III хорооллын “Номин” их дэлгүүр, Урт цагааны “Номын коллектор” болон “Интерном”, “Мир”, “Аз хур” сүлжээ дэлгүүрт худалдаалж байна. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 99004699 утсанд хандаарай.