Хөх уулс, ногоон зүлэг, цэнхэр гол... Эдгээр өнгийг багачуудын төсөөлөн бодож бүтээсэн байгалийн зургаас харж болно. Харин томчууд ийм өнгөөр илэрхийлдэг гэж үү. Тэд илүү бодит сэтгэдэг. Хийсвэрлэвэл мэдээж давж сэтгэнэ. Харин уржигдар “Занаду” арт галерейд нээлтээ хийсэн “Үүлсийн чөлөөнд” үзэсгэлэнгээр ороод гарахдаа зураачид жаахан хүүхдийн гэмээр өнгөөр байгалийг дүрсэлснийг олж хараад гайхлаа. Б.Эрдэнэбат, Т.Баатарцог нарын хамтарсан үзэсгэлэнд 30 гаруй бүтээл багтаж буй.
Зургийг алсаас харсан ч өнгө нь тодорно. Хүмүүсийн эгэл хэмээн үзэж төдийлэн анхаарал хандуулдаггүй байгалийн хэсгүүдийг уран зурагт хурц тод, олон өнгөний зохицол хийгээд амьдрал ахуйтай нь хамтатган дүрсэлсэн нь энэ. Тэд Дүрслэх урлагийн дээд сургуулийг Ц.Нарангэрэл багшийн урланд суралцан дүүргэсэн аж. Хоёулаа байгалийг “магтан дуулах” дуртай учраас жил бүр тус галерейгаас зохион байгуулдаг “Сэтгэгдэлд төрсөн байгаль” үзэсгэлэнд оролцдог гэсэн.
Тэр ч бүү хэл зураач Б.Эрдэнэбат Голландад болсон “Гэргүйгээр Монголыг төсөөлөхөд” үзэсгэлэнд эх орноо төлөөлөн оролцож байжээ. Байгалийг ийнхүү хурц, тод өнгөөр дүрслэхийн давуу талыг зураач Т.Баатарцог “Экологийн асуудлыг хурцаар хөндөж буй өнөөгийн нийгэмд эх дэлхийгээ өнгө будгийн гайхалтай зохицлоор олон нийтэд хүргэх нь унаган төрхөө хэдийнэ алдсан байгалийн сайхныг эргэн сануулж, эргэцүүлэн бодох боломж олгож байгаа юм” хэмээн тайлбарласан.
Үзэсгэлэн энэ сарын 23 хүртэл үргэлжилнэ.
Ж.Солонго