Оросын ардын жүжигчин, Красноярскийн ДБЭТ-ын ерөнхий удирдаач А.П.Чепурной маргааш Монголд ирнэ. Манай улсад хоёр дахь удаагаа ирж буй тэрбээр Ж.Вердийн “Аида” дуурийг удирдах юм. Тус театрын уран бүтээлчид өнгөрсөн арванхоёрдугаар сард энэхүү дуурийг концерт хэлбэрээр тоглож байсан. Тэгвэл энэ сарын 30-нд тэд “Аида” дуурийг сонгодог хэлбэрээр нь Монголд анх удаа тавих юм.
Уг бүтээлийг анх Египетийн Каир хотод 1871 оны арванхоёрдугаар 24-нд тоглосон бол жилийн дараа Италийн Ла Скала театрт тавьж дэлхийд танигдсан түүхтэй. Дөрвөн бүлэг, долоон үзэгдэлтэй дуурийг А.П.Чепурнойгоос гадна урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү удирдах бөгөөд Аидагийн дүрийг гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг бүтээх аж.
Б.ГАНДИ