Өдгөө 55 настай Синди Жексон эхээс төрсөн биеэ “засварлаж”, гоо сайхны хагалгаанд 55 удаа оржээ. Нөр их “хөдөлмөр”-ийн дүнд хүссэн төрхөө олж авснаас гадна гоо сайхны хагалгааны аварга гэсэн тодотголтойгоор Гиннеcийн номд нэрээ бичүүлжээ.
Тэрбээр 1970 оноос эхлэн их засварт орж, эрүү нүүрний хагалгаанд тав, хэвлий, хөл гээд нийт 55 удаа мэс засал хийлгэхдээ 100.000 доллар төлжээ. Түүнийг амьд Барби хэмээдэг аж. Дэлхийд “данстай“ болсон тэрбээр “Хөөрхөн царай, гоолиг биетэй болоод зогссонгүй Гиннесийн номд нэрээ мөнхөллөө. Би залуу, сайхан харагдахын тулд гоо сайхны бүх төрлийн хагалгаанд орсон.
Гэхдээ одоо шууны хэсгээ дахин янзлуулмаар байна. Энэ хэсгийн арьс хүний насыг “ховлочихдог” болохоор байнга анхаарах хэрэгтэй” хэмээн ярьжээ. Зураач мэргэжилтэй Синди Жексон эцгээсээ багагүй хөрөнгө өвлөн авсан бөгөөд гоо сайхны хагалгаанд орохоор 1970- аад онд Америкийг зорьжээ. Анхандаа Францын жүжигчин Брижит Бардо шиг болохыг хүсдэг байсан гэнэ.
Ж.ЭРДЭНЭ