1961 оны эл өдөр Юрий Гагарин сансарт нисэж, хүн төрөлхтний түүхэнд нэгэн шинэ хуудас нээж байсан бол 1974 онд Увс аймгийн Хяргас суманд Баянмөнхийнх бүл нэмж, отгон хүүгээ өлгийдөн авчээ. Түүхэн өдөр төрсөн тул Ганхөлөг нэртэй болох шахсанаа бас ойр дотнынхон нь түүний төрсөн өдрийг тэсэн ядан хүлээдэг байсныг Монгол Улсын гарьд Б.Гантогтох сонирхууллаа.
-Юуны өмнө танд төрсөн өдрийн баярын мэнд хүргэе. Баяраа хэрхэн тэмдэглэх гэж байна вэ?
-Төрсөн өдрөө ихэвчлэн гэр бүл, найз нөхдийн хүрээнд цомхон тэмдэглэдэг. Өнөөдөр ч бас тэгж л тэмдэглэх болов уу.
-Багадаа энэ баярыг хэрхэн тэмдэглэдэг байв?
-Би айлын отгон хүү учир ах, эгч нарын маань төрсөн өдрийг нэгтгээд дөрөвдүгээр сарын 12-нд тэмдэглэчихдэг байсан. Тиймээс миний төрсөн өдрийг ойр дотнын хүн бүр тэсэн ядан хүлээдэг байлаа. Энэ өдөр Ю.Гагарин сансарт ниссэн тул хүн төрөлхтний баярын өдөр. Тиймээс миний төрсөн өдрөөр сансрын хөлөг хэлбэртэй бялуугаар ширээгээ чимдэг байсан. Тэр ч байтугай надад Ганхөлөг гэдэг нэр өгөх гэж байсан юм билээ. Гэтэл хоёр ахыг маань Төртогтох, Буянтогтох гэдэг тул ижилсүүлж Гантогтох гэдэг нэр хайрласан гэсэн.
-Төрсөн өдрөөрөө авсан бэлэгнүүдээс хамгийн дурсгалтай нь юу байв?
-Аав минь надад манан хөөрөг бэлэглэж байсан нь хамгийн дурсгалтай нь. Одоо ч тэр хөөргөө барьдаг.
-Бэлтгэл сургуулилалтаас болоод тэмдэглэж амжихгүй байх үе тохиодог уу?
-Заримдаа гадаадад эсвэл ажлаар явж байх үе ч тохиодог. Гэхдээ өөрөө баярлахаас илүүтэй аав, ээждээ баяр хүргэхийг урьтал болгодог.
-Энэ удаа манай сониноор дамжуулан баяр хүргэх боломжтой шүү дээ.
-Хорвоод мэндэлсэн өдрөөс эхлэн асарч, халамжлан өдий зэрэгт хүргэсэн аав, ээж хоёртоо эрүүл энх, сайн сайхныг хүсэхийн ялдамд цаашдаа спортын олон олон алдартныг төрүүлээрэй гэж ерөөе. Ээж минь 44 жил багшилсан буянтай хүн. “Шонхор” клубт амьдрах ухааны хичээл заадаг тул манай клубийнхэн “Өндөр ээж” гэж авгайлдаг. Тиймээс аав ээжийн минь төрүүлсэн тамирчин хэдэн мянгаар тоологдох болов уу. Энэ гавьяатай үйлсэд нь амжилт хүсье.
О.УНДАРМАА